ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд болсныхоо дараахан хэд хэдэн зүйлд онцгой анхаарна гэдгээ мэдэгдэв. Түүний нэг нь өмч хувьчлалтай холбоотой асуудал байв.

1992 оноос хойш явагдсан өмч хувьчлалыг бүхэлд нь судалж, шалгах ажлын хэсгийг  өнгөрсөн хоёрдугаар сард өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байсан.  Холбогдох бүх байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтсан.  ЗГХЭГ-ын дарга ийм шийдвэр гаргаж,  шийдэмгий хөдөлж, олон нийтэд хандан мэдэгдэл хийснээс  хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Сайдын зүгээс анхаарч хэрэгжүүлж буй зарим асуудал нэлээд шуурхай шийдэгдэж байгаа.     

Харин өмч хувьчлалыг бүхэлд нь шалгах асуудал үлгэр болоод дуусчихсан уу. Л.Оюун-Эрдэнэ сайд сүүлийн үед энэ асуудлаар дуугарахаа ч болив.

Тэрээр анх өмч хувьчлалын асуудлаар мэдэгдэл хийж байсныг олон нийт мартаагүй. 2019 оны хоёрдугаар сарын 26-нд хийсэн мэдээлэлдээ Л.Оюун-Эрдэнэ сайд “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг.

Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна ” хэмээсэн байдаг.

ЗГХЭГ-ын даргын энэ байр суурь тухайн үед олон нийтийн хүрээлэлд загатнасан газар нь маажих шиг л болсон.  Харин зарим нэг хүний хувьд болгоомжтой хандаж, тайлбар мэдээлэл өгч байв. Яагаад гэхээр шинэхэн сайдын энэхүү мэдэгдэл өмч хувьчлалыг шалгах нь зүйтэй гэсэн утгатай ч нөгөө талаасаа  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг шалгана хэмээн уншигдаж байв. Тухайн үеийн  өмч хувьчлалтай холбоотой бүхий л асуудал яалт ч үгүй З.Энхболд гэдэг хүнтэй холбогддог.  З.Энхболд 1996-1999 оны үед Төрийн өмчийн хорооны дарга байхдаа нэлээд олон өмч хувьчлалыг гардан зохион байгуулсан. “Мах комбинат”, “Талх чихэр”, “Баянгол” гээд томоохон үйлдвэр компанийг нэрлэж болно. Энэ цуваа ч цааш нэлээд урт үргэлжилнэ. Ер нь Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт 928 объектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан юм.

Ийнхүү  өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулсны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд нүүр номоороо дамжуулан “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвлөгөө” гэсэн гарчигтайгаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрээр “28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Д.Бямбасүрэн 1990-1992, С.Жасрай 92-1996 он) хийсэн ягаан, цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн “60 тэрбум”, ЖДҮ, “Эрдэнэт 51 хувь, 49 хувь” гээд шалгах ажил зөндөө байна” гэжээ.

Ямартай ч үүнээс хойш өмч хувьчлалыг шалгах асуудал таг чиг болсон байдаг. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ах”-ынхаа зөвлөгөөг ч хүлээж авсан юм болов уу.  Өмч хувьчлалыг шалгана гэдэг үлгэр болоод дууссан уу Сайд аа?

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин