Чингэлтэй уулын энгэр бэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо.

Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой юм.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолтууд боллоо.