Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой “Эрүүл иргэн” аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй билээ.

Энэхүү аяны хүрээнд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэг болон ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ хийх, мөн түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж байна.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хэрэгжиж буй “Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, иргэдийн хамрагдалт болон санал сэтгэгдлийг сонслоо. Аяны үйл ажиллагаанд тус хорооны Засаг дарга М.Эрдэнэчимэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ болон “Дотны туслагч” ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндолгор нар хяналт тавин ажиллаж байна.

Иргэдийн хувьд ихэвчлэн нүд, чих хамар хоолой, сүрьеэ, зүрх судас, дотор, сэтгэц, хавдрын үзлэгт хамрагдаж, ЭХО болон зүрхний бичлэг хийлгэх, хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өгч байгаа аж.

Тухайлбал тус хорооны иргэн Ч.Долгорсүрэн “Би гурван жилийн өмнө хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээ өгч байсан. Тэрнээс хойш эмнэлэгт бараг үзүүлээгүй. Харин өнөөдөр “Эрүүл иргэн” аянаар дамжуулан энэ төрлийн шинжилгээг дахин өгч, сэтгэц болон нүд, чих хамар хоолойн үзлэгт хамрагдлаа. Одоо ЭХО, зүрхний бичлэг хийлгэх гээд хүлээж сууна. Ахмад настнуудын хувьд, эмнэлгийн олон төрлийн үзлэг, оношилгоог ойртуулж өгсөнд үнэхээр талархмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн хорооны оршин суугч Б.Уранчимэг “Сая хепатитийн В, С вирус, БЗДХ илрүүлэх цусны шинжилгээ өглөө. Бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд нь заавал хамрагдана. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь ахмад настнууд байна. Өсвөр үеийнхэн, залуучууд маань тун ховор харагдах юм. Төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа учраас хорооны иргэд маань маш идэвхитэй хамрагдаж байгаа” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй тус аян нь хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.