Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг хэвээр аж. Замын цагдаагийн газрынхныг эргүүтсэн төлөгнөөс ядаж л дээр байлгах гэж хичээгээд нэмэр алга.

Хаа хамаагүй зоргоор тавьсан тэмдэг, тэмдэглэгээгээ мөрдүүлэх гэж гэмгүй жолооч нарыг торгож, бүр жолоо барих эрхийг нь хүртэл хасах зөв юм уу, Х.Тэмүүжин сайд аа.

Та өөрөө тэдний тавьсан тэмдэг, тэмдэглэгээ зөв эсэхийг хянаад нэг үзээч. Тэнгэр баганадсан “Үүл”-ний дээр гаргасан шийдвэр “Үүл”- нээс дор буухаараа бодит амьдралаас хол зөрж, бүр байтлаа буруу зөвгүй эрх хасч, журамладаг боллоо.

Монгол Улс 1968 онд л Венийн конвенцид нэгдсэн гэдэг. Буруу ойлгоогүй бол эл нэгдэлд нэгдсэн бүх улс орны замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ, дохио заалт нь нэгдсэн нэг утгыг агуулсан байдаг гээгүй бил үү.

Тэгээд түүнээ 1971 оны Женевийн конвенцоор улам бүр тодотгосон гэсэн шүү дээ. Тэр утгаараа, энэхүү конвенцид нэгдсэн гишүүн орнуудад мөрдөж буй стандартаар бол та бүхний нэгдүгээр эгнээг тусгаарлаад буй шар зураасаар чинь эгнээг тусгаарладаггүй юм байна, Ч.Жаргалсайхан дарга аа. Тэр зураасаар чинь түр болон удаан зогсохыг хориглосон газрын автомашин зогсохыг хориглосон хэсэгт нь замын хашлагаас нэг метр зайд эсвэл хашлага дээгүүр нь түр болон удаан зогсох хориотойг мэдээлдэг юм байна шүү дээ.

Гэтэл нэгдүгээр эгнээг тэр чигт нь тусгаарлачихаад тэрийг давсан жолооч бүрийн эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар хасч дөвчигнөх чинь юу вэ. Түүнээс гадна нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах гэж байгаа юм бол замын эхэнд чинь “Нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан эгнээ” гэсэн тэмдэг байх ёстой юм байна, хотын дарга аа. Энэ нь огтлолцож байгаа уулзвар бүрийн дараа давтагдаж тавигдах юм байна.

Тэгээд тогтохгүй, 1.1 буюу 10 см-ийн өргөнтэй цагаан өнгийн үргэлжилсэн шугамаар тусгаарладаг юм гэнэ шүү дээ. Инээдтэй нь Монгол төрийн хэлээр крилл үсэг байсаар байтал нийтийн тээвэрт зориулсан нэгдүгээр эгнээгээ “Bus” гээд тэмдэглэчих юм. Тэр чинь автобусны “А” үсгээр тэмдэглэгдэх учиртай гэнэ дээ. Гэтэл энэ мэт байх ёстой тэмдэг, тэмдэглэгээгээ хийлгүй, түр болон удаан зогсохыг хориглосон мэдээллийг илэрхийлдэг шар өнгийн үргэлжилсэн болон тасархай шугамаар эгнээгээ тусгаарлачихаад хичнээн олон жолоочийг илтэд хэлмэгд үүлэн шийтгэх гээв.

Та бүгдийн тавьсан худлаа тэмдэг, тэмдэглэгээг засуулахын тулд манай сонины бүтэн жилийн дугаар ч хүрэлцэхг үй бололтой. Учир нь гурван километр ч хүрэхгүй газарт 10 гаруй худлаа тэмдэг байгаа юм байна. Замын цагдаагийн та бүгд ичихгүй бол бид өдөр тутам зааж өгье л дөө. Эсвэл дугаар бүртээ хичээл явуулж байх уу. Хичээлээ яаралтай явуулахгүй бол нэгдүгээрт, та бүгдийн тавьж чадахгүй байгаа тэмдэг, тэмдэглэгээ жолооч нарт буруу мэдээлэл өгч байна. Хоёрдугаарт, буруу тавьсан тэмдэг, тэмдэглэгээнээсээ болж өдөр бүр гэмгүй жолооч нарын эрхийг хасах хүртэл захиргааны арга хэмжээ авч хэлмэгдүүлж байна. Гуравдугаарт зөвхөн нэг тэмдэг хийлгэхийн тулд 100 мянга орчим төгрөг зарцуулдаг гэж байгаа.

Тэгэхээр та нөхдийн тавьсан худлаа тэмдэг, тэмдэглэгээний тоо хэд хүрчихээд байгааг мэдэж байна уу. Адаглаад зөвхөн 1000 тэмдэг хийлгэсэн гэж үзье л дээ. Тэгэхэд л 100 сая төгрөгийг худлаа тэмдэг, тэмдэглэгээ хийлгэхэд зарцуулсан байх юм. Юутай их тоо вэ. Улсын ийм их мөнгө, тийм их хөрөнгийг ийнхүү үр ашиггүй салхинд хийсгэх эрхийг хэн, хаанаас олгоод байна вэ. Саяхан Тээврийн прокуророос хамтарсан шалгалт хийсэн гэж дуулдсан. Энэ олон буруу тэмдэг, тэмдэглэгээний хаагуур нь давхилдаад байсан хэрэг вэ.

Эргүүтсэн төлөг ч өвсөө олоод зулгаачихдаг гэдгийг дахин сануулъя. Хэчнээн шалгалт хийгээд ч олж харахгүй яваа худлаа тэмдэг, тэмдэглэгээний чинь эхний хичээлийг өнөөдөр оръё. Анхааран уншина уу.

Хичээл № 1

Тасганы овооны уулзварт, зүүнээс барууныг чиглэн яваа тээврийн хэрэгслүүдийн өөдөөс харуулан, уулзварын эхэнд “Анхаар, хүүхэд” гэсэн тэмдэг тавьсан байх юм. Юу гээчийн ичгэвтэр хэрэг вэ. Энэ тэмдэг чинь техникийн нөхцөлөөрөө сургууль, хүүхдийн байгууллагын нутаг дэвсгэрээс зам руу хүүхэд гарч ирж болзошгүй хэсэгт тавьдаг тэмдэг бөгөөд давтан тавигддаг ёстой юм байна.

Өөрөөр хэлбэл, “Анхаар, хүүхэд” гэсэн тэмдэгийг сургууль, хүүхдийн байгууллагын замын дагуух хилээс 100 метрийн зайд эхнийхийг, хоёр дахь тэмдэгийг 50 метрийн зайд дороо “Үйлчлэх хүрээ” гэсэн нэмэлт тэмдэгийн хамт тавьдаг аж. Нэмэлт тэмдэг дээр байх хэмжээ нь хүүхдийн байгууллагын нутаг дэвсгэрийн замын дагуух уртын хэмжээг тавьж өгдөг байна.

 


Гэтэл дээрх уулзвар дахь “Анхаар, хүүхэд” гэсэн тэмдэг чинь юу вэ. Эргүүтнэ эргүүтнэ гэхэд үүнээс илүү эргүүтэл гэж байх уу. Орост замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй жолоочийг гранат бариад гүйж яваа сармагчинтай зүйрлэдэг. Тэгвэл тэмдгээ тавьж чадахгүй байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангагч манайхныг юутай зүйрлэвэл зохилтой вэ.

Замын цагдаагийн алба хаагчид юм мэдэхгүй байж болно, гэхдээ албыг ингэж улс түмний доог болгож, өөрөө өөрсдөө энэ сайхан нэртэй төртэй албыг доромжилж болохгүйг хатуу сануулъя.

У.Цайдам