Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна”  хэмээх нийтлэл  2019.06.25-ны өдөр нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан.  Цагдаагийн байгууллагаас  иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа  2 000 000 төгрөгөөр торгосон.

Тэгвэл ингэж торгосон нь үндэслэлгүй гэж Э.Бат-Үүл үзэж нийт дөрвөн сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах хүсэлт бүхий өргөдлөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний өргөдлийг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэх юм.

Хэрвээ шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахгүй л бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгох, хэвээр үлдээх  гэсэн шийдвэр гаргах юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.