УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2018 онд гарган хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкнуудтай хамтран гаргаад байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хүү нь жилийн 9 хувь, 1 өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг болсон бөгөөд зээлийн хүүгийн татаасанд 3 тэрбум төгрөг олгосон.

Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг Монгол Улсын 2017-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбох 9 багц дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажил хийгдсэнээр улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны 9 нийт 139 барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52,500 тн-оор бууруулсан. Мөн Амгалан дулааны станцад хэрэглээ нэмж холбох техникийн боломжийг бүрдүүлж өгсөн. 2018-2019 онуудад нийт дүнгээрээ жирийн болон нам даралтын 171 ширхэг зуухыг зогсоож 26,4 Гкал/ц ачаалал бүхий 210 иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьект төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон байна.

Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, хийн болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа бол өнөөдрийн байдлаар 142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд 2 тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 937 орчим автобус явж байгаагаас 2020 он гэхэд ашиглалтын хугацаа дууссан 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлэн ашиглаж байна. Япон Улсын “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд дизель хөдөлгүүртэй 24 автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьж, суурилуулсан ба 2019 онд том оврын 150 автобусанд уг шүүлтүүрийг суурилуулахаар тендер зарлагдаж, шалгаруулах шатандаа явж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.