Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулга цэрэг энэ оны 01-р сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач Б.Алтантулга нь  2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан, Орхон аймгийн харьяат, 19 настай байв.

Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул

  • 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр
  • Захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа
  • Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр,
  • Дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж эрүүгийн хариуцлагад татсан юм.

Тэдэнд Эрүүгийн хуулийн  

28.3.1. - Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх

10.6. – Хүний амь санаатай хөнөөх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/021 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 193, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийг гадны нөлөөгүй, зүрхний хурц дутагдалд орсны улмаас нас барсан гэдгийг тогтоосон байдаг.

Хэрэг гардаг өдөр юу болов?

Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч С.О цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, зодож, хүч хэрэглэн, дэд ахлагч Р.Ванчинхангаа бүлэглэн захирагдагч, байлдагч Б.А, Н.Б, Б.Т, С.О, И.Б, Б.Т, Б.С, Ч.Б, Г.Б, Б.Б, Б.О, Ө.Ж, И.Г, К.К, Э.Б, Ч.Б, Ч.Т нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан байна. Энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсан гэсэн үг бөгөөд үүний улмаас улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг хохироосон байна.

Анхан шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолдоо: Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дэд ахлагч Р.Ванчинхангаа  бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн П Б цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

  • Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж А.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар,
  • Дэд ахлагч Р.Ванчинхангаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч Р.Ванчинхангаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар
  • тухайн үед харуулд гарч байсан П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.

Ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр нь энэ хэрэгт гурван өмгөөлөгч авсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэрбээр  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зэвсэгт хүчний 336-р ангийн Танкийн ротын захирагчаар ажиллаж байх хугацаандаа байлдагч С.О утас олсон гэх шалтгаанаар дүрмийн бус харьцаж, 17-н байлдагч нарыг гүйлгэ гэсэн тушаал өгсөндөө харамсаж байна. Уг шийтгэлийг талийгаачийн амь насанд хүрэх зорилгоор өгөөгүй маршийн бэлтгэл болон нэг хамт олон болгох гэсэн үүднээс өгсөн юм. Талийгаач Б.Алтантулгад огт гар хүрээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед хажууд байсан офицер, ахлагч, байлдагч нар бүгд гэрчилж байгаа хэдийч анхан шатны шүүхээр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 28.3 дугаар зүйлээр нийт 5 жилийн хорих ял өгсөн боловч ар гэрт маань эхнэр Ц.Д, 6 настай охин мөн 5 сартай нялх хүүхдүүд маань үлдэж байгаа. Эхнэр Ц.Д нь хүүхдээ асарч ээлжийн амралттай гэртээ байгаа тул миний ар гэр, эхнэр хүүхдүүд маань ямарч санхүүгийн боломж байхгүй үлдэж байгаа юм. Миний аав, ээж хоёр өндөр настай одоогоор Дорнод аймагт амьдардаг миний ээж Төмөр нь миний болчимгүй үйлдлээс болж сэтгэл санаа нь хямарч даралт нь ихсэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Аав, ээж, эхнэр, хүүхэд, төрөл садан, талийгаачийн эмээ, ээж, ах, төрөл садангаас нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагаа илэрхийлж байна. Миний энэ болчимгүй бодлогогүй үйлдлийг минь давж заалдах шатны шүүхээс тэнсэж өгнө үү гэжээ.

Цэргүүдтэй зүй бус харьсан гэх  Дэд ахлагч, ялтан  Р.Ванчинхангаа: давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн ар гэр, ах, эгч нараас нь уучлалт гуйж байна. Надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ял болгож өгөөч гэжээ.

Талийгаач цэрэг Б.Алтантулгын ах Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэрэгт явсан хүнийг зодож болно. Алж болно гэсэн үгийг хэлээд байна. Санаатай бол жил нь нэмэгдэнэ. Санаандгүй гэсэн учраас 5 жилийн ял оноож байгаа байх. Манай дүү өөрөө өөрийгөө хөнөөчихсөн юм шиг зүйл ярьж байна. Хүнд чинь бас хүн чанар гэж байх ёстой. Та нарын үр хүүхэд, гэр бүл, дүү нарт чинь ийм зүйл тохиолдсон бол зүгээр зөв гээд тийм зүйл байх ёстой, нэг цохих байх ёстой юм гэж байна. Тэрнээс чинь болж, өмөөрснөөс чинь болж хүний амь эрсэдчихээд байна... Б.Алтантулгын ар гэрт 5 жилийн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн юм. Үүнийг хохирол гэдэгт хамааруулж ойлгож байх юм. Энэ бол хохирол биш цаанаасаа үүргээ гүйцэтгэх яваад амь нас эрсэдсэн тохиолдолд олгож байгаа мөнгө юм. Одоо та нарынхаар бол хүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас эрсэдсэн тохиолдолд Улсаас нь юм уу, байгууллагаас нь төлчихөөр ямар ч хохирол барагдуулахгүйгээр гарах гээд байх шиг байна... Одоо энэ би энэ хэдэд хатуурхаад яах вэ дээ гэж, та нарын өмнөөс ялыг чинь эдэлчих гээд гүйгээд байгаа аав, ээж, ах, эгч нартаа л баярла. Тэгээд шүүх яаж харж үздэг юм байгаа юм бэ, харж үзээд гардаг юм бол энэ хэдийнхээ төлөө амьдраад дараа нь дахиж тэр хэдийгээ харамсахааргүй л амьдар. Өөр та нараас хүсэх зүйл алга байна. Тэгэхдээ та нар битгий зүгээр гүйж байгаад өөрөө амиа алдчихсан юм шиг юм битгий яриарай. Би шарх сорвийг нь бүгдийг нь харсан...”

Энэ бол талуудын шүүх хуралд оролцохдоо өгсөн тайлбар. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг 2019-12-03-ны өдөр хэлэлцээд А.Энхбаяр, Р.Ванчинхангаа нарыг “хүний амь насыг хохироосон “ гэснийг  “ хүний амь насыг болгоомжгүй хохироосон ” гэж өөрчилсөн байна. Улмаар А.Энхбаярт оногдуулсан таван жилийг гурван жил  болгож, Р.Ванчинхангаад оногдуулсан таван жилийг зургаан сар болгож тус тус хөнгөрүүлсэн байна.