Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан. Харин манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ.

Өнгөрөгч долоо хоногоос эхлэж үүсэл хөгжлийнхээ суурь нь болсон ахмадуудыгаа албан байгууллага, компаниуд, ААН-үүд хүлээн авч хүндэтгэл үзүүлсээр байна. Тэгвэл төр засгаас улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурлууддаа ямар бэлэг барив. Нам засгаараа хуваагдан хүндэтгэлийн концерт үзүүлж, гарын бэлэг өгч байгаа харагдана лээ. 

Тэднийг маань нэг өдөр баярлуулаад өнгөрөөх бус цаг ямагт өдөр болгон баярлуулмаар байна. Тухайлбал, тэтгэвэр барьцаалсан зээлийнх нь тэн хагасыг нь банк шулчихаж байгааг хэн хүнгүй мэддэг. Тэгсэн ч мөнгөний хэрэг болгонгуут хэдэн хөгшид маань банкнаас 3-6 сараар зээлчихдэг юм. Тэд насаараа ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх гэж өчнөөн жил ажилласан. Гэтэл банк зээлийн хүү нэрээр овоо хэдэн төгрөг тонших нь зүйд хэр нийцтэй вэ? Дор хаяж сард 280,000 төгрөгийн тэтгэвэр авдаг буурал 24 сараар зээл авахад 18 хувийг нь банк авчихдаг аж. Ингээд бодохоор ахмадуудын тэтгэврийн зээлийг хүүгүй болгочих бэлгийг эрх баригчид баривал жинхэнэ БРАВО.  

Шалдар булдар зүйлээр шоудаж сонгуулийн пиараа хийж байхын оронд энэ сэдвийг барьж аваарай УИХ-ын гишүүд ээ.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Тэтгэврээ нэмж бэлэг барих нь зүй хэрэг ч эрэлт хэрэгцээг нь илүү бодвол амьдралд ойр. Тэгвэл өнөөдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо хэмээн НДЕГ-аас мэдээлэв. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм байна. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлэх ажээ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгож байхаар шийдвэрлэсэн. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 мянга 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа юм байна. 

Ийнхүү тэтгэвэр барьцаалсан зээлээ хүүгүй авдаг болохын ерөөл тавья.