Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 у/м гүүрийг энэ сарын 30-нд нээхээр болжээ. Тус зам нь зорчих хэсгийн өргөн 14 м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 м өргөн ногоон байгууламж, 3 м өргөн явган хүний зам бүхий юм. Замын ажил 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 

Тус замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбар орсныг бүрэн чөлөөлж авто зам ашиглалтад ороход бэлэн болжээ. 

Энэ зам, гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30 хувь бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой аж.