Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд 15.30 цагийн орчимд очиход гуравдугаар ээлжийн хичээл эхлэхээр сурагчид жагсаж байлаа. Дөрвөн бүлгийн 100 гаруй сурагч эцэг, эхийн хамт ирцгээжээ.

Хүүхдүүдийн зарим нь ядарсан, залхсан байртай байсан бол зарим нь оройтож буй хичээлийн цагаа ч тоолгүй эрхлэн тоглоцгоож байв. Тус сургуулийн байрны нэг, хоёрдугаар давхрын 13 анги танхимд ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн I-XII ангийн сурагчид, гурав дөрөвдүгээр давхарт “Монгол тэмүүлэл” сургуулийнхан хичээллэж байгаа аж. Сургуулийн цайны газраас гарч ирэх ахлах ангийн хүүхдүүдийг аль сургууль гэдгийг нь ялгах аргагүй юм. Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 8б ангийнхан умгар, бүгчим өрөөнд хичээллэж байв. Тухайн анги 50 сурагчтай,ширээ хооронд огт зайгүй бөгөөд самбар, багшийн ширээ хоёрын дунд алхам хүрэхгүй жижиг зай харагдана. Энд нэг хүүхдэд ногдох зай талбай хангалтгүй, амьсгалах агаар дутмаг буй нь илт. Энэ бол Улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж буй цор ганц сургууль.

“Монгол тэмүүлэл“ сургуулийн тус байранд өөрийнх нь 230 гаруй сурагч, ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 1800 сурагч буюу 43 бүлэг хичээллэж байна. Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зургадугаар сарын 19-ний өдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон ч одоогоор барилгын ажил дуусаагүй байгаа шалтгааны улмаас хүүхдүүд хөлс нэвчсэн анги танхимд амьсгалах агааргүй, хөдлөх зайгүй хичээллэж байгаа нь энэ юм. Хэт ачааллын улмаас багш, сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаад гомдол илэрхийлж тухайн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон эцэг, эхчүүдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Эцэг, эхчүүдийг төлөөлж Б.Батдэлгэр “Манай хорооны хүүхдүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д заасан Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ хороонд улсын гэх цэцэрлэг нэг ч байхгүй. Улсын гэх тодотголтой ганц сургууль нь өөрийн гэсэн байргүй. Хүн амын тоогоороо Багануур дүүрэгтэй тэнцүү, Говьсүмбэр аймгаас 1.4 дахин их буюу 24.429 хүнтэй хороонд цогцолбор сургууль зайлшгүй байх шаардлагатай. Бодит байдал дээр өдөрт дөрвөөс таван цаг хичээл заах шаардлагатай нэгдүгээр ангийн сурагчид хоёрхон цаг хичээлд сууж, үлдсэнийг нь гэрээр сур гээд явуулж байна. Энэ нь дөрвөн ээлжээр хичээллэж байгаатай холбоотой. Тийм учрааск “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа аж үйлдвэрийн сургууль руу нүүлгэж өгөөч. Одоогийн байрыг 133 дугаар сургуульд бүтнээр нь эзэмшүүлж, хоёр ээлжээр хичээллэх боломж олгооч гэсэн шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан 1500 эцэг эхийн санал, гомдлыг төр засагт хүргүүлж байна” хэмээн ярив.

Мөн “БСШУС- ын сайдын 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 549 тоот тушаал гарчээ. Тухайн тушаалд “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх асуудлыг судлах, ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд бүрэн эзэмшүүлэх тухай тусгагдсан. Тийм ч учраас бид аравдугаар сарын нэгэн гэхэд хүүхдүүдээ хоёр ээлжээр хичээллүүлнэ гэсэн хүлээлттэй байсан” хэмээн эцэг эхчүүд онцоллоо. Харин “Монгол тэмүүлэлийн эцэг, эх” ТББ-ын зүгээс дараах мэдээллийг өгөөд байна. “Энэ сургуулийн барилга кембриджийн сургалтын шаардлага, стандарт, барилгын зураг төслийн  шаардлагын дагуу улсын төсвийн хөрөнгөөр баригдаж 2017 онд ашиглалтад орсон. Гэтэл сүүлийн үед улс- төрчдийн сонгуулийн шоуны золиос болж “Монгол тэмүүлэл” сургууль зориулалтын байраа алдаж, кембриджийн сургалтын эрхээ алдах ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ энэ сургууль зориулалтын байргүй бол ажиллах эрхээ алдана. Анх ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн зарим бүлгийг түр хугацаагаар байршуулна гэж байсан бол одоо энэ шийдвэрээсээ Монголын төр засаг гэнэт буцаж, “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаасаа гар, түрээсийн байранд ор гэж шаардаж байгаад эцэг, эх, багш сурагчид бид харамсаж байна. Монгол төрийн боловсролын бодлого макет шиг байж болохгүй” хэмээжээ. “Монгол тэмүүлэл” сургуулийн XI ангийн сурагчийн ээж Т.Гантуул “хоёр сургуулийн хүүхдийн тоог хооронд нь харьцуулж цөөхөн хүүхэдтэй танай сургууль нүү гэж байгаа нь харамсалтай хэрэг. Үүнд хүүхдүүд ямар ч буруугүй. Кембриджийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд англи, монгол хоёр хөтөлбөрөөр хичээллэж байгааг ойлгохгүй байна. Манай хүүхэд өглөө 08.00-17.00 цаг хүртэл хичээллэдэг. Одоогийн байдлаар анги танхим нь ч хүрэлцээгүй, маш хүнд нөхцөлд хичээллэж байна” хэмээн ярилаа.                           

Тус “Монгол тэмүүлэл”, ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлэхийг хүссэнгүй. Хуулийн байгууллага хэрхэн шийдэж, ямар тушаал гарахыг хүлээж буйгаа мэдэгдсэн юм. Мөн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК манай эзэмшлийн газар гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орсон бөгөөд одоо ч шийдэгдээгүй байна. Тухайн хоёр сургуулийн хооронд үл ойлголцох байдал үүсээгүй ч хүүхдийн эрүүл, аюулгүй орчин сурч боловсрох асуудал хүнд нөхцөлд байсаар байна. Тус сургуулийн барилга “Монгол тэмүүлэл” сургуулийнх, газар нь 26 хорооны иргэдий буюу 133 дугаар сургуулийнх гэдэг шалтгаанаас мөн “Монгол тэмүүлэл” сургууль нь БСШУСЯ-ны харьяа бол, 133 дугаар сургууль нь нийслэлийн Боловсролын газрын харьяаных учир эрх бүхий албан тушаалтнууд харилцан ойлголцоход хэцүү байгаа бололтой. Өнгөндөө газрын маргаан мэт харагдаж буй боловч үүний цаана газрын наймаа, эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйлдэл нуугдаж байж ч болзошгүй юм. Хүүхдүүд томчуудын эрх мэдэл, ашиг хонжооны золиос болох ёсгүй. Сэтгэлгүй дарга нарын бодлогогүй, хариуцлагагүй тушаал шийдвэр, газрын маргаанаас болж түмний хүүхэд дөрвөн ээлжээр хичээллэсээр байгаа үнэн дүр төрх энэ юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин