Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах Мандала хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн.  Тухайн хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Б хамт байсан бөгөөд талийгаачийг хөл алдаж цонхноос унасан, амиа хорлосон мэтээр хэргийг тайлбарлан мэдүүлэг өгсөн хэмээн хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан ба шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос ьавдугаар сард сэжигтэн О.Б-ыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ. Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Нэмэлт мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Тиймээс өнгөрсөн сараас эхлэн хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн ба сэжигтэн О.Б-г хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргажээ.