Монгол Улсын хэмжээнд 7,800 орчим хоолны газар үйл ажиллагаагаа явуулдаг аж.  Үүнээс 5,000 гаруй нь бизнесийн салбар буюу ресторан, бар, кафе гэх мэт. Сүүлийн жилүүдэд хоолны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. 

Тиймээс 2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталж, аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм. Энэ талаар өнөөдөр ХХААХҮЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академи хамтран мэдээлэл хийв.

Хоолны газруудын 54 хувь нь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологийн урсгалын дагуу зохион байгуулаагүй байсан гэдгийг мэргэжлийнхэн онцлон дуулгалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын байгууллагаас нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг. Эдгээр шалгалтын дүнд дараах зөрчлүүд илэрчээ. 

  • Нийтийн хоолны газрын 53% нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, 
  • 54% нь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологи, урсгалын дагуу зохион байгуулаагүй, 
  • 31% нь хүнсний түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангаагүй, 
  • 13% нь бэлэн хоол зуушийг зохих хэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй, 
  • 41% нь дотоодын хяналтын журмыг бүрэн мөрддөггүй зэрэг зөрчил илэрчээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч О.Нямдаваа “Хоолны салбарт гарч буй нийтлэг зөрчил нь барилга байгууламжтай холбоотой болон хоолны чанар, аюулгүй байдал, ариун цэвэр чандлан сахиагүй зэрэг байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд стандартад шинэчлэл оруулж байна. Уг шинэчлэлд хуучин орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж заасан. Ингэснээр шинээр зөвшөөрөл олгохгүйгээс гадна өмнө нь ажиллаж байсан газруудын хугацааг сунгахгүй” гэсэн юм.

Гэхдээ доод давхрууд нь үйлчилгээ явуулах стандартын дагуу баригдсан орон сууцад хамаарахгүй ажээ.

Аравдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх стандарт: