Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр удаа үр зулбасан эмэгтэй хэвлэлд хандаж ярилцлага өгсөн байдаг. Түүний нөхөр Б.Төгсбилгүүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч энэ сарын 11-ны өдөр батлан даалтад гаргажээ.

Нөхрийг нь сулласан энэхүү шийдвэрий эсэргүүцсэн хохирогч эмэгтэй Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэргийн талаар "Эл хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Төгсбилгүүнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай прокурор санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусч, мөн өдөр ШШГЕГазрын харъяа 461 дүгээр ангийн захиргаа прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг цааш үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч Б.Төгсбилгүүнийг сулласан.

Түүнчлэн хяналтын прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмнө сунгасан 2 дугаар хугацааг сунгах санал ирүүлсэн нь буруу гэж үзэж яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор хэргийн оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй болно" гэж мэдээллээ.