Өнгөрсөн онуудад Барилга, хот байгуулалтын яамнаас барил­гын үнийн хөөрөгдлийг буруу­лах зорлигоор дунд хуга­цааны үнэ тогтворжуулах хөтөл­бөрийг хэрэгжүүлсэн билээ.

Уг хөтөл­бөрийг хэрэгжүүлснээр барилга угсралтын гол материалын үнийг тогтворжуулна гэж байв. Улмаар барилгын үнийг барих боломжтой гэж байсныг сануулъя. Үүний үр дүнд Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын зайлшгүй им­портлох шаардлагатай материал гэж үзэн зөвхөн арматур, цементийн үнийг барих зорлигоор 55 компанид 125.4 тэрбум төгрөгийг зээл олгосон. Үүний үр дүнд арматурын үнийг 10 хувиар буулгаж чадсан гэж Засгийн газраас мэдэгдэж байв. Гэтэл 10 хувиар буулгана гэчихээд 10 мянган төгрөгөөр л үнийг нь бууруулсныг салбарынхан хэлж байна. Тухайлбал, зургаан метрийн урттай арматур 10 мянган төгрөгөөр буурчээ. Харин 3-4 метрийн жижиг хэмжээтэй арматур л гэхэд 945 мянган төгрөгөөр борлуулагдах болжээ. Энэ үнэ тогтворжилт мөн үү.

Төрөөс зээл авсан барилгын материал импортлогчид болон барилгын компаниуд улсаас олго­сон санхүүжилтийг ашиглан өөрс­дөө өндөр ашиг олоод иргэдийн ну­руун дээр үнийн дарамт үүрүүлээд байна гэх хардлагын үгсийг иргэ­дээс ирүүлдэг. Барилгын салба­рын­ханд төр зөвхөн дээрх тус­лам­жаас гадна олон хөнгөлөлтийг олго­жээ. Салбарын яамнаас барилгын компаниу­дын авдаг тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг багасгаж, нөхцө­лүү­дийг нь хөнгөлжээ. Дээр дурьдсан санхүүгийн дэмжлэг үзүүлж, барилгын материалын үнийг тогтворжуулах тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Дэд бүтцийг нь төрөөс шийдэж өгсөн. Томоохон орон сууцны хороолол баривал цэцэрлэг, сургууль, эмнэлгийг нь улсаас барина гэж хүртэл урамшуулжээ. Энэ бол барилгын компаниудаас орон сууцны үнээ зохистой байлгаарай гэдэг дохио. Ийм байдлаар барилгын салбарынхныг эрхлүүлсээр байхад өнөөдөр орон сууцны метр.квадратын үнэ дун­жаар хоёр саяд үнэлэгдэж байна. Тэгвэл барилгын салбарынханд огтхон ч зээл тусламж олголгүй өөрсдөө борлуулалтаа хариуц гэчихсэн бол магадгүй орон сууцны ам.метрийн үнэ таван сая төгрөгөөс ахихгүй ч байсан юм билүү гэсэн бодол эрхгүй төрснөө нуух юун.

Дээр дурьдсан шиг зээл олгосноор барилгын салбарын арматурын эрэлтийг нэмсэн гэдгийг ч салбарынхан үгүйсгээгүй. Импортоор арматур нөөцөлж үнийг нь тогтворжуулахаар гэрээ байгуулсан компаниуд үүргээ биелүүлж ажилласан гэнэ. Монгол Улс нэг жилд ойролцоогоор 210 мянган тонн арматур хэрэглэдэг аж. Үүний 30 гаруй хувь буюу 70 мянга орчим тонныг дотооддоо үйлдвэрлэдэг бол 140-150 мянган тонныг гаднаас авдаг байна. Өнгөрсөн жилүүдээс үзвэл арма­турын хэрэгцээ улам бүр өссөөр байгаа бөгөөд цаашид ч армату­рын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй гэнэ. Барилга бүтээн байгуулалт эрчимтэй эхэлсэн тул арматурын хэрэгцээ өсөж ойролцоогоор 200-300 мянган тоннд хүрнэ гэх судлагааг мэргэжлийн байгууллага гаргажээ. Энэ нь өдөр ирэх тусам барилгын салбарын эрэлт нэмэгдэж байна гэсэн үг юм. Ерөнхийдөө барилгын материалын болон бусад бараа, үйлчилгээний үнэ, инфляцийн өсөлт орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч эрэлт хэрэгцээг далимдуулан барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдөх байдал ажиглагдаж байгааг шүүм­жилж байгаа юм. Нөгөө талаар барилга угсралтын ажил буюу барилгын бизнес нь улирлын шинж чанартай тул урин дулаан цаг ирж байгаатай холбоотой барилгын ажил өрнөж эхлэх үеэр орон сууцны эрэлт улам нэмэгддэг нь үнэ өсөхөд нөлөөлдөг гэлээ.

Тэгэхээр энэ салбарыг дэмж­сэн төрийн бодлогын хариу болгож эрэлтийг далимдуулан бидний татварын мөнгийг зээлд­сэн барилгын компаниуд болз­лоо огт биелүүлсэнгүй гэд­гийг дайя. Барилгын бизнес эрх­лэгчдэд дуусаагүй орон сууцны ба­рилгуудыг санхүүжүүлэхэд зо­риулан 429.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 97 компанид олгожээ. Тэдгээр компаниудад ямар арга хэмжээ авах ёстой вэ. Улс барилгын салбарынханд олон тэрбумаар мөнгө тараачихаад өнөөдөр болзлынхоо хариуг нэхэхгүй орон сууцны үнийг хэдэн барилгын бизнесменүүдийн гарт өгчихсөн байгааг хэн шүүх вэ. Одоогоор байртай болох сонирхолтой хэн бүхний анхаарлын төвд байгаа “Буянт-Ухаа” хороолол л гэхэд анх 1.1 сая төгрөгөөр метр.квадратаа үнэлж байсан ч ашиглалтад орсныхоо дараа нэг сая 280 мянган төгрөгийн үнэтэй болчихжээ. Энэ хороолол ашиглалтад орсноор хэдхэн төрийн албан хаагч л хямд үнээр орон сууцтай болсон. Гэтэл ард нь мянга мянган хүн барилгын компаниудын өндөр үнээр үнэлсэн орон сууцанд орох гээд хүлээсээр байна. Хэдийгээр ирэх жилүүдэд “Буянт-Ухаа” хороололтой жишиг үнэтэй хэд хэдэн хороолол ашиг­лалтад орох сурагтай байгаа ч эрэлтээс үүдсэн үнэ буурахгүй бололтой. Байрны зээл авах хүсэлт тавьж буй иргэд нэг сарын хугацаанд дунжаар 4000 нэмэгдэж байгаа гэдгийг учир мэдэх нь хэлнэ билээ. Ашиглалтад орсон болон ирээдүйд төрийн мөнгөөр баригдах барилгуудыг мөн л хувийн компаниуд барьж буй. Улс төрийн албаныханд гэж захиалаад бариулахаар метр квадрат нь нэг сая 280 мянган төгрөгөөр үнэлэгдэж болдог юм байна гэдгийг “Буянт-Ухаа” хорооллын жишээнээс харж болмоор. Тэгэхээр улсаас анх зарлаж байсан 1.1 сая ч бас боломжтой тоо байж магадгүй байгаа биз.

Д.МЯГМАРДОРЖ