“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

 

Өмнөх нь  Ж.Мөнхбат: ЖДҮ-гээс болж 2020 онд ялагдах болчихсон байгаа шүү

 

…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль.

 

 

Би ах нарыг шүүмжилмээр байгаа юм, Энхтүвшин сайд аа, Нямдорж сайд аа, Нямаагийн Энхболд сайд аа, Улаан сайд аа. Би харин Лүндээ даргыг үүн дээр зарчим заасан гэж бодож байгаа. Нэг даргын суудал онгойх сураг дуулдахаар гүйлдчихдэг. Яагаад Хүрэлсүхийг Энхболдтой, Мөнхбатыг Оюун-Эрдэнэтэй суулгаж байгаад “…Муу нуснууд минь болиорой” гээд, хэрэгтэй бол шанаадаад, алгадаж байгаад ч гэсэн энэ намын эв нэгдлийг та нар авч гарч чадаагүй юм бэ.

 

 

Яагаад та нар нэг талд нь гараад өнөөдрийг хүртэл дэвэргээд, өөгшүүлээд явуулсан юм бэ. Энэ үнэн шүү дээ. Ийм л юм болсон. Ийм боломж манай 1950 оны ах нарт байсан. Би үнэхээр харамсаж байгаа юм. Арай  ч дээ. Энэ намыг ийм болгоход гурван сайд, нэг горилогч, та дөрвийн алдаа байгаа шүү. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Одоо яах юм бэ. Бие биеэсээ өс авах гэж байгаа юм шиг цаашаа явах уу” гэжээ.

 

Үргэлжлэл бий…

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин