Монгол Улсын нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 1990-1994 онд хасах үзүүлэлттэй буюу хасах 4.4 хувьд хүрч байв. Дараа жилээс нь эдийн засагт бага зэргийн өсөлт мэдрэгдэж удаан боловч “мөлхсөөр” 2003 онтой золгоход нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 оны түвшиндээ сая нэг юм хүрсэн байдаг.

Монголын эдийн засаг 2000 оноос 2009 он хүртэл жилд дунджаар зургаан хувиар өссөн нь тухайн үед Монгол Улс ашигт малтмалын хэд хэдэн томоохон ордыг ашиглалтад оруулсантай холбоотой байлаа.

Алт, зэсийн асар том орд болох Оюу толгойн бүтээн байгуулалт 2010 онд эхэлснээр өсөлтийн оргил үе нь эхэлж тухайн үед судлаачид “Энэ орд 2020 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий гуравны нэг хувийг дангаар бүрдүүлэх боломжтой” гэж тодорхойлж байсан юм.

Монгол Улсад уул уурхайн салбар хөгжиж эхэлсэн үе буюу 2000-2012 оны хооронд экспортын нийт дүн 10 дахин өссөн бол эрдэс баялгийн салбарын нийт экспортод эзлэх хувь 10 хувиас 89 хүртэл өссөн байдаг. Оюу толгойн ордын бүтээн байгуулалттай зэрэгцэн Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий хэмжээг 45 хувь хүртэл огцом өсгөж, эдийн засгийн өсөлт хурдассан. Үүнтэй холбоотойгоор 2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 11 хувь, 2011 онд хамгийн хурдтай буюу 17.5 хувиар өсч, дэлхийн хамгийн хурдтай өсч буй эдийн засгаар нэрлэгдэж байсан нь саяхан. Энэ үед Монгол Улсын ДНБ 12 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2014 онд 4320 ам.доллар болсноор Дэлхийн банкны өндөр-дунд орлоготой орны ангилалд багтаад амжсан нь ердөө л уул уурхайн ач. 1998-1999 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, нийтлэлч Баабар нэгэн илтгэлдээ “Монгол Улсын ДНБ 2004-2012 оны хооронд 10 дахин буюу мянган хувь өссөн” гэж онцолсон. Энэ нь үнэн. 1992-1996 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байсан бол 2000-2004 оны нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байжээ. Харин 2008-2012 онд энэ дүн бараг 15 тэрбум долларт хүрчээ. Ийнхүү улсын төсвөөр баримжаалахад 10, 20 дахин өсөн нэмэгдэж ирсэн байгаа юм. Түүний онцолсноор төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 онд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давжээ. 1995 онд ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 400 орчим доллар байсан бол одоо таван мянган долларт хүрээд байна. Энэ бүх тоог наядад шилжүүлье л дээ. ДНБ 2014 онд 22.2 их наяд, 2015 онд 23.2 их наяд, 2017 онд 27.8 их наяд төгрөгт хүрсэн бол өнгөрсөн онд 31.5 их наяд төгрөгт хүрсэн билээ. Өнгөрсөн онд ДНБ-ий бодит өсөлт 6.9 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 9929.3 төгрөгт хүрээд байгаа юм. Ингэхээр бараг амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй сэхээнд байсан эдийн засаг сүүлийн хорь орчим жилд зөвхөн уул уурхайн хаялгаар 30 гаруй их наядад хүрээд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг дээрх тоонууд хангалттай нотолж байна.

1990-ээд сүүлчээр Улаанбаатарын гудамжинд машин тэрэг ховор, хувьдаа унаатай байх тухай ойлголт ч үгүй байлаа. Аргагүй шүү дээ, халаасандаа зоосгүй, ажилгүй байхад ямар юмных нь машин тэрэгтэй болох мөрөөдөл байх вэ. Хоногийн хоол, талхаа л залгуулж байх өнөөдрийн зорилгоос хэтэрдэггүй байсан үе. Гэтэл 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрэхэд Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, ард түмний амьдрал сайжирч хүн бүр ухаалаг гар утас барьж, айл болгон лизингээр ч болтугай машин тэрэг, орон сууцтай болоодохсон. Эх орны хөгжил цэцэглэлт, биднийг хармаандаа мөнгөтэй явуулах гол үндэс нь уул уурхай л байж. Оюу толгойн олборлолтын хажуугаар Таван толгойн нүүрс ч урагшаа гарч улс орны эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг үргэлжлэл нь Тост, Тосон бумбын нурууны орд газар юм. ТЭЗҮ дээрээ 55 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй энэ уурхай ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орвол Монгол Улсын эдийн засагт ирэх өгөөж нь их гэдэгтэй эдийн засагч, судлаачид нэг байр суурьтай байна.

Хэрвээ Монгол Улс сүүлийн 30 жил уул уурхайн салбараа огт хөгжүүлээгүй байсан бол бид магадгүй 1989 оноос өмнө байсан тэр үеэсээ ч ухрах байлаа. Социализмын үед манай улс гутал, ноос, хүнс, арьс шир, савхин эдлэл, модон эдлэл, мах консервений үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гээд бүхий л эд зүйлсээ хийдэг үйлдвэрүүдтэй, үйлдвэрийн газрууд төвлөрсөн район, хотуудтай байсан. 1990-2000 он хүртэл монголчууд маань өмнөх нийгмийн бүтээсэн эд зүйл, үйлдвэрийн газраа дампууруулж, тонон дээрэмдэж, тоног төхөөрөмжийг нь хогны хаягдалд тооцоод төмөрт тушаачихсан. Үнэндээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө юмаа хийгээд явж байсан тэр үеэсээ дордож, доошоо орчихсон байсан гэсэн үг. Ганц нэг үйлдвэр л алдаг оног ажиллаж торж үлдсэнийг эс тооцвол Монгол Улс үйлдвэргүй орон болчихсон байсан.

Харин 2000 оноос уул уурхай хөгжих эхлэл тавигдаж, гадныхан хоцрогдсон Монголыг сонирхож, 2004 онд эдийн засагт эерэг төсөөлөл бий болж 2011 онд түүхэндээ байгаагүйгээр эдийн засгаа босгож ирсэн ард түмэн. Яах вэ, төрийн зохицуулалт, бодлого нь сайнтай, муутай байгаа ч бид чинь уул уурхайн буянаар нийслэлдээ багтахгүй машинтай, хөдөөний малчид маань мотоциклиэс эхлүүлээд “Ланд-200” машиныг гадаанаа “сойчихсон” байж байна.

Сүүлийн үед хэл ам дагуулаад байгаа Тост, Тосон бумбыг тойрсон асуудал бол явж явж хувь хүний хоорондын харилцаанаас л болж нийтийн анхааралд орж, өндрөө авсан сэдэв л дээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Тост, Тосон бумбатай холбоотой гэж яригдаад буй УИХ-ын гишүүн хоёр бол нэг намын нөхөд боловч бие биетэйгээ ана мана үзэлцэж байгааг хэн хүнгүй мэддэг болчихсон. Бүх хүний нүдний өмнө ил болж байгаа үйл явдал.

Хоёр улстөрчийн хоорондын харилцаанаас болоод бүхэл бүтэн том уул уурхай, бүтээн байгуулалтын ажил зогсчихдог нь ганц энэ биш. Монголын өнөөгийн улс төрийн үнэн төрх нь энэ. Өөр хоорондын, хоёрын хүний таарамжгүй харилцаанаас үүдэж эх орноо хорлодог үйл явдал олонтаа тохиолддог. Хоёр нам хоорондоо бус, бүр нам дотроо нэг нэгэнтэйгээ хөнөөлдөж байгаа нь үнэндээ эх орны хөгжилд хортой байна гэдгийг дээр дооргүй анхаарч баймаар юм.

Бид өдий 30 жилийг туулж ирэхдээ юугаа мэрж, юугаа идэж ууж энэ зэрэгт хүрэв гэдгээ эрүүл ухаанаар эргэж тунгааж, тоо баримттай, судалгаатай юм яривал нөхцөл байдал өөр л байгаа шүү. Муулж, зүхээд байгаа уул уурхайн салбар л Монгол Улсыг гурван сая гаруй хүн амтай нь тэжээж, ДНБ-ийг мянга дахин буюу улсын хөгжлийг 30 их наядаар өсгөчихөөд байгаа юм, уул нь.