Дээрх асуулт сүүлийн хэдэн өдөр сошиал орчинд олноор хөвөрсөн. Учир нь удахгүй нээлтээ хийх ОАК-нд илгээсэн шүүмжлэл.  Монголын кино ертөнцийн хаалгыг тогшиж биш бараг л цөмөлж орж ирсэн шижигнэсэн хэдэн залуус байдаг. Тэднийг үзэгчид МУНДАГууд гэж нэрлэдэг. Фантастик продакшны ээлжит уран бүтээл 37-р ТОЧКА ОАК нь үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа. Саяхан тус киноны найруулагч Б. Тамирын “Монголд ийм хэмжээний кино хийгдэж байгаагүй” гэх ярилцлага гарсан даруйдаа олон сайн болон саар шүүмжлэлийг дагуулсан байна.

Хүлээлт үүсгээд буй үзэгчдийн ихээхэн хэсэг нь амжилтын дээдийг хүсэн ерөөсөн бол хэсэг бүлэг хүмүүс “олон ангит кино сунжирдаг утгагүй, тулга тойрсон асуудал хөндлөө” гэх сөрөг сэтгэгдлүүдийг илгээжээ. Харин тэр дунд тэнхээ мэдэн өмгөөлж киногоо үзэж ч амжаагүй байж энэ цагийн кино урлагийг өнгөлж буй залуусын урмыг битгий хугалаарай гэх зангарагтай үгс хөврөн байгаагаас харахад энэхүү бутээл аль хэдийн цахим ертөнцөд ярианы сэдэв болоод эхэлжээ.  Цаг хугацааны хувьд 30-аас 40 жилийн тэртээхийг харуулах тус уран бүтээлийг жинхэнэ Монгол атамануудын амьдрал замналыг харуулсан, тэр бүр Монголд хийгдэж байгаагүй уран бүтээл хэмээн кино шүүмжлэгчид үзэж байгаа. Бодит бус амьдралаас эхтэй уран бүтээлчдийн хийсвэр сэтгэлгээнээс урган гарсан уг бүтээл Монголын түүхэн дэх томоохон үйл явдлуудыг тусгах нь улам бүр сонирхол татахуйц байгаа тухай мөн тэр дунд тохиолдох түүхэн үйл явдлыг гуйвуулах вий хэмээн айж буйг цахим хэрэглэгчид дурджээ. Ямартай ч ойрын хэдэн жилдээ ийм хийцтэй, чансаатай уран бүтээл төрөх нь ховор гэх утга бүхий найруулагчийн бардамхан үгийг хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч байгаа бололтой. Аливаа зүйл бүтээсэн хүнийхээ атганд нь багтаж, аманд нь бүтнээрээ хэлэгдэж байвал тэр зүйл төгөлдөр болсны шинж гэлцдэг. Найруулагч ч үүнийг сэтгэл хангалуун ярилцлагадаа дурджээ. Кино 2 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр 10 ангитайгаар хийгдсэн байна. Үзэгчдийн хувьд СТАР ТВ болон NTV телевизээр 7 хоног бүр киноны нэг ангийг хүлээн авах боломжтой. Мөн СКАЙмедиа видео сан болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр гадаадад амьдарч буй үзэгчид үзэх боломжтой юм. Уран бүтээлчдийн баг энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурлын товыг зарлаж албан ёсны трейлерээ нийтэд дэлгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тухайн үед нь хүргэх юм байна. Энэ намрын тэсрэлт гэгдээд буй 37-р ТОЧКА ОАК найруулагчийнх нь хэлсэн шиг үзэгчдийн сэтгэлд хүрэх эс хүрэх нь цаг хугацаагаар харагдах биз ээ.