2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө.

“Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.
Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.
Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.
Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.
Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.