Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар шинээр байгуулагдсан билээ. Тус газар өнгөрсөн  хугацаанд хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төр болон хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон талын арга хэмжээг авч ажилласан байна. Энэ хүрээнд Монголын бизнес зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар гарын үсэг зурав.

Тус санамж бичгийн байгуулснаар Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгарсан асуудал, гомдлыг шийдвэрлэхэд оролцох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулсан форум, үзэсгэлэн яармаг, сургалт семинарыг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.