УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүссэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан  энэ сарын 19-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилсан аж.

Иймээс ч УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Н.Оюундарь асуулт асууж, хариулсны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга  С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Иймээс ч СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэн юм.