Тээврийн хэрэгслийн улсын дугаартай  холбоотой нийтлэг зөрчлийг арилгуулахаар "Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж эхэлжээ.

Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байгаа аж. Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.БӨХБАТААС зарим зүйлийг тодрууллаа.

 

-”Улсын дугаар 2019” аяныг яагаад зохион явуулах болов. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Жолооч нар дугаарын хязгаарлалтаас үүдэн улсын бүртгэлийн дугаарыг хуурамчаар үйлдэж байна. Энэ мэт зөрчлийг арилгах үүднээс нэг сарын хугацаанд “Улсын дугаар 2019” арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.

 

-Аяны хүрээнд ямар зөрчлүүдэд хариуцлага хүлээлгэх вэ?

 

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулан, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Мөн зөрчлийн тухай хуулийн 14.7.11-д Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсвэл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол тухайн жолоочийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасч хувь хүнийгтавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм. Жолооч нарын улсын хуурамч  дугаар хэрэглэсэн, дугаар арилсан зэрэг зөрчилд зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ч магадлалтайг анхаараарай.

 

-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, замын ачаалал нэмэгдэнэ, Үүнтэй холбоотойгоор ямар зохицуулалт хийж байна вэ?

 

-Автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэх сургуулийн автобустай болчихвол замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд багасна гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудалд шаардлага тавьж ажиллана. Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж олон гарц хийж байна. Мөн зам засварын улмаас хаалттай байгаа замуудыг хугацаанд нь нээлгэхийн тулд нийслэлийн Авто замын газарт санал хүргүүлнэ.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин