-МАН-ын бүлэг Ерөнхий сайдын үгнээс айж, Ерөнхийлөгчид бууж өгөв үү-

УИХ дахь МАН-ын бүлэг 10 гаруй өдөр хуралдсаны эцэст Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтыг хүлээн авахаар зөвшилцөлд хүрчээ. Ингэхдээ УИХ гишүүдийн тоог 99 болгох, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг можиратор, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн байна. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх гэсэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг дэвшүүлж байсан ч ийнхүү 99 байхаар тохирсон гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 12-ноос эхлэн хуралдсан. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтуудад санал нэгдэхгүй байсан. Харин 10 хоногийн дараа арайхийн санал нэгдсэн нь энэ. Ердөө л 108 гишүүнийг 99 болгоё гэж тохирсон. Үнэн хэрэгтээ өмнөх парламентын үед буюу 2015 оны 11 сард 99 гишүүн, 5 жилийн хугацаа гэдэг асуудал хурцаар яригдаж байсан. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр 99 гишүүнтэй болох санал тавьсан ч хөөрхийг дээд тэнгэртэй холбогдсон гэж солиорч байна. Яагаад заавал 99 гэж. 100 байж болоогүй юм уу. 98 байж болдоггүй юм уу" гэх зэргээр эсэргүүцэж байгаад унагасан хүмүүсийн ихэнх нь өнөөгийн МАН-ын бүлэгт байгаа шүү дээ.

Хэдий бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь манай гишүүд хуваагдсан асуудал байхгүй хэмээж байсан ч чагтлагдчихаад байсан асуудал нь парламентын гишүүний тоог 9-өөр нэмж, хасах байсан болж таарах нь. Бодит амьдрал дээр УИХ-ын 76 гишүүндээ монголчууд тийм ч таатай хандахаа больсон энэ цаг үед нэмэгдүүлж байгаа нь жагсаалтад найдагсадын л хийж буй үйлдэл болов уу. Тэгээд ч өнгөрсөн сонгуулийн үеэр нэр дэвшүүлэх ч боловсон хүчингүй шахам байсан намууд дараагийн удаа 5 жил төр түших хүнээ сонгоно гэдэг юу л бол.

Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэхэд удаан хэлэлцсэн МАН-ын гишүүдэд намын даргынх нь хэлсэн үг нэлээд ташуур өгсөн бололтой. Учир нь тэрбээр энэ сарын 19-нд буюу даваа гарагт өөрийн намын гишүүдийнхээ бузар, булайг тоочиж, цаашид арга хэмжээг авна гэдгээ ил тод зарласан. Ингэхдээ “Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна... ...Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон... Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэсэн.

Мэдээж түүний хэлсэн дээрх үг үнэн байж тэр хариуцлага тооцож чадвал үүргээ сайн биелүүлж байна БРАВО гэх байлаа. Гэвч Ерөнхий сайдыг ингэж хэлснээс хойш МАН-ын бүлгийнхэн хөдөлгөөнд орж Ерөнхийлөгч “ах”-ынх нь саналыг зарим заалтыг дэмжиж, өөрсдийн буюу парламентын эрх мэдлээ шилжүүлэх суурийг тавиад өгчихлөө.

Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын гишүүдийнхээ булайг задалж эхэлвэл, хууль, шүүхийн байгууллагаас уриалгахнаар угтаж аваад, шалгах нь гарцаагүй. Тиймээс МАН-ын бүлэг дэх хулгай хийж, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдсон, концессдсон, ЖДҮ-дсэн нөхөд зөөлөн суудлаас салахгүйн тулд Ерөнхийлөгчийн саналыг дэмжихээс аргагүй болсон бололтой.

Мэдээж бас яаж шууд 108-аар зөвшөөрөх вэ, олон хоног хуралдсан юм чинь ядаж 99 болгож байгаа юм болов уу даа. Уг нь Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын гишүүдийн тооноос гадна шүүх байгууллага, газрын баялагтай холбоотой олон заалт байсан. Гэвч МАН бүлэг хамааралтай нь хэрхэн дахин парламентын гишүүн болох вэ буюу гишүүний тоог нэмэх асуудал л байсан бололтой. Юутай ч “үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролд”-оод яах вэ гэсэн шиг Ерөнхий сайдын үгнээс айсан гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гацаа ариллаа. Ямартай ч МАН-ын бүлэг чанарын ялгаагүй “чагтаа” мулталлаа даа. 

Б.Отгонзаяа

http://erennews.mn