Жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” хэмээн олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тиймээс энэ өдрийг угтан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч Б.Цэцэгдэлгэрээс дараах зөвлөгөөг авсан юм.

-Монголд төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Мөн энэ өвчлөл залуужиж байгааг эмч, мэргэжилтнүүд ч ярьдаг. Зүрх, судасны өвчлөл дундаа хамгийн их тохиолдож байгаа нь цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал юм. Энэ хоёр бол нэг өвчний хоёр тал юм. Тодруулбал, бие биенээ дагалддаг өвчин гэж хэлж болно. Эдгээр өвчин үүсэх хамгийн гол шалтгаан нь уур бухимдал, сэтгэл гутрал. Мөн удамшил нөлөөлдөг. Сүүлийн үед залуус хэт бухимдах болсноор зүрхний өвчтэй болох эрсдэл нэмэгдэж буй.

Стресс бол хамгийн хөнөөлтэй. Тиймээс нэн түрүүнд стрессээс аль болох зайлсхийж, ангижирч сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөлгөөн маш чухал бөгөөд өөрөө өөртөө тохирсон хөдөлгөөн хийж байх шаардлагатай.

Гуравдугаарт, хооллолт маш чухал. Давстай, өөх тостой хоол хэрэглэж болохгүй. Аль болох давсгүй цай ууж, давс багатай хоол хүнс хэрэглэж хэвшээрэй. Насанд хүрсэн хүний хоногт авах давсны хэмжээ таван граммаас илүүгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь өөх тосыг хэтрүүлж биш, зохих хэмжээнд нь авч байх нь чухал. Ялангуяа, холестрин өндөртэй, амьтны гаралтай өөх тос бага хэрэглэх шаардлагатай. Зүрх судасны өвчинд агаарын бохирдол, чихрийн шижин өвчин бас нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.

Э.Туул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин