Аарц тээвэрлэж явсан жолоочоос гарал үүслийн бичиг шаардаж буй бичлэг цахим орчинд тараад байв.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал албан ёсны тайлбар хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн үед "Аарцны" гэх бичлэг гарсан. Ингэхдээ аарцны гарал үүслийн бичиг шаардаж, иргэнтэй зохисгүй харьцаж байгаа бичлэг бөгөөд ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнд албан ёсны тайлбар хийе.

Тээврийн цагдаагийн алба болон бусад мэргэжлийн байгууллагууд нийслэл хот руу орж буй төв болон шороон замуудад тогтмол хяналтыг тавьдаг. Үүний нэг жишээ нь Өлзийтийн пост бөгөөд Улаанбаатар хот руу нэвтрэх гэж буй бүх автомашиныг шалгах, ялангуяа гарал үүслийн бичиггүй мах, махан болон бусад зүйлийг шалгаж, мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлдэг. 

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27.7-д зааснаар их, бага хэмжээгээр малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж буй бол гарал үүслийн бичиг авч байх ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу алба хаагч шалгах нь зөв.

Харин цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.1-д зааснаар өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгаж, иргэдтэй соёлтой хүнлэг, хүлээцтэй хандах, маргахгүй байх гэснийг зөрчсөн гэж үзэж, албаны шалгалт явагдаж байгаа" гэв.