Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн хэмээн Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос өнгөрөгч даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн.

Үүний дараагаар дээр 16 бөхчүүд ээлж дараалан цахим орчинд сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн. Харин өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийгээгүй байсан билээ. Тэгвэл өчигдөр /2019.08.17/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан сэргээш илэрсэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.