Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас  сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай  ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар

1-р байр: нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар

2-р байр: нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар

3-р байр: нийслэлийн Бүртгэлийн газар болон Монголын Хүүхдийн ордон тус тус шалгарлаа.

“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан бөгөөд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө. Түүнчлэн нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс гэх мэт 32 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, үр бүтээлтэй олон ажил хийжээ.

Нийслэлийн Засаг даргын А/319 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аян болон нийслэлийн Засаг даргын А/537 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя” аяны шилдгүүдийг тодруулав.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаараа бусдыгаа манлайлан оролцсон Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төв тэргүүн байрт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 2-р байрт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 3-р байрт, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон тусгай байрт тус тус шалгарчээ.

“Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя” аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаараа бусдыг манлайлан оролцсон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн  БЗДХ-ын кабинет 1-р байрт,  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв 2-р байрт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 3-р байр, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн кабинет тусгай байранд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хан-Уул дүүргийн “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн “Энэрэнгүй үйлс” өрхийн эрүүл мэндийн төвүүд нийслэлийн Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс