Ерөнхий сайд “дугхийгээд” сэрлээ. Сэрээд хартал нэг бүдүүн эр Тост, Тосон Бумбаа харамлан цурхиртал уйлж байхыг харав. Уярах ч шиг. Уурлах ч шиг.

Ингээд олон нийтийн “санаа бодлыг” жаал ажиглаж байгаад уйланхай эрийн талд орохоор шийдэв. Ерөнхий сайдын хувиар танхимын хоёр сайд болон Цагдаа, Тагнуул, МХЕГ, АМГТХЭГ-ын дарга нарыг дуудаж “Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг яг өнөөдөр цуцал”, “Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав” гэж үүрэгдлээ. 

Гоё сэрлээ. Гоё ч даалгавар өглөө гэж бодоод эргээд хартал ард нь хэн ч алга. Түүний шийдвэрт хүсэн хүлээсэн шиг нь олон хүн баярлахгүй байгаа бололтой, бас л шоолж харагдана. Уг нь Гурвас тэс сумын иргэний нулимстай үг У.Хүрэлсүх “жанжны” хүрэл зүрхэнд ёнкгээд л тусч. Тэр эрчээрээ “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ. Аваачаад тавьчихсан байгаа машин техникийг журамла” гэж нэг дайраад. Эргэж хараад гурав хоног Өмнөговь, Дорноговьд амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн сайд нараа “Шударга ёс тогтоож чадахгүй бол ажлаа өг” гээд загнаад мэдээллийн хэрэгслүүдээр цацав. 

Ингэж сэрэх гэж. Одоо жиг жуг яриа үүсээд байсан нь намжиж “У.Хүрэлсүх хүчтэй байна”, “У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан нарыг жижигрүүлсэн” гээд ярих байх, тийм үү. Яах бол? 

Ажил их, хугацаа бага, ард иргэд бухимдалтай үед ийм яриа болдог. Та бүхэн санаж байгаа бол 2013 оны нэгдүгээр сарын 19-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд Х.Баттулгыг дуудаж “Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа, Чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү. Засгийн газар иргэдийн сэтгэгдэл бичих эрхийг хаах гэж улайран хөөцөлдөхийн оронд өмнөх ажлаа хий...” хэмээн тун өндөр дуугаар хэлж байв. 

Дараа нь 2014 оны зургадугаар сарын 26-нд мөн л УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж "100 чухал сэдэв" нэвтрүүлгийг олон хүн үзлээ. Гурван янзаар хүлээж авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч байна. Учрыг нь мэдэхгүй зарим хүн яаж хүлээн авсныг бол мэдэхгүй нь. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд талцаад зодолдоод эхэлбэл хэн салгах юм бэ, УИХ-ын гишүүд очиж салгах вэ” гэж үглэхэд Ирээдүйн Ерөнхийлөгч маань хөмсөг зангидан гарсан юм даг. Гэсэн ч Ц.Элбэгдорж гандан буурахгүй “Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Хулгайчийн л нөөц бий” гэж гал өрдсөөр.

Харин энэ удаагийн У.Хүрэлсүхийн нулимстай эрээр өдөөгдсөн далайлт, лиценз хураах гэнэтийн шийдвэр Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалтай холбоотой юу. Аль эсвэл “Засгийн газар удахгүй огцорно” гэх шум сонсохдоо сонсож, тараахдаа тарааж ажиглалтын байдалтай хүлээж суугаа намынхан дотроо “Хэн нь хүчтэй вэ” гэдгийг харуулахаар шийдсэнийх үү. 

С.Баярын Засгийн газар тэр жилийн намар ургац их хурааснаараа одоо болтол гайхуулдаг бол У.Хүрэлсүхийн Засгийн газар лиценз их хураах бололтой. Хураасан лицензээ Эрдэнэс Монгол компани, түүний дор борооны дараах мөөг шиг “ургуулсаар” байгаа олон охин компаниуддаа хадгалуулаад байгаа нь цаанаа л сэжигтэй. Салхитын орд л гэхэд нэгэн шүүгч эмэгтэй амиа алдаж, түүний хүү хүний нутаг руу оргон зайлсныг бодоход дэндүү том асуудалтай. Асуудал үүсгэсэн хятад иргэд амьд сэрүүн байна. Эзнээ хулхидсан хятад жолооч л гэхэд Голомт банкинд 15 данс нээчихсэн, уяач Ш.Мөнгөншагай гэгчтэй эхлээд бизнесийн хамтрагч байснаа сүүлдээ шүүхийнхнийг авлигадаж хэргээ хэрэгсэхгүй болгож байсан баримт ч бий. Хожим нь эзэн нь мэдэж жолоочтойгоо заргалдаж, энд ч хоёр хятад муудалцаж, тэнд ч уг хэрэг дээр ажиллаж байсан хоёр монгол шүүгч муудалцаж баахан хямраасан. Эцэст нь аугаа суут удирдагч Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байсан дипломат зангаа умартан том сайдын хүчийг үзүүлж гав буу болж лицензийг цуцлан асуудлыг цэгцэлсэн ч дахиад талийгаач болсон шүүгч, түүний хүү оргодол шүүгчийн асуудал эхэлсэн. Ийм том асуудал дагуулсан Салхитын лиценз энэ оны тавдугаар сарын 28-нд байгуулсан “Эрдэнэс Силвер Ресурс” компанид Асгатын лицензийн хамт очиж одоо “эргэлтэд орох гээд” хүлээж байгаа юм гэнэлээ.

Тост Тосон Бумбад эзэн мундахгүй. Өнөөдрийн дуулианы эзэн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тухайд Чанцалын Орхон гэдэг эзнээс нь илүү УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн рүү л “сэлэмний ир” чиглэсээр ирсэн. Тэгснээ хадуурч ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхонтой хүртэл андуурагдсан ч угтаа Чанцалын Орхон нь Улаанбаатар банкинд ажиллаж байгаад мэргэжлийн алдаа гаргасан “түүхтэй”, цаашилбал Сүхбаатарын талбайгаас газар авдаг, хуулийн байгууллагын удирдлагад байдаг генералын хамгаалалтад “агаарын бизнес” буюу лицензийн наймаа хийдэг байсан гэхчлэн домог үргэлжилнэ.

Харин Чанцалын Орхоны “Монголиан тангстен корпорэйшн” ХХК нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лиценз эзэмшдэг байтал тэр тухайд бараг дуулдсангүй. Бараг л орчин цагийн “сахал” Д.Эрдэнэбилэг аятай. Гэснээс “сахал” Д.Эрдэнэбилэгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Дамбийн Баатартай дундаа компанитай “уул уурхайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд” сууж байдаг гэж хэн санах билээ. Улсын бүртгэл дээр компанийнх нь чиглэл хүртэл яг ийм үг, үсэгтэй байгаа. 

Ийм л хүнд хэцүү нөхцөлд Ерөнхий сайд маань “шүдтэй арслан” болсон хэдий ч үүрэг тушаалаас өөр зэвсэггүй тулалдаж явна. Улстөрч нөхөд нь түүнээс авдгаа авсан, одоо бол чин үнэнийг хэлэхэд Засгийн газрын “ясыг барих” гээд “насыг нь тоолж” суугаа. Энэ бол харгис ч гэсэн улс төрд байдаг л зүйл. 

Харин олон түмэн У.Хүрэлсүхийнхээ талаар ямар дүгнэлттэй байгаа бол. Эдийн засагчид бол жил бүрийн намар хөрөнгө оруулагчдыг дуудаж баялгаа сурталчилдаг байтал гадныхнаас байтугай дотоодынхоо компанид төмөр нүүрээ харуулсан нь буруу гэж мэднэ. М.Энхболдын цуглуусан “уяачдыг” хөөж төрийн албыг цэвэрлэж чадсан ч түүнд тэр уяачаас хавьгүй илүү шуналтай сайд, дарга нар “олджээ”. Тэр айсуй сонгуулийн өдрүүдийг хүртэл тэсэх болов уу. Дахиад хэчнээн оймсноос хэр их мөнгө гарч ирж нүүрийг нь улайлгах бол. Прокуророос хэрэгсэхгүй болгосон гэх ЖДҮХС, ТЭДС, бусад сангаас зээл авч иргэдэд очих байсан боломжийг хулгайлсан намын гишүүдээ яах вэ, МАН-ын дарга аа! Танай намд, танай Засгийн газарт яг хэдэн хулгайч байгаа бол? Хариуцлага тооцож чадахгүй бол хам хэрэгтнээс ялгаагүй улс төрийн хариуцлага хүлээж таарна. Дахиад битгий дугхийгээрэй, Ерөнхий сайд аа! Тэгвэл өнөөдрийнхийг шиг  "сэрж" чадахгүй л болов уу.

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn