Гэрэл зургийг www.mpa.mn-c ашиглав

Ойр өдрүүдэд усархаг бороо орж байна. Энэ сард үргэлжилсэн устай бороо орно гэдгийг сэрэмжлүүлсээр буй. Тэгвэл Улаанбаатар "Усанбаатар" болоод байна. Тухайлбал, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан,  44 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тэдний 29 том хүн, 15 нь хүүхэд байсан аж. 

Нийслэл хотын гудамж, талбай үерт автаж явган хүн явах боломжгүй болж байна. Үүний тод жишээ нь, Нийслэлийн Хан-Уул дүүргийн  12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”,  “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК,  “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсгаж, аюулгүй болгож онцгой байдлынхан ажиллав.

Их хотын иргэд борооны шүхэр, усны гуталгүй бол усанбаатарын гудамжаар явна гэдэг хүндхэн даваа болоод байна. Ядаж автозамаа ус зайлуулах хоолойтой барих зарчмыг баримтлах, замын тогтож үерлэсэн усыг соруулах машиныхаа тоог нэмэхэд л шийдэгдчих асуудал биз дээ Хотын мээр ээ? 

Хорин нэгдүгээр зууны иргэд борооны усыг туучаад гараад байх нь хэр зохистой вэ. Эрүүл мэндээрээ хохирохгүй гэсэн батлагаа алга. Элдэв халдварт өвчин дэгдэхгүй гэх үндэслэл ч байхгүй байна. Жилийн жилд зун болохоор бороо ордог гэдгийг мэддэг байж ядаж шинээр тавигдаж байгаа зам талбайдаа ус зайлуулах хоолойг суурилуулж болмоор санагдах юм.