Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.

Та Монгол Улсыг шударга шүүхтэй болгох ажлыг гардан хийж байгааг манай оршин суугчид иргэд бид маш их талархан дэмжиж, чих тавин сууж байдгаа хэлэхэд таатай байна.

2019 оны тавдугаар сарын 27- ны өдөр буюу Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн баяр болохоос тав хоногийн өмнө нийслэл Улаанбаатар хотын төвд СБД-ийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 160 дугаар цэцэрлэгийн газраас 4484 м2 газрыг хууль бусаар Монгол Улсын Төрийн нэрийг барьж хүүхдүүдээс дээрэмдэх ажлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн өөрийн гараар хийлээ.

 

Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн эсрэг, нийгмийн эсрэг шуналтай, эрээ цээргүй шийдвэр гаргасан энэ шүүгчийг манай оршин суугч иргэд бид машид жигшин зэвүүцэж байна. Монгол Улсын шүүхийг Н.Дуламсүрэн мэт шүүгчид хуулийг гууль болгох, мөнгөтэй  хүнд хүссэн шийдвэрийг нь гаргаж үйлчилдэг ийм бусармаг явдалууд нийгмийг ихээхэн бухимдуулж байгаагийн нэг нь нийслэл хотын зүрхэнд байрлах 160 дугаар цэцэрлэгийн эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар, оршин суугч иргэд болон хүүхдүүдэд тохиолдов.

 

"Өрхтий трейд” ХХК нь тухайн үед Төрийн өмчит газрыг хууль бусаар 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар авсан байсныг 2015 онд Хотын даргын А/1009 тоот захирамжаар хүчингүй болгон, 2017оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/58 тоот захирамжаар тус цэцэрлэгт буцаан олгож баталгаажуулсан байдаг юм. Гэвч хүүхдэд зориулагдсан буюу хотын эко ногоон бичил орчныг бүрдүүлж байгаа 10-20 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4484м2 газрыг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй шүүгч Н.Дуламсүрэнгээр газар эзэмших эрхээ сэргээлгэх ажлаа маш амжилттай хийлгэснийг танд сонордуулж байна.

Иймд Ерөнхийлөгч та энэ Н. Дуламсүрэн шүүгчийг Үндэсний аюулгүйн зөвлөлөөрөө оруулж шүүгч байх эрхийг түдгэлзүүлж, зохих ёсны хариуцлага тооцон, шүүгчийн ёс зүйг дээдлэн ажлаас нь үтэр түргэн зайлуулж өгөхийг мөн Улаанбаатар хотод хүүхдийн гэсэн тодотголтой газар болгоныг хувийн ашиг сонирхлын төлөө булаан авч байгааг үүгээр таслан зогсоож энэ ногоон бичил орчныг Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд үлдээж өгөхөд анхаарлаа хандуулахыг танаас хичээнгүйлэн хүсч байна.

160 дугаар цэцэрлэгийн Эцэг эхийн зөвлөл Оршин суугч иргэд