Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын ээлжит хуралдаанаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан мэдээнд олон нийт ихээхэн бухимдаж байгаа. Манай улс саарал жагсаалтад орсонд бурууг хүлээж, хариуцлагаа үүрэх хүн алга.

Бүгд л дор бүрнээ өөрсдийгөө хаацайлж, хариуцлагаас мултрах аргаа сэдэж байна. Өөрөөр хэлбэл, буруутан нь гэмээ хүлээж энэхүү жагсаалтаас гарах арга замыг эрэлхийлж  FATF-ын зөвлөмжийг ч дагах тал дээр анхаарлаа хандуулаагүйдээ уучлалт хүсэх эрх мэдэлтэн байхгүй байгаа юм. 

Bloomberg агентлаг ФАТФ-ын хурлын шийдвэрээр Монгол Улс нь тус жагсаалтад Исланд, Зимбабве улсуудын хамт багтсан гэдгийг онцлон мэдээлэв. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орж, хязгаарлалттай болно. Мөн манай улсын олон улс дахь нэр хүнд муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасах гэх мэтээр сөрөг байдлаар нөлөөлөх эрсдэлтэй. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан удаатай.

Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлтийг оруулснаар 2014 оны 1-р сард тус жагсаалтаас гарч байсан. Уг жагсаалтад яагаад оров? APG, FATF-аас бараг хоёр жилийн өмнө зөвлөмж ирүүлсэн байна. Түүнд мөнгө угааж байж болзошгүй олон асуудалд Монголбанк хяналт тавьж чадаагүй. Арилжааны банкууд ийм асуудалд холбогдсон. Мэдээллээ нууцалдаг. Ил болсон мөнгө угаах гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж чаддаггүй. 2011 оноос хойш нийт 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон гэх тоон мэдээлэл бий. Мөн Эдийн засгийн өршөөлийн хууль баталж энэ бүхнээ зохион байгуулалттайгаар нуун дарагдуулсан зэргийг дурдсан. Эдгээр зөрчлөө арилгахыг зөвлөсөн. Гэтэл эдгээр нь биелээгүй юм. 

УИХ-аас 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, 34 их наяд төгрөгийн нуугдсан хөрөнгийг ил гаргасан. Монголын нэр бүхий улс төрчид зэвсгийн наймаанд оролцсонд хуулийн хариуцлага тооцоогүй гэдэг зэрэг нь голлон нөлөөлсөн юм. Түүнчлэн  ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр батлаад УИХ-ын гишүүн, сайд нар нь хуваагаад авчихсан, үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй.  Гэтэл эрх баригч Ардын нам “Манай нам буруугүй” гэж мэдэгдсэн. Тэр байтугай “Саарал жагсаалтад орсноор юу ч өөрчлөгдөхгүй. Зээл, тусламж авахад ч хүндрэл гарахгүй. Санхүүгийн байдал хэвийн явна” гэж тархи угааж суугаа УИХ-ын гишүүд байгаа нь үнэхээр харамсалтай.