"Шинэ хөдөө" төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Анх чацаргана хөтөлбөрөөр эхлүүлж байсан "Шинэ хөдөө" төсөл өнөөдөр мал аж ахуйн, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тайлант өдөрлөгийн үеэр 2019 онд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дунд оврын тракторууд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, хүлэмж, өндөр ашиг шим бүхий бух, хуц ухна хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болжээ. Өдөрлөгт төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Булган аймгийн удирдлагууд оролцож иргэдэд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулсан байна.