Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ хуулианд эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах заалтад тулгуурлан төсөвт тусгаснаа Сангийн сайд онцолсон.

Тодруулбал, эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахад зориулж 10.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Уг хуулийн зорилго нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодиттой үнэлж, улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгах буюу төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох юм. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй ээж 27 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол уг хууль хэрэгжсэнээр 33 жил ажилласнаар тооцогдоно гэсэн үг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон өөрчлөлтийг танилцуулъя.

Тус хуулийн Нэгдүгээр бүлэг 3.5 дахь заалт: Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор зүйлчилжээ.

Энэ нь даатгуулагч ээж хэрвээ 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй бол хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, нийт 16 жил нийгмийн даатгал төлснөөр тооцогдоно гэсэн үг.

Үүний дагуу 2020 онд нийт 12.9 мянган эх хамрагдана хэмээн тооцоолж, нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсөвт нийт зургаан тэрбум төгрөг зарцуулахаар батлагджээ.

Тус хуулийн Зургаадугаар бүлэг 19.2.1 дэх заалт: Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Албан журмын болон сайн дурын даатгуулагчийн ​гэсэн нийгмийн даатгалын хоёр хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмж ялгаатай байдлаар олгодог байв.

Тодруулбал, одоо байгаа хуулийн 19.2.2-т зааснаар Албан журмын даатгуулагч эхийн хувьд шимтгэл төлсөн 12 сарын дундаж цалингийн 100 хувиар бодож олгодог байсан бол сайн дурын даатгуулагч хувьд 70 хувиар бодож олгодог байсан юм.

Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн тус заалтыг хассанаар сайн дураар даатгуулсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өөрийн тэтгэмжийг төлсөн 12 сарын дундаж орлогоос 100 хувиар бодож авах юм.

Ийнхүү 30 хувийн нэмэгдэл зөрүүг сайн дурын даатгуулагч 6.9 мянган ээж авах боломж бүрдэж байгаа бөгөөд үүнд зориулж 4.7 тэрбум төгрөгийн тэтгэмжийн даатгалын зарлагыг төсөвт нэмж суулгажээ.

Тус хуулийн Нэгдүгээр бүлэг 3.6 дахь заалт: Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлнө гэжээ.

Албан журмын даатгуулагч эхчүүдийн хувьд ажил олгогч нь хариуцах зохицуулалт хэвээрээ үлджээ.

Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь Тэтгэмжийн даатгалын сангаас төлнө.

Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдахаар болсон бөгөөд Тэтгэмжийн даатгалын сангаас төлөх 50 хувийн шимтгэлд 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан байна.

Нийгмийн даатгалд огт даатгуулаагүй эхчүүдийн хувьд хүүхэд гурван нас хүртэл нийгмийн даатгалын шимтгэл дээр ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөх зохицуулалттай болж байна. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр тусгажээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн байдаг.

Үүний дагуу нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болох юм. Үүнээс сайн дурын болон, огт даатгуулаагүй эхийн 50 хувийг буюу 30,450 төгрөгийг төр хариуцах бол үлдсэн 50 хувийг тухайн ээж өөрөө төлөөд хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм.

Тус хуулийн Зургаадугаар бүлэг 19.1.3-т зааснаар Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох юм.

Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар "Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана" гэсэн байдаг.

Харин 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуулиар энэ хэсгийн “Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана” гэсэн өгүүлбэрийг хассанаар ирэх оноос хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болж байгаа юм.