Ямар ч атугай тэгэхэд  би сэтгэл  зүрхэндээ тээж очсон хамаг мөрөөдлөө  тэнд гээчихсэн нь яалт ч үгүй үнэн гэдгээр энэ дурсамжийн салхийг хагалъя.  “Тэнд” гэж  Богд хаан уулыг арлан алсын Ангар Енисейг зорин хөвөлзөх хатан Туулын уудам тэнүүн   хөндийд мөнөөх нэр цуутай Хүн чулууны хонхор гэдгийн  баруун хаяа руу хошууран түрж тогтсон Тасган овооны баруун хойд энгэрийн нар тоссон налгархан шаргал дэнжийг хэлж байна. Би бээр тэр үед  чухамхүү тэнд ямархан хүсэл мөрөөдлөө гээсэн бэ хэмээхийг  дэлхий дахинаараа сайн мэддэг жишээгээр зүйрлэн дүйцүүлбэл Монголын Би Би Си, Монголын Эйн Эйч Ке, Монголын КБС, шиг Монголын хараат бус радио телевизийн системийг бий болгохсон гэж мөрөөдөж, монгол ардын хэллэгээр бол чухам л сөртөнгөө сөнөтөл хөөцөлдөөд чадаагүй  орхисон тул түүнийгээ “хамаг мөрөөдлөө гээсэн” гэж байгаа юм.

 

Дуртган өгүүлэх нь. Тэртээ 1990 оны хавар гэнэтийн нэгэн явдал болсон юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод удаагүй байсан Гомбожавын Очирбат гуай намайг БНМАУ-ын Мэдээжлэл, радио телевизийн хороо (МРТУХ)-ны дарга болгох саналтайгаа  хэллээ. Миний ажилладаг  “Үнэн” сонины  ерөнхий эрхлэгч Л.Түдэв  дэмжлээ. Нутгийн танил  зарим нөхдөөс сэмхэн шивнэж асуулаа. “Оч оч” л гэлцэж  байна. Тэндэхийн дарга байсан хуучин танил, Ардын  намын төв хороонд байхад манай хэлтсийн эрхлэгч агсан Ч.Түмэндэлгэр дарга маань “Шалавхан хүрээд ирээч, намайг огцор гэж шаардаж шахаад тун хэцүү  байна” гэж  учирлана. Миний сэтгэл  бүтэн арван жил ээнэгшиж идээшсэн “Үнэн” сониныхоо ажлаас салж ядан  хоргодно. Гэвч  манай нам, миний итгэлт сайн нөхөд тийнхүү  хүсээд байгаа болохоор яадаг ч байсан очоод үзье гэж шийдлээ. Төрийн тэргүүн бас дэмжиж байсан шиг байгаа юм. 1990 оны тавдугаар сарын 22-ны өдөр Төрийн шийд гарлаа. Тэр үеийн нэрээр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч би МРТУХ-ны  дарга болоод орхилоо. Чингээд зарлигаар томилогдсон тус Хорооны тав дахь дарга боллоо доо.  1960-аад оны дарга  нь С.Жалан-Аажав гуай,  тэгээд С.Пүрэвжав гуай, дараа нь Л.Зантав, Ч.Түмэндэлгэр тэгээд би. Ч.Түмэндэлгэрийг надаар солино гэдэг нь миний бодоход   алтыг гуулиар солихтой агаар нэгэн байсан гэж  дотроо боддог. Гэхдээ  цагийн шуургыг яалтай ч билээ, би гэдэг хүн  ямарч атугай   Ш.Гунгаадоржийн тэргүүүлсэн шинэ засгийн газрын нэгэн гишүүн болчихдог  юм байна.  Нутагсах талаас харвал Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас  төрийн сайд зэргэмжийн  албан тушаалтныг  дэвшүүлэн  гаргаж ирсэн анхны   тохиолдол  байлаа. Би нэг л үнэнийг  лавтай сайн мэдэж байв. Юу гэвэл би өөрийн сайнаар тодорч дэвшээгүй гэдгийг  сайн мэднэ.  Тиймээс  алс бөглүү нутгийн ядуу малчны гэр бүлээс  гаралтай өчүүхэн хүн надад тийм их итгэл найдвар өгсөнд юуны өмнө хүндэт эрхэм Г.Очирбат, П.Очирбат, Ш.Гунгаадорж, Л.Түдэв, АИХ-ын нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл, АИХ-ын тэргүүлэгч гишүүд  болон  тухайн үеийн нам, төр, засгийн газрын холбогдох зүтгэлтнүүдэд чин сэтгэлээс талархаж явсныг, эдүгээ ч талархаж яваагаа дурсан тэмдэглэхэд нэн таатай  байна.  Гэвч би гэдэг унхиагүй  амьтан чинь төр түмнийхээ тэрхүү итгэл найдварыг нь олигтой биелүүлж  чадахгүй байж байгаад халагдсан тул төр түмэндээ хүлцэл  өчих нь зөв өө. Тэр албанд ердөө дөрвөн сар тав хоног тэссэн буюу 125 хоног л Улсын хорооны дарга  (Засгийн газрын гишүүн) байсан  байх агаад  XX зууны монгол төрийн түүхэнд ийм богино хугацаанд сайдын сэнтийд  суусан сайд гэж  байхгүй л болов уу. Ёстой л ”Шидийг олоод нисэх дөхөв, шидэмсээр боолгоод үхэхийг шахав” гэдэг шиг  юм болоод өнгөрсөн.

 

Хувьсгалт их эргэлтийн үед энэ байтугай  хэцүү юм болдог л гэх тул  ял зэмд өртөхгүй зүгээр л халагдаж өөр ажилд шилжсэн нь их л азтай  учрал мөн  байсан буй за.  Харин энэ удаа тэр л  эгзэгтэй хүнд цаг үед хамт ажиллаж ачааны хамаг хүндийг үүрч  гарсан Монголын радио, телевизийн бүтээлч хамт олны талаар өөрийн үгийг хэлэх учиртай гэж сананам. Миний тэнд очих тэр үеийн тус хорооны хамт  олон гэдэг чинь хоёр мянгаас хол давсан орон тооны ажилтантай, үгээр бүрэн илэрхийлэх аргагүй сүртэй том байгууллага байсныг санаж байна. Намайг очих үед манай хорооны орлогч дарга нар нь Ю.Эрдэнэтуяа, М.Чойжил, С.Баяр, Дэлэгсүрэн нар байсан. Дараа нь В.Бат-Эрдэнэ,  Төрмандах, Гарам-Очир нар манай хорооны орлогчоор томилогдон ажиллаж байсан. МОНЦАМЭ нь бие даасан тусгай агенлаг  болж манайхаас өрх тусгаарласан бөгөөд Т.Галдан гэдэг сэтгүүлч түүний дарга болсон санагдана. Манай хуучин шинэ орлогч дарга нар ажилдаа гаршсан, өндөр мэргэжилтэй, үнэнч сайн дарга нар байсан. Манай хороонд 2000 гаруй хүн ажиллаж байсан тул тэр бүхнийг нэрлэх боломж байхгүй. Энд  бүүр түүрхэн  санаж байгаагаар заримыг нэр цохон дурдвал Д.Хишигт, Хишгээ, Цэенханд,  Дожоодорж, Бадрах, Б.Дорж, П.Мишиг,  Б.Бадрууган, Цэвэлсүрэн, Х.Наранжаргал, Г.Золжаргал, Авирмэд, Ёлко, Чулуунбаатар, Цоодол, Бямбаа, Доржбат, Ш.Гүрбазар, Гүнсэн, М.Цагаан, Д.Амбасэлмаа, Чулуунбат, Сандуйжав, Чойжамц, Б.Цэдэндамбаа, Чимиддорж, Шагдарсүрэн Ж.Батбаяр, Жанцан, Цэцгээ, Билгээ, Батсүрэн, Рагчаа, Д.Нямаа, Буянхишиг, М.Цагаан, Шийрэв, Дүгрээ, Галдан, Ж.Роозон, Авирмид, Базарваань, Мөнхөө, Ч.Эрдэнэ, Бя.Энхтуяа, Зундуйн  Дорж, сан Пүрэв, Норов, Барааннасан, Сүрэнжав, Тогтох, Цэвэлмаа, Нэмэхбаяр, Л.Лхагвадулам, Жаргал, Батсүх, Шаравдорж, Мятав гээд үнэхээр л домог болсон нэрт уран бүтээлчид энэ том айлыг авч явсан байдаг тул тэдэндээ талархал дэвшүүлэхэд оройтоогүй гэж санана. Тэгэхэд  улс орны бүх юм  одоотой адил  байгаагүйг хэлэх нь зөв байх. Улсын хэмжээгээр ганцхан радио, телевизийн байгууллагатай байсан. Хөдөөгийн иргэд үндсэндээ  тэрхүү радиогоо л   зонхилон  сонсдог, хот суурины айл өрхүүд ганц телевизээ үзэж түүнд итгэж үнэмшдэг байсан хэрэг. Энэ утгаараа 1990-ээд оны Үндэсний радио телевизийн нийтлэл нэвтрүүлэг гэдэг нь Монголын бүх ард түмний хувьд хорвоо дэлхийн  хамаг чухал  явдал суудлыг харах  нүд, сонсох  чих, таних мэдрэмж нь бас цаашдын зам чигийг зааж өгдөг   хөтөч, оюун санааны улаач болдог, дагадаг байсансан. МРТУХ-ны алтан үеийнхний гэгээн  цагаан үйлсийг хүмүүн бид мартаж болох боловч XX зууны Монголын түүх хэзээ ч мартахгүй ээ. Би өнгөрсөн үеийг бүхэлд нь ингэж л хардаг. МРТУХ-ны түүх бол Монголын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтдаа туурвин бүтээсэн цагаан  түүхийн  нэгэн  гал голомт яалт ч үгүй мөн билээ. Тэд зөвхөн  тэр л нэгэн түүхэн цаг үеийн алдарт соён гэгээрүүлэгчид байсан төдий биш 1980-аад оны сүүл үеэс хүчээ авсан шинэ ардчилсан үзэл санааны  үүр уурхай, түүнийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх хүчирхэг дуу хоолой     мөн байсныг тэмдэглэх нь миний үүрэг мөн буй за. Өнгөрсөн зууны 1980-аад оны сүүлчээс тасралтгүй  дамжуулсан ардчилал шинэчлэлийн  үйл явцын мэдээ баримт нь нийгмийн  сэтгэл оюуныг өдрөөс өдөрт хувьсгалжуулан донсолгож байсныг нэмж дурдах хэрэгтэй байх. М.Чойжил даргатай Монголын радиогийн “Нэгдэл гэдэг айл нэг л биш ээ”, ”Дөрөө даахгүй гутал” зэрэг асуудал хөндсөн олон арван радио нэтрүүлэг, Ю.Эрдэнэтуяа даргатай монгол телевизийн сэтгүүлч Дожоодорж, Алтангэрэл  тэргүүтний төрийн  сайд, дарга нартай хийж байсан цуврал теле ярилцлагууд, дугуй ширээний яриа, телевиз радиогоор тухай бүр дамжуулсан төр, засгийн удирдагчдын удаа дараагийн мэдэгдэл, тогтоол шийдвэр бүхэн шинэ ардчиллын төлөө тэмцлийн буухиа элч болж байсан.

 

Монголын радио телевиз хэмээх энэ их айл нь хувь хүн надад хишиг буянаа харамгүй хүртээсэн байх тул баяр талархлын сэтгэл өвөрлөж явдаг. Юуны өмнө энд байхдаа хувьсгалт хэвлэлийн 70 жилийн ойгоор 1990 оны арваннэгдүгээр сард “Үнэн” сонин, Монголын сэтгүүлчдийн байгууллагын санал, тодорхойлолт хийгээд Ардын намын удирдлагын дэмжлэгээр  БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг өндөр алдар цол хүртсэн. Монголын төр ард түмэн намайг гавьяат үйлс бүтээсэн нэгэн гэж үнэлсэн гэхээс илүү цаашид их үйл хэрэг бүтээгээсэй гэж хүсэн хүлээсэн захиа даалгавар байсан байж таарна.

 

1980-аад оны сүүлээр миний чадан ядан бичиж асан “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах вэ?”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Ухрах зай хугацаа байхгүй”, “Замаа алдсан зам”, “Хөл нүцгэн сэхээтэн” гэсэн  асуудал сэдсэн шүүмжлэлт нийтлэлүүд голлож нөлөөлсөн байх  гэж   танилууд маань  ярьж байсан. Түүнчлэн 1990 оны улсын баяр наадмын жагсаалыг  энэ насандаа  анх удаа тэр үеийн Сүхбаатар Чойбалсангийн бунхант хүрэн индэр дээрээс харж байсныгаа одоо хүртэл бахархан дурсаж явдаг. Тус байгууллагын буянаар  энд байсан тоотой хэдхэн хоногийн хугацаанд  тив дэлхийн  олон газар орноор явж нүд тайлсныгаа  мартдаггүй.

1991 оны зун бид Их Британийн Засгийн газрын урилгаар тэнд очиж  алдарт  Би Би Си-гийн  удирдлагатай уулзаж, албан байранд нь орж танилцаж явлаа. Буцахдаа БНАГУ-д ажлын айлчлал хийж Транс теле, ЦДП телевизийн туршлагатай танилцаж явсныг басхүү ховорхон завшаан гэж боддог. 1990 оны наймдугаар сарын эхээр тэр үед манайтай дипломат харилцаа хараахан тогтоогоогүй байсан БНСУ-ын КВS-ын урилгаар айлчилж  БНСУ-ын гадаад  харилцааны сайдтай нь уулзаж, Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн талаар танилцуулж  бас КBS-тай хамтын ажиллагааны анхны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан. Энэ  нь тус хоёр улсын Засгийн газрын  шугамаар хийсэн  анхны албан ёсны арга хэмжээ байсан байх ёстой. Мөн оны намар Японы Эн Эйч Ке-тэй хамтын ажиллагааны хэлэлцээр  байгуулсан  байгаа.  МРТУХ-ны дарга байх хугацаанд тохиолдсон бөгөөд заавал эргэн дурсах учиртай нэгэн гэгээн баримт надад  хадгалагдаж байдаг.

 

Миний  өнцгөөс харахад 1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга  болсон даруйдаа Ардын намын идэрхэн  гишүүн асан Пунсалмаагийн Очирбат гэдэг эр, төр нийгмийн том зүтгэлтэн маань Ардын намд ихээхэн талтай, их л  уян хатан, санаачилгатай сайн ажиллаж байсан санагдана. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга болсноосоо ердөө дөрвөн сарын дараа  миний саналыг хүлээн авч МРТУХ-ын  бүх ажилтан ажилчидтай Төрийн ордны их танхимд уулзаж  тэдний  хүсэлт саналыг нь сонссон. Энэ бол монголын радио телевиз болон   монгол төрийн тэргүүний түүхэнд өмнө нь байгаагүй түүнээс хойшх 30-аад жилд ч ер  үзэгдэж харагдаагүй тэмдэглэлт  үйл явдал байсансан. Манайхан ч нөхцөл байдлаа сайн ойлгуулж ярьсан юмдаг. Тэгээд тэнд яригдсан санал шүүмжлэлийн дагуу АИХ-ын тэргүүлэгчид нэг их сайхан Тогтоол гаргаж өгсөн. Даргын туслах Р.Батаа гэдэг үнэнхүү ухаалаг  хүн их сайхан сэтгэлээр хандаж тусалсан. 83 дугаар тогтоол гэж сайхан тогтоол байсан юм. Монголын төр, засаг түүхэндээ тус салбарын талаар энэхүү Тогтоол шиг тийм чухал шийдвэр нэгмөсөн гаргаж байгаагүйг бас  онцлоё.  Бүрэн эхээр нь энд сийрүүлье.

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр  Дугаар 83.

 

Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны хөдөлмөрийн хамт олноос  тавьсан зарим асуудлыг шийдвэрлэх тухай:

 

Манай орны нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөн байгуулах их үйлсийг эрчимтэй өрнүүлэх гол хүчин зүйлийн нэг нь болсон үнэн зөв мэдээллийг түгээх үүрэгтэй Радио, телевиз, МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэх явдал нийгэм, улс төрийн онцгой ач холбогдолтойг үндэслэхийн хамт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны ажилтан ажилчидтай хийсэн уулзалтын үед гарсан санал хүсэлтийг харгалзан ТОГТООХ НЬ:

 

1.БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд даалгах нь:

 

а. Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, Холбооны яамны саналыг үндэслэн Монголын радио, телевиз, МОНЦАМЭ агентлагийн техникийн баазыг шинэчлэх арга хэмжээ боловсруулж ойрын жилүүдэд хэрэгжүүлэх:

б. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны сурвалжилгаа, үйлчилгээний зориулалтын автомашины паркийг сурвалжлах ажлын хэрэгцээ шаардлагыг харгалзан шинэчлэх арга хэмжээг 1990-1992 онд авах.

Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа /н.ЭНЭБИШ/-д даалгах нь:

а. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны ажилтан, ажилчдад зориулан 1990-1991 онд жил бүр 36-аас доошгүй айлын орон сууцыг тус хороонд хуваарилан олгох:

б. Мөн хорооны ажилтан, ажилчдын 300-гаас цөөнгүй хүүхдийг ойрын хоёр жилд багтаан цэцэрлэг, яслид хамруулах арга хэмжээ авах.

в.Улсын гэрэл зургийн газрын одоо байрлаж байгаа байшинд оршин  суугч айл өрхүүдэд орон сууц олгох замаар уг байрыг чөлөөлөх арга хэмжээ авах.

г. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны сурвалжилга, үйлчилгээний автомашины гараашид зориулалтын бэлэн барилга олгох асуудлыг шийдвэрлэж өгөх.

 

3.Соёл урлагийн дээд сургуульд 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн Радио, телевиз, кино найруулагчийн анги нээн хичээллүүлэхийг Соёлын яам /н.БАЛЖИННЯМ/, Мэдээлэл радио, телевизийн улсын хороо /н.ЦЭВЛЭЭ/-д даалгасугай.

 

Дэлхийн улс орнууд мэдээллийн шинэ журамд шилжих мэдээллийн үнэ цэнэ өсөн нэмэгдэж буй өнөө үед өөрийн орны тухай гадаад мэдээлэл, сурталчилгааны ажлыг хүчтэй болгохын хамт манай улсад гадаадын хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевизийн сурвалжлагчид мэдээлэл, сурталчилгааны сурвалжилга хийх, фото, телекино, зураг авах зөвшөөрөл олгох, төлбөрт үйлчилгээний нэгдсэн журмыг холбогдох газруудтай хамтран боловсруулж мөрдөхийг Мэдээлэл радио, телевизийн улсын хороо / Х.Цэвлээ/-д даалгасугай гэсэн байдаг юм.

 

Өнөөгийн төр баригч улстөрчдийн  зүүдэнд нь ч оромгүй зангаргатай  Тогтоол байсан   гэж бодож байна.

Ингэж л  тус салбарт улс төр, ёс суртахууны цоо шинэ  урам зориг, хичээл зүтгэл, эрч хүч нэмсэн түүхэн шинэ эрин үе эхлэв  хэмээхээр  харагдаж байлаа. Үнэхээр Монголын Би Би Си, Монголын Эн Эйч Ке, монголын транстеле бий болох анхны алтан шан татаж, ногоон гэрэл асаалаа хэмээн харж байлаа. Тэгтэл эндүүрсэн байв. Тэр дорхноо 180 хэм эргээд явчихсан. Атаа хорсол, өш хонзон өвөрлөсөн улстөрчид тус салбарыг нүд ирмэхийн зуурт үгүй хийж бах таваа хангасан. Жаахан тодосговоос өнөөх тогтоол гараад хоёр сар зургаа хоног өнгөрч байхад 1990 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын бага хурал гэгч нь Монголын бие даасан Үндэсний радио, телевизийг  үндсэнд нь үгүй хийгээд хаячихсан гэж байгаа юм.

 

Үүнийг монгол түмний нүдийг сохолж,  чихийг бөглөсөн гэмт явдал  гэж болно байх. Тэгээд л манай хамт олныг  баярлуулсан мөнөөх гоё сайхан тогтоол нь нялхаараа архивын сан хөмрөгт үүрд нойрссон билээ.  Үнэхээр тоогүй  юм болсон. Тэр сайхан тогтоол тэр даруй тэгээд л өнгөрсөн боловч өнөөгийн төр, засаг Үндэсний  радио, телевизийг ингэж л тусгайлан харж үзэж чухалчлан дэмжиж байх учиртай гэдгийг хэлэхийн тулд энэ Тогтоолыг бүрэн эхээр нь энд сийрүүллээ.

 

Бас тэрхүү тогтоолыг биелүүлэх гэж Ш.Гунгаадоржийн Засгийн газар  бас их чухал протокол гаргаж өгсөн юмдаг. Тэр ч бас өнгөрсөн. Харин Засгийн авто баазаас гурван тооны “Чайк” хэмээх  машин  үнэгүй олгож байгааг Засгийн газрын  орлогч дарга Шаравсамбуу мэдэгдсэн. Түүний хоёрыг радио телевиз, нөгөө нэгийг МОНЦАМЭ авсан.  Радио, телевизийн мэргэжлийн ажилтан бэлтгэх заалт нь  идэвхтэн нөхдийн дэмжлэг санаачилгаар   биелэгдэж улмаар Радио, телевизийн дээд сургуулийн анхны суурь тавигдсан  байх учиртай. Бусад  заалт нь будаа болсон.

Манай хорооныхон техник, технологийн шинэчлэл хийхээр  томоохон төсөл хүртэл боловсруулж зохих газруудад хүргүүлсэн байдаг юм. Тэр бүхэн устахгүй яахан тэсэх билээ.  Радио, телевизийн саарал  байшинг  улс төржсөн, олз омог хайсан асар хортой  уур манан бүрхэж, манай тэндхийн мөнөөх налуухан бор ногоон дэнж хэзээ мөдгүй дэлбэ үсрэн оргилох гэж байгаа галт уул мэт чичирхийлж байснаар төсөөлбөл ойлгомжтой болно. Улс төрийн шалтгаанаар нэгнийгээ хардаж сэрдэх охорхон сэтгэл дэврэн буцалж байлаа. Намайг ч  их хардана. “Үг” сонинд мэдэгдэл гарч намайг огцруулахыг шаардаж байсан.  Ардын Намын Төв Хороо болон нам Засгийн төв хэвлэлд 20-оод жил ажиллаж  байсан болохоор  хажиглаж гадуурхах нь аргагүй байсан биз. Намайг анх томилсон зарлиг гарснаас хойш дөрвөн сар, тав хоногийн хугацаа  өнгөрч  1990 оны есдүгээр сарын 26-ны өдөр болоход  тэр үеийн Улсын бага хурал  /УБХ/ Монгол Улсын Засгийн газрын бүтцийг тогтоохдоо өмнө нь Засгийн газрын бүтцийг бүрдүүлдэг  амин чухал  бүрдэл болдог байсан Улсын төлөвлөгөөний хороо, Ардын хянан шалгах хороо, Шинжлэх ухаан техникийн хороо, Мэдээлэл, радио, телевизийн хороо гэсэн дөрвөн хороог байхгүй болгохоор хууль гаргасныг л тийнхүү улс төрийн хэлмэгдүүлэлт гэж нэрлэхэд хэтрүүлэг болохгүй. Тэгээд л Монгол гэдэг энэ улс  эрэггүй ус  мөрөн, эзэнгүй айл шиг задгайраад явчихсан. Буруу бүхнийг бусад руу түлхэж  чихэх нь хаашаа ч билээ.

 

Эцсийн бүлэгт хамгийн буруутай эзний нэг нь миний бие өөрөө  байсан гэж хүлээх  нь  зөв байх. Гол учир зүйг мэдэж байсан хүний хувьд тэрхүү хөнгөн хуумгай шийдвэрийг цуцалтал нь эрс тууштай эсэргүүцэн тэмцэж чадаагүй юм. Хэрэв тус хорооны анхны дарга агсан С.Жалан-Аажав гуай шиг нэр хүндтэй, нөлөөтэй, зангаргатай нэгэн дарга толгойлж байсансан бол Монголын үндэсний радио, телевизийг арай ч Засгийн газрын мэдэлд шууд өгчихгүй аваад үлдэх байсан  байх гэх  бодол заримдаа төрдөг л байсан.

 

Хожим бодож байхад тэр үеийн өөрчлөлтөд хугалах нугалах, хазайлгаж  хэлтийлгэх  эндэгдэл олонтаа гарч байсныг  цаг хугацааны шүүх нэгэнт илчилсэн, илчилсээр ч  байна. 1990-ээд оны зааг дээр сэтгэл гансрам  гунигтай явдал ч  гарч байсан. Ална хядна гэхчлэн манайхныг  байн байн дарамтална. Намайг ч бас адилхан ална л гэдэгсэн. 1990 оны арванхоёрдугаар сард манай телевизийн нэгэн удаагийн дурсамж нэвтрүүлгийн дараа  манай гэрийн утсаар “чамайг  гуравдугаар сарын 18-нд ална, харж л байгаарай” хэмээн заналхийлснийг санаж байна. Намайг үл тоомсорлох явдал байгууллага дотроосоо ч гардаг байсныг мэдэрч л байсан даа. Гэхдээ тэдний буруу гэж юу байх билээ. Миний л муугийнх байсан байж таарна. Манай телевизийн харьяанд байсан  телекино үйлдвэрийнхэн  бидэнтэй ярьж зөвшилцөхгүй сэмхэн “Өлзий” хэмээх телевиз байгуулснаа зарлаад тусдаа гараад явчихсан жишээний. Шинэчлэл өөрчлөлтийн шаардлагаар тус хорооны дотоод салбарын удирдах хүмүүсийн халаа сэлгээний явц дунд ямар нэг хэмжээний алдаа эндэгдэл гарсан  гэдгийг хүлээж байна.

Дахин хэлэхэд 1990 оны аравдугаар сарын 6-нд намайг мөнөөх Засгийн газрын дэргэд авчирсан Засгийн газрын радио, телевиз хэмээх агентлагийн ерөнхий захирлаар томилсон боловч удаан тэсч  чадаагүй ээ. Арван сарын дараа навс унаад орж ирсэн. 1991 оны наймдугаар сарын 14-нд Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн  албан өрөөнд төвийн хэвлэл мэдээллийн удирдах хүмүүсийг цуглуулаад “Монголын радиогоор Засгийн газрын бодлогыг ноцтой шүүмжилж  эсэргүүцсэн” гэж  мэдэгдэл хийсэн. Цугларалт тарах үед “Цэвлээ гуай тантай ярих юм байна” гээд Таныг Төр, засгийн хэвлэлийн нэгдсэн албаны даргаар тавимаар байна  гэсэн. Тэр нь ажлаас өөрчлөхийг арай аядуу утгаар ойлгуулсан мэдэгдэл байсныг ойлгосон. Тэгээд “Засгийн газрын мэдээ” сониныг байгуулахаар тохиролцож томилолт авсан. Миний дараа З.Алтай, Б.Өвгөнхүү, Мөнхтөр, Ө.Энхтүвшин, Б.Ганболд, Наранбаатар, Нинжжамц гэсэн хүмүүс тус байгууллагыг толгойлсон байх.

 

Энд зөвхөн Монголын радио, телевизийн салбарт ажилласан тухайгаа дурсаж байна. Тус салбарт  1990 оны тавдугаар сарын 22-ноос  1991 оны наймдугаар сарын 15 хүртэл нийтдээ 1.2  жил буюу сараар тоолбол 14 сар 23 хоногийн  хугацааг өнгөрөөсөн дүн гардаг тул энэхүү  дурсамжийн гарчигт 15 сар гэж бүдүүвчилсэн болно. “Араасаа асуудал дагуулсан” гэж  онцолж гарчигласан нь гучаад жилийн тэртээх  тэр үеийг өнөөдөртэй холбох гэсэн молхи нэгэн оролдлого төдий билээ. 1990 оны есдүгээр сарын 26-нд Улсын дөрвөн чухал хороог орлох бүтцийг бий болгохгүйгээр, бас тэдгээр хороодын саналыг сонсохгүйгээр шууд л хүчээр үг дуугүй татан буулгасан явдалд машид харамсдаг нэгэн гэвэл өтөл буурал өвгөн би байгаа юм. Учир гэвэл  эдгээр хороод нь тус орны амьдралыг жолоодон зохицуулахад ус агаар мэт хэрэгтэй байсан учраас улс нийгмийн хөгжлийн шаардлагаар гарч ирсэн агаад төр, засагт зайлшгүй байх учиртай чухал бүтцүүд байсан. Улсын төлөвлөгөөний хороо нь Ринчинпэлжээ, Л.Цэнд, Д.Моломжамц, Д.Содном, П.Жасрай, Ардын хянан шалгах хороо нь хөдөлмөрийн баатар генерал Ж.Жамъян, Ц.Молом, Ч.Молом, ШУТ-ийн хороо нь Д.Майдар, М.Даш, МРТУХ нь  С.Жалан-Аажав, С.Пүрэвжав, Зантав, Ч.Түмэндэлгэр гэсэн чин шударга, тууштай эх оронч шилдэг удирдах зүтгэлтний гараар дамжин тэдний санаачилга, хичээл зүтгэлээр ард олонд сайн сайхан үр шимээ хүртээсээр ирсэн  учраас Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх учиртай гэж санана. Хуучин үеийн  хүмүүн миний  өнцгөөс харахад эдгээр хороог татан буулгахын хамт Монгол Улс  байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг,  эзэнтэй ч юм, шиг эзэнгүй ч юм шиг,  Монголын төр  байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг, Монголын төр хуультай ч юм шиг, хуульгүй ч юм шиг, монголын төрт ёс  нь шүүхтэй ч юм шиг, шүүхгүй ч юм шиг  төрийн засаглал  нэг л хагас хугас, эрэмдэг зэрэмдэг байдалтай болсон гэдгийг Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа энэ үед цухасхан боловч    сануулъя гэж бодлоо.

 

Чингээд л мөнөөх засгийн хэдэн хороо болон прокурорын ерөнхий хяналтыг устгасан тэр үеэс эхлэн элдвийн муу  хулгай, залилан, авлига хээл хахууль, мөлжлөг, эд мөнгө, эрх ямба, албан тушаалын шунал тачаал олив долив гээд идэвхжээд ирсэн шиг байгаа юм.  Асралт гэгээн наран баруун уулсын цаагуур шингэхэд уулын сүүдэр баралзан томорсоор тал хөндийг нөмрөөд харанхуй бүрэнхий болоод ирэхийн цагт шөнийн ангуучин  араатан жигүүртнүүд босоод ирдэг шиг төрийн өмчийн луйварчид ил цагаандаа гарч эгэл жирийн олон түмнийг ажилгүй ядуу хоосон, амьдралын баталгаагүй болгож нэг ёсондоо эгэл шударга олон  түмний амьдрал аж байдлыг шууд л хэлмэгдүүлсэн байдаг. Үүнийг  л “араасаа асуудал дагуулсан” хэмээн онцолж байна. Тодосгох гэж оролдъё.

Өнгөрсөн 30-аад жилийн дотор   түлш шатахуун, мах талх гурил будаа,  орон сууц, газар  гээд  чухал хэрэгцээний  зүйлсийн үнэ үе үе хөөрөгдөх мэт нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Энэ нь мөлжлөг мөн үү  гэвэл мөнөөсөө мөн байсан. Чөлөөт валют, долларын ханш суга нэмэгдсэн үү гэвэл нэмэгдэхийн дээдээр нэмэгдсэн. Тэр тоолонд монгол төгрөгийн ханш навсайтал унаж байсан уу гэвэл унаж байсан.

 

Тэр бүхэн нь  бодит утгаараа  мөлжлөг  байсан уу,  дэмжлэг   байсан уу  гэвэл  мөлжлөг  хэмээгч нь мөнөөсөө мөн байж таарсан. Зээлийн хүү өндөр байна уу гэвэл өндөр байна. Мөлжлөг мөн үү биш үү гэвэл мөлжлөг хэмээгч нь мөнөөсөө мөн байсан. Зах зээлжсэн бусад оронд ажиллаж байгаа монгол хүн  цагт 25-30 доллар, өдөрт 200-300, долоо хоногт 1000-2000, сард 4000-6000 долларын хөлс авдаг гэж байна. Манайд түүнээс их байна уу, бага байна уу гэвэл хэд дахин бага байна. Тийм байгаа нь мөлжлөг мөн үү, биш үү гэвэл мөлжлөг мөнөөсөө мөн гэлцэж байна.

Чингэхээр Монголд хүмүүний амьдралын наад захын хэрэгцээний хүрээг хамарсан мөлжлөгийн  сүлжээ   байна уу, алга уу гэвэл мөлжлөгийн бүхэл бүтэн сүлжээ байж л байна. Тэдгээр нь шударга бусын  харанхуй хонгил мөн үү, биш үү гэвэл шударга бусын  хонгил мөнөөсөө мөн. Энэ мөлжлөгийн харанхуй хонгилоор Монголын ард түмнийг хорин хэдэн жил мөлхүүлсэн үү, үгүй юу гэвэл яалт ч үгүй  мөлхүүлсэн. Үүнээс болж Монголд ядуурал, ажилгүйдэл газар авсан нь үнэн үү, худлаа юу гэвэл үнэн. Тэгэхээр улсын дөрвөн хороог татан буулгасан 1990 оны есдүгээр сарын 26-ны өдрийн  шийдвэр нь шударга бус аргаар хөрөнгөжин баяжихыг хүссэн шударга бусчуудын авлига, хээл хахууль, мөлжлөгийн замыг ард түмний хурц хараа хяналтаас  зайлуулж замыг цэвэрлэж өгсөн  явдал мөн үү, биш үү гэвэл мөнөөсөө мөн байсан гэмээр харагдаж байна.

 

Хүссэн ч хүсээгүй ч эцсийн үр дүн нь  яалт ч үгүй ийм л харагддаг юм байна. Мөлжих,  мөхүүлэх,  үнэ ханш хөөрөгдөх,  цалин хөлсийг танах зэрэг шударга бус аргаар  хөрөнгөжихийг Монголын шинэ Үндсэн хууль  зөвшөөрдөг учраас л шударга бусаар хөрөнгөжих явдал түмний нүдний өмнө дээр дооргүй хавтгайрсан  хэрэг үү гэсэн  асуулт эндээс гарна. Тэгвэл Монгол орон даяар  Үндсэн хуулийнхаа эсрэг чимээгүй довтолгоон хийснээс шударга бусын хонгил бий болсон байгаа юм.

 

Баримт баталгаа байна уу гэвэл  байна. Тухайлбал, Монголын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах өмчлөх, өвлөх эрхтэй” гэж заасан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 зүйлийн гурав дахь заалтыг юуны өмнө нэрлэж болно. Энд шударга бусаар баяжиж болохгүй гэсэн үг байхгүй. Гэвч шударгаар хөрөнгөжих эрхтэй гэсэн нь шударга бусаар хөрөнгөжих эрх байхгүй гэсэн санааг далд утгаар давхар хэлсэн нь тодорхой байна. Шударга бусаар хөрөнгөжиж болохгүй гэдэг санаа нь цаашаа задрахаараа үнэ ханшийг үндэслэлгүй хөөрөгдөж үл болно, авлига хээл хахууль авч үл болно, төрийн нэрээр хулгай залилан хийж үл болно, бусдыг мөлжиж  үл болно  гэхчлэн түмэн утга түүнээс цацрах болно. Гэвч үнэ ханш хөрөгдсөөр, төр түмний өмч хөрөнгийг хулгайлсаар, авлигадсаар, мөнгө хүүлсээр, дамласаар, залилан мэхэлсээр л ирсэн гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

 

Эндээс ямар дүгнэлт хийх нь зөв бэ гэвэл  шинэ Үндсэн хуулиа иргэн бүрийн итгэл үнэмшил болтол сурталчлан таниулж чадаагүйгээс  манай өнөөдрийн бүх завхрал, зөрчил, дутагдал, шамшигдал, эзэнгүйдэл шалтгаалсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манай Үндсэн хууль бол  зөвхөн нийгмийн гэрээ төдий бус Монголын  хүн ардын эрх ашиг, үзэл санааг  зангидан илэрхийлсэн үндэсний нэгдсэн үзэл суртал мөн байтал түүнийг ойлгохгүй явж ирсэн байдаг нь хариуцлагагүй явдал мөнөөсөө мөн байна. Ялангуяа, манай энэ Үндсэн хууль бол онол улс төрийн өндөр түвшинд чамбай сайн боловсруулсан   хууль  мөн байх тул тэдгээрийн утгыг жирийн олон түмэн байтугай   удирдан зохион байгуулах үүрэг бүхий том улстөрчид ч өөрсдөө  тэр бүр ойлгоогүй урсгалаар хөвж өнөөдрийг хүрсэн гэмээр байгаа юм.

 

Тиймээс тус хуулийн заалтыг дагаж гарах шаардлагатай дотоод бүтцийн зарим хуулийг санаачлан гаргаж амжаагүй л байна. Жишээ нь, хүн амын нийгмийн хөгжилд нийцүүлэн төрөөс эдийн засгийг зохицуулах талын  салбар хуулиуд  санаачлах эзнээ хүлээсээр  байгаад цаасан дээрээ хөгширч байна. Ялангуяа, нийгмийн хөгжлийн үндсэн асуудал болсон ард түмний амьдрал, аж байдал, хүн амын  орлого, цалин хөлс, тэтгэвэр, орон сууц, нийгмийн ахуй хангамжийн хууль бараг алга аа. Эрүүл мэнд, боловсролыг дотооддоо  бага төлбөртэй болгох асуудал огт хөндөгдөхгүй байна. Энэ бүхний  улмаас хүн амын ядуурал, ажилгүйдэл олигтой буурахгүй байна. Хэрэв хүмүүс бусдын хөдөлмөрийг болон хөдлмөрийн үр шимийг шулж, шударга бусаар хөрөнгөжиж байгаа эсэхийг 30-40 жилийн өмнөх Ардын хянан шалгах хороо шиг шулуун шударга байгууллага  шалган хянаж, Радио, телевизээр нэг мөр соён гэгээрүүлдэг байсансан бол юунд ингэж буруу замаар будаа тээж явах билээ.

Энэ хэдэн хороог хуучнаар нь байлгаж болдоггүй юм бол үгүй ядахдаа орлох бүтцийг хууль ёсоор бий болгосонсон бол хамаагүй илүү, ашиг тустай байх байсныг онцолъё. Тиймээс хүн ардын бүх нийтийн итгэл үнэмшил болоогүй цагт ямар ч алт шиг Үндсэн хууль байлаа гээд байхгүйтэй адил болдгийг өнгөрсөн он жилүүд монгол түмний арьс махан дээр хатуухан сануулсан гэлтэй. Төрийн гурван өндөрлөгийн гурамсан чөдрөөр чөдөрлөгдсөн байгаа нөхцөлд Үндэсний олон нийтийн  радио телевиз нь Үндсэн хууль хэмээх нийт үндэсний нэгдсэн үзэл суртлыг мэдээллээр  соён гэгээрүүлэн засаглах  боломжгүйг сануулмаар байна. Үндэсний радио телевизийн удирдах зөвлөлийг сэтгүүлчид, зохиолчид, хуульчид, залуучууд, эмэгтэйчүүд,  урлагийн холбоод гэсэн олон нийтийн төлөөллөөр бүрдүүлдэг байвал үр дүнтэй болохын хамт, үгүй ядахдаа “олон нийтийн“ гэсэн нэрэндээ  яв цав тохирох  учиртай  ч юм билүү бодох л хэрэгтэй юм.

 

 

Хорлоогийн ЦЭВЛЭЭ

МУСГЗ сэтгүүлч