Залуу багш, оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд  зохион байгуулагдана.

Оролцох оюутнууд сургууль дээрээ зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд эхний гурван байрт шалгарсан байх бөгөөд одоогийн байдлаар МУИС, ШУТИС, ХИС, ХААИС зэрэг томоохон сургуулиуд дээр эрдэм шинжилгээний бага хурлууд зохион байгуулагджээ. Нийт 10 салбарын хүрээнд явагдах дээрх хурал 4-р сарын 7-ны өдрөөс эхний салбар хуралдааны шалгаруулалт эхлэх юм. Материал хүлээн авах хугацаа энэ сарын 31-ний өдөр дуусах бөгөөд одоогийн байдлаар салбар бүрээс 150 гаруй материалаа ирүүлсэн аж.

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг уг хурал жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж орон нутагт зохион байгуулагдах бөгөөд нэг том тулгамдаж байгаа асуудал нь хөрөнгө мөнгөний асуудал гэдгийг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат твиттерт жиргэсэн байлаа. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг амласан, “Эврика”-д бодит дэмжлэг хэрэгтэй байна гэв.

Өнгөрсөн жилүүдийн “Эврика”-д түрүүлсэн оюутнууд төрийн болон төрийн бус, томоохон компаниудад ажиллах мөн өөрийн хувийн бизнесээ эхлүүлээд явж байгаа бөгөөд дэмжлэг үзүүлсэн газрууд ч дээрх хурлаас гарсан залуучуудыг байгууллагатаа авч ажиллуулж байгааг дуулгалаа.  Хэвлэл мэдээлийн салбарынхан залуучуудын нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж хамтарч ажиллаж байгаа бөгөөд бусад байгууллагад ч мөн чадлаараа туслах байхаа гэж найдаж байна.