“Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг сэдэмж бичлэгийн уралдааны дүн гарлаа.  “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарлан, II шатны шалгаруулалтыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль дээр боллоо.

Энэхүү уралдааныг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын хуульчдын холбоотой хамтран дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгуулж, дүгнэлээ.

Уралдаанд оролцогч сурагчдын тухайн сэдвийг эзэмшсэн, судалсан байдал, цаашид хүүхдийн эрхийн хамгаалалд ямар эерэг өөрчлөлтийг хүсэж буй талаар санаа бодлоо илэрхийлж байгаа ур чадварыг тус уралдааныг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байлаа. Тухайлбал; Гэр бүлийн гишүүдийн таатай бус харилцааны улмаас хүүхэд хэрхэн хохирч буйг, үе тэнгийнхний гадуурхалтаас болж сургууль завсардах, гадуур тэнэх зэрэг сэтгэл зүйн олон хэлбэрийн дарамт шахалтын талаар сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийг тодорхой тохиолдолд дүн шинжилгээ хийх аргаар бичиж танилцуулж буй зэрэг нь тун сайшаалтай.

Уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 250 гаруй сэдэмж ирүүлснээс, II шатанд 20 сэдэмжийг хэлэлцүүлэн дараах байрыг эзлүүлэн, дүгнэлээ.

  • ТЭРГҮҮН БАЙР – М.Намуунаа (Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 11А анги)
  • ДЭД БАЙР – Э.Цэцлэн (Нийслэлийн СБД-ийн 3-р сургуулийн 11Г анги)
  • ГУТГААР БАЙР – Б.Уянга (Увс аймгийн 3-р сургуулийн 12А анги)
  • ГУТГААР БАЙР- Х.Эрхэмбаяр (Нийслэлийн СХД-ийн 67-р сургуулийн 12А анги)
  • ТУСГАЙ БАЙР – Б.Баясгалан (Сүхбаатар аймгийн 3-р сургуулийн 12А анги)
  • ТУСГАЙ БАЙР – С.Номин-Эрдэнэ (Нийслэлийн БЗД-ийн 51-р сургуулийн 11А анги)
  • ТУСГАЙ БАЙР- Д.Хүслэн (Нийслэлийн ЧД-ийн 50-р сургуулийн 11Г анги)

Мөн 4 шилдэг хүүхдийг хамтран зохион байгуулагчдын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал:

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын НЭРЭМЖИТ ШАГНАЛ – А.Мандхай (Нийслэлийн СХД-ийн 104-р сургуулийн 11В анги)
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын НЭРЭМЖИТ ШАГНАЛ – С.Жаргалан (Нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн 11В анги)
  • Нийслэлийн боловсролын газрын НЭРЭМЖИТ ШАГНАЛ – П.Мандахсүрэн (Нийслэлийн СБД-ийн 6-р сургуулийн 11В анги)
  • Монголын хуульчдын холбооны НЭРЭМЖИТ ШАГНАЛ – А.Ганхүү (Булган аймгийн 3-р сургуулийн 11А анги)

Дашрамд дурдахад энэхүү уралдаанд дэвшүүлсэн оновчтой санал, санаачлагыг  хамтран зохион байгуулагч байгууллагууд хүлээн авч, боловсруулж, хэрэгжүүлдэг байна.