Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын харъяат улсын харцага Э.Оюунболдтой ярилцлаа.

-Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа таны төрж өссөн нутаг ус болон хүүхэд насны тань талаарх дурсамжаар эхлэх үү?

-Би 1993 оны гуравдугаар сарын 14-нд  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Намайг ой гарантай байхад манайх Дэлгэрхаан сум руу нүүж,  долоон настай байхад минь Өмнөдэлгэрт буцаж ирсэн.  Тэгээд сумынхаа дунд сургуульд орсон. Тэгэхээр миний хүүхэд нас Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сум хоёрын дунд л өнгөрсөн дөө.

-Анх хэдэн оноос барилдаж эхлэсэн бэ.  Хүүхэд байхдаа барилддаг байв уу?

-Бага байхаасаа л их барилдах дуртай хүүхэд байлаа. Тэгээд 2007 оноос үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн дээ.

-Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Таны  хувьд энэ спортоор хичээллэж эхэлснээр хувь хүн тал дээр хэр нөлөө үзүүлсэн бэ?

-Тэгэлгүй яахав. Маш их нөлөө үзүүлсэн гэж боддог. Ер нь их тэвчээртэй, хүн чанарлаг, уужуу сэтгэлтэй  болдог юмуу даа . Спорт бол хувь хүнийг сайн хөгжүүлж,  төлөв төвшин болгож өгдгөөрөө онцлогтой.

-Хорин настай залуу улсын харцага цол хүртлээ. Олон хүн таныг цолоо ахиулж, өндөр амжилт үзүүлэх бөх хэмээн ярьцгаадаг.  Энэ их найдвар танд ямар санагддаг вэ?

-Маш сайхан санагддаг л даа.  Гэвч энэ бүхний ард надад маш том хариуцлага ирдэг. Надад итгэдэг, намайг дэмждэг хүмүүсийн энэ их итгэлийг дааж явахын тулд бэлтгэл сургуулилтаа л сайн хийх хэрэгтэй.

-Багшынхаа талаар яриач?

-Миний багш Бүдэйбазарын  Адъяахүү гэж Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат хүн бий. Энэ хүн дээр л бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.

-Б. Адъяахүү багш надад бөхийн мэх заахаас илүү амьдралын ухаан зааж сургасан гэж нэг ярилцлагандаа дурдсан байсан. Энэ талаараа ярьвал?

-Бөх гэдэг үүднээс биш чи аав болно аав болсоны дараа ингэх, тэгэх ёстой гээд амьдралд юу ойрхон байна тэр бүгдийг л багш минь хэлж зөвөлдөг дөө.

-Олон барилдаанд амжилттай сайхан барилдлаа. Өөрийнхөө амжилтуудаас дурдвал? 

-Би  2012онд Аймгийн арслан болсон.  2013онд Улсын  харцага болсон. Одоогоор бол  ийм л амжилттай байна даа.

-МЗХ-ны дэрэгдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос  Алтан цом спортын анхдугаар наадам зохион байгуулж байгаа. Энэ наадам  дөрвөн сарын 3-8ны хооронд Спортын төв ордонд болно . Та АЛТАН ЦОМ наадмын талаар?

-Саяхан сонссон.  Таван төрлөөр зохиогдож байгаа гэсэн. Энэ их сайхан санаачлага юм.  Нутгийн залуус нэгдэж, тэгээд спортын наадам зохион байгуулж, оролцоно гэдэг бол маш сайхан зүйл.  Энэхүү наадмыг санаачилсан нутгийн залуустаа талархаж байна .

-Тус наадамд  нутгийн залуустайгаа хамт оролцох уу?

-Сумынхаа залуучуудыг төлөөлөн очиж барилдана. Ер нь бол очиж бусад залуучуудыгаа ч дэмжинэ дээ.

-Монгол бөхчүүдийг жудагтай гэж ярьдаг.  Таныхаар жудагтай эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Төлөв даруу, гүндүүгүй ямар ч үед  нэг зангаараа байдаг хүнийг жудагтай эр хүн гэнэ дээ.

-Улсын цолонд хүрлээ. Цолоо аваад хамгийн анхны баяраа хэнтэй хуваалцсан бэ?

-Гэр бүлтэйгээ л хуваалцсан даа.

-Энэ жилийн наадмыг эргэж дурсвал?

-Өө сайхан наадам болсоон.

-Таны хамгийн анхны амжилт юу вэ?

-Нэгдүгээр ангид байхдаа  бага олимпод орж түрүүлж байсан минь анхны амжилт, урам зориг минь байсан.

-2012 онд аймгийн арслан цол хүртсэн.  Энэ үед юу бодогдож байсан бэ. Магадгүй улсын цолонд хүрнэ гэж бодож байв уу?

-Маш их баяртай байсан.  Мэдээж хүн бүхэн л дараагийн амжилтаа боддог учир,  улсын цолонд хүрэх юмсан гэж бодолгүй яахав.

-Таны цаашдын амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн Монгол түмнээ баярлуулсан уран барилдаан үзүүлж, олон жил нутаг усныхаа нэрийг гаргаж явахыг хүсэе.

-Бөхийн босоо цагаан хиймор үүрд ивээж байх болтугай.