Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн иргэд, хэрэглэгчдийн халуун, хүйтэн усыг хязгаарлахтай холбоотой албан бичиг болон “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн 1800-1284 утсанд иргэд, хэрэглэгчдээс төлбөрийн өргүй боловч халуун усыг хязгаарлаж байгаа талаарх гомдол, мэдээллийн дагуу агентлагийн дарга Б.Лхагва болон газар, нэгжийн удирдлагуудаас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албаны хүмүүс болон хувийн орон сууцны конторуудын төлөөлөлтэй 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шуурхай уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар холбогдох байгууллагууд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, иргэд, оршин суугчдыг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар саналаа солилцлоо.

Нөхцөл байдлыг тодруулахад нэг талаас нэр бүхий хувийн орон сууцны компаниудын үүсгэсэн их хэмжээний өр төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тогтоосон хугацаанд оршин суугчдын халуун усыг хязгаарлаж байгаа, нөгөө талаар иргэд, оршин суугчид үйлчилгээний төлбөрөө удаан хугацаанд төлөхгүй хуримтлуулсанаар орон сууцны хувийн конторуудад өр төлбөрийн хуримтлал бий болгосон асуудал үүсээд байна. Энэхүү асуудалд орон сууцны инженерийн байгууламж, төлбөрөө төлдөгггүй айл, өрхүүд болон хувийн орон сууцны конторуудын өр төлбөр, хариуцлагагүй үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлс нөлөө үзүүлж байна.

Иймд агентлагийн даргын зүгээс уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүс, төлөөллүүдэд ид ес эхэлж байхад болон шинэ жилийн баярын өмнө иргэд, хэрэглэгчдийг бухимдуулж байгааг анхааруулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг мэдэгдэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас өгч буй дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах үүрэг чиглэлийн дагуу холбогдох байгууллагууд өөрсдийн хариуцсан ажилд хариуцлагатай хандах, аль болох уян хатан нөхцөлтэйгээр өр төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах, айл өрхүүддээ таниулга сурталчилгаа хийж үйлчилгээний чанараа сайжруулах, оршин суугчиддаа хүрч үйлчлэх, үйлчилгээний төлбөрөө төлсөн иргэд, хэрэглэгчдийн эрхийг хангаж хохироохгүй ажиллах талаар зөвлөлөө.

Цаашид өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллалгүй оршин суугчид, хэрэглэгчдийн эрхийг хохироосон тохиолдолд орон сууцны конторуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах, түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдэв.

УТАС: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР