Гуравхан хоногийн дараа хичээлийн шинэ жил болох гэж байна. Гэтэл цэцэрлэгийн багачуудыг шээс болон шимэгч хорхойн шинжилгээг өг хэмээн айлддаг. Үүнээс болж энэ долоо хоногоос эхлэн дүүрэг болон өрхийн эмнэлгүүд хөл хөдөлгөөнд дарагдав. 

Төлбөртэй авч байгаа дээрх шинжилгээг зөвхөн улсын эмнэлэгт л өгнө. Үгүй бол авахгүй хэмээн цэцэрлэгүүд тушаана. Тухайн цэцэрлэгийн харъяалалаас хамаарч өрхийн эмнэлэг дээр нь зохион байгуулаад авч байна. Харин зарим нь цэцэрлэг дээрээ төлбөртэй шинжилгээгээ өгөхөөр болсон аж.  Уг нь улсын эмнэлгүүд дээрх шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэ төлбөргүй авдаг. Гэтэл жил бүрийн намар иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж төлбөртэй хийдэг болоод удаж байна. Тухайлбал, өрхийн эмнэлэг тус хоёр шинжилгээг 3500 төгрөгөөр авч байх жишээтэй. 

Манай улс цахим үйлчилгээг эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлсэн. Гэвч энэ нь хөгждөггүй бололтой. Уг нь цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээг эртнээс бэлтгээд цахим системээрээ хэзээ, хэдэн цагт хаана очиж шинжилгээгээ оочер дараалал үүсгэхгүйгээр өгчих боломжтойгоор зохион байгуулж болмоор. Гэтэл хөгждөггүй цахим үйлчилгээний уршигаас болж багачуудыг дарж унагах нь холгүй их оочер дараалал үүсгэж, эцэг эхчүүдийг бухимдалд оруулж, стресс нэмж байгаа нь харамсалтай.

Хүүхдүүд анх төрсөн цагаасаа эхлэн өрхийн эмнэлгүүдэд бүртгэгдэн вакциндаа хамрагдаад явдаг. Тэрхүү бүртгэлээр нь цааш нь цахим системдээ оруулж дүүргийн эмнэлэгтээ бүртгэгчихдэг баймаарсан. Ингэж л цахим бүртгэлийг ашиглахгүй юм бол дүр эсгэсэн үйлчилгээгээр яах вэ?

Цахим  гэдэг чинь түргэн шуурхай хэзээ, хаана, ямар эмчид үзүүлэх боломжтой вэ гэдгийг хараад шууд цагийг урьдчилан товлоод явчихдаг үйлчилгээ. Гэтэл үүнийгээ л цэцэрлэгийн хүүхдүүд дээр ашиглаж чадахгүй хэдэн төгрөг хураах нэрээр чирэгдэл учруулж байна.

Нөгөөтэйгүүр, энэ сард өрхийн эмнэлэгтээ үзүүлэх болоход шинжилгээ өгөх хэрэгтэй болов. Ингээд өрхийн эмч шинжилгээ өгөх цагийг шууд цахимаар авч өглөө. Ингээд шинжилгээ өгөх өдөр болж, өглөө эртлэн очиход бар код гэдэг зүйлийг заавал авах ёстой хэмээснээр цаг гаруй оочерлож, зогсож байж авсан юм. Шинжилгээгээ 5 минут хүрэхгүй хугацаанд өгчихсөн. Гэтэл өнөөх бар кодыг авахын тулд бүтэн цаг хагастай бөөн дараалал, эмх замбараагүй байдалд хамаг хөлсөө гоожуулж зогсох нь тэр.

Уг нь өрхийн эмч манай дүүрэг цахимжсан дүүрэг гээд л магтсан. Харамсалтай нь бодит амьдрал дээр өнөөх оочер дугаараа халж чадаагүй байгаа нь хэрэгжилтийн буруу юу. Өрхийн эмчээсээ авсан цагаараа очоод шууд шинжилгээгээ өгчихсөн бол иргэд олноороо бөөгнөрч, эмх замбараагүй байдал үүсэхгүй байсан.

Тэрхүү бар кодыг нь хэвлэдэг машин суурилуулчихвал амар л болмоор санагдсан. Бар кодыг нь хэвлэж өгч байгаа хүн нь их удаан басхүү ууртай. Хэдэн хүнд хэвлэж өгч байснаа цаашаа босоод явчихна ингээд иргэдийг хүлээлгээд байхаар нь хэл ам хийж эхлэх нь тэр. Цахим системийг боловсронгуй болгох цаг хэдийн иржээ.