Хулгайч л “хулгайчийг бариарай” гэж чанга дуугаар хашгирдаг гэх үг бий. Тэг­вэл Тээвэр хөгжлийн банк­ны 8.66 хувийн хувь­цаа эзэмшигч Д.Энхтайван гэгч ах дүүс, албан тушаа­лаараа сүлбэлдэн “луйвар, хууль бус гэмт үйлдэл” нь илэрч, үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт байж, суух газраа олж ядан төр, хувь, гадаад, дотоодгүй хэн бүхэн рүү “боорлох” болов.

Энэ нь Д.Энхжаргал нар Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны 51 ху­вийг луйвардан өөрсдийн болгохын тулд тус банкны багахан хувь эзэмшигч, Д.Энхтайваныг банкныхаа ТУЗ-ийн дарга болгосон. Тэр нь ч дүрдээ итгэчихсэн, тун жигтэй үйлдлүүд хийх болсон.

Олон улсын жишгээр банкны ТУЗ-ийн дарга банк­ны өдөр тутмын үйл ажил­лагаанд хөндлөнгөөс оролцох байтугай цалин, хангамж ч авах эрхгүй байдаг.

Гэвч Д.Энхтайван “Инф­­раст­ракчур” ком­па­нийн эзэм­шилд байдаг тус банк­ны байр­ны хоёр­ду­гаар дав­­харыг бүхэлд нь эзэм­шиж, ямар ч төлбөр, тү­­рээс төлөх­гүйгээр ажлын өрөө гар­гуулж, өөртөө цалин хан­­гамж олгуулах болсонд түүний ойр тойрныхон нь ч ихээхэн гайхаж, эргэлзэх болсон байна.

Үнэн хэрэгтээ Д.Энх­тайваныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга бус, бага хувьцаа эзэмшигч, жи­­рийн нэгэн болохыг нь хууль хяналтынхан ч аль эрт тог­тоон, шүүхээс түү­нийг нь эцэслэчихсэн.

Тодруулбал хоёр он дамжин гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн тус маргаан 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэгдсэн. Энэ хуралдаанаас “Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 189 дүгээр магадлал буюу Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайваны бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, хойшлогдсон 2009.08.18-ны хурал, хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан 1. 2. 3, 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Гэсэн ч Д.Энхтайван нь өөрийн хүслээ гүйцэлдүүлж В.Армены эзэмшиж байсан банкны 51 хувийг дээрэмдэн авахын тулд хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа дэвслэн, “Оюуны Ундраа” компанийг Транс банкаар дамжуулан “мөнгө угаасан“, бусдыг улсын хилээр оргуулсан мэтээр ээлжит гүтгэлгээ эрээ цээргүй тарааж яваа нь “хуучаа ярих гээд хулгайгаа ярив” гэгч болоод байна.

Учир нь “Оюуны Ундраа” компани хэзээ ч тус банкны үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Оролцох нь бүү хэл, хууль ёсны дагуу 51 хувийн хувьцааг эрх бүхий эзнээс нь нь худалдан авсан хэрнээ өнөөдрийг хүртэл тэрхүү банкны хаалгаар нь ч шагайж үзээгүй. Энэ нь ч баримтаар маргаангүй нотлогддог. Харин “Оюуны Ундраа” компани хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр хүлээцтэй хандаж ирсэн нь Д.Энхтайванд өгөөш болж түүнд Монгол Улс хууль дүрэмгүй мэт аашлах боломж олгожээ.

Гэтэл сүүлийн үед Д.Энхтайван гэгч этгээдийн үйлдэл хэрээс хэтэрч, хууль журмын дагуу ажлаа хийж яваа төрийн албан хаагч, хууль хяналтын байгууллага төдийгүй иргэн аж ахуйн нэгжийн ажил хэрэг, хувийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, онц ноцтой гэмт хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн давшилж байгаа нь ёстой л “ичсэн хүн, хүн ална” гэдгийн үлгэр болж байна.

Хэрэв Транс банк Д.Энхтайваны гэгчийн хэлээд байгаа шиг мөнгө угаасан бол нэгэн цагт Монголбанкийг ах дүүс, албан тушаалаараа эрхшээж байсан, одоо хүртэл Транс банкийг хутган үймүүлж байгаагийнх нь хувьд өөртэй нь болон дүү Д.Энхжаргал нартай сэжим бүрээрээ холбогдох нь гарцаагүй юм. Тодруулбал Д.Энхжаргалын урхинд орж, Монголд хөрөнгөө оруулаад, эцэст нь түүнийгээ дээрэмдүүлэхгүй, амь нас эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд аргагүйн эрхэнд хувьцаагаа зараад явсан В.Армен арга ядахдаа түүнийг цагаан захтай луйварчин хэмээн цоллож байсан удаатай. Д.Энхжаргал гэгч тухайн цаг үеүдэд Монголбанкинд арилжааны банкуудыг хариуцсан дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж, түүний ах Д.Энхтайван нь Транс банкны ТУЗ-ийн дарга, тэдний бэр дүү К.Зейниш нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 51 хувийн хувьцаа эзэмшигчдийн ямарч оролцоогүйгээр зөвхөн тэд л Транс хэмээх жижигхэн банкны үйл ажиллагааг 100 хувь удирдаж ирсэн. Монголбанк ч үүнийг албан ёсоор нотолдог.

Тиймээс тэдний зарлан тунхаглаж байгаа гүтгэлгэ нь зөвхөн өөрсдийнх нь л сайн хийж чадах, хийсээр ирсэн цагаандаа гарсан луйвар юм.

Ингээд өөрсдийгөө удам дамжсан банкирууд хэмээн өргөмжилдөг ч 20 гаруй жил болж буй Транс хэмээх жижиг банкыг салбарын мэргэжилтэн шиг биш юмаа гэхэд хүн шиг ажиллуулаад явчихаж чадаагүй, Монгол улсын банк, санхүүгийн салбарт оролцоогоороо 0.1 хувь ч эзлэхгүй, салбартаа ямарч нөлөөгүй, банк нэртэй лицензээс өөр хөрөнгөгүй болтол нь өөрсдийн гараар идэж, шамшигдуулж дампууруулчихаад хэнэг ч үгүй банкны үйлчлүүлэгчийн эрх ашиг, Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд асуудал тулгараад байна гэх мэтээр өөрийгөө дөвийлгөн хэвлэлийн хурал зарлаж, гадаад дотоодгүй бүгдийг нь гүтгэж, хөөчихөөд өөрөө өндөг шиг өөгүй мэт хуулийн байгууллага, төрийн ордонд ч орилж, бусдыг рекетлэн яваа ах, дүүс Д.Энхтайван, Д.Энхжаргал болон тэдний банктай нь холбоотой өнгөрсөн түүхийн өчүүхэн хэсгийг эргэн нэг сөхөе.

В.Армен, Д.Энхтайван, Д.Энхжаргал нартай хэрхэн холбогдсон бэ?

2006 оны 3 дугаар сарын 31 гэхэд банкны дүрмийн санг доод тал нь 8 тэрбумд хүргэх Монголбанкны тушаал гарсанаар тухайн үед Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Лондонд ажиллаж байсан Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал гэгч хатагтай “өгөөш”-өө хайж эхэлсэн байдаг. Энэ бүхний эцэст баян банкир гэгддэг хөгшин эр В.Арменыг олж, дотно харьцаа эхлүүлсэн түүх нь ч тодорхой байдаг. Улмаар Д.Энхжаргал хатагтай, мань хөгшин эрийг номхотгож, дөнгөснөөр Монголбанкны үүрэгт хугацаа дуусахаас ганцхан хоногийн өмнө Тээвэр хөгжлийн банкинд дөрвөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийн, тус банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компанийг 100 хувь худалдан авч монголд анх хөл тавьсан түүхтэй. Гэсэн ч Д.Энхтайван, Д.Энхжаргал нар В.Арменд банкны хуурамч дүрмээ атгуулж, банкны зээлийн 50-иас дээш хувь нь найдваргүй зээл байсныг тас нуусан байлаа.

Хөрөнгө оруулагч В.Армений эзэмшлийн 51 хувийг үнэгүйдүүлж өөрсдийн болгохын тулд Д.Энхтайван нарын авторласан зохиомол хэргүүд хэрхэн эхлэв

В.Армен бол зөвхөн хөрөнгө оруулагч. Тиймээс Д.Энхтайван нарт итгэж түүнийг банкны ТУЗ-ийн даргаар анх томилсон байдаг. В.Армен банкны үйл ажиллагаанд оролцдоггүй байсан бөгөөд үйл ажилла­гааных нь жилийн төлөвлөгөөг ТУЗ-өөр батлах, дүгнэх гэж жилдээ 2-3 удаа л Монголд ирдэг байсан аж.

Д.Энхтайван нарын санаа анхаасаа л хөрөнгө оруулагчаа луйвардах, тэдний хувьцааг үнэгүй завших байжээ. Тиймдээ ч 2009 онд Д.Энхтайван нар тус банкны хяналтын багц буюу 51 хувийг эзэмшигч В.Арменийг төлөөлөн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожиловоор “Транс” банкнаас барилга засварын ажил хийх нэрээр бэлэн мөнгө гаргуулжээ. Дараа нь мөнгө угаасан болон залилангийн гэх зохиомол хэрэгт унаган, Ганц худагт хийлгэж амжсан бөгөөд 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоор А-24 тоот хууль бус тушаал гаргуулж, гүйцэтгэх захирал А.Е.Новожилов болон Д.Бадрал нарыг ажлаас нь халуулсанаар Д.Энхтайван банкны хяналтыг хууль бусаар гартаа бүрэн авчээ.

Гэвч болсон үйл явдлыг эргэн сөхвөл Транс банкинд хийгдсэн гэх барилгын засварын ажлыг тухайн үед тус банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Энхтайвантай холбоотой компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажлын хөлсийг шууд “бэлнээр” гаргаж өгөхийг банкныхаа гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт тулган шаардсан байдаг. Харин А.Е.Новожилов, ТУЗ-ийн дарга Д.Энхтайваны шаардлагагыг биелүүлж, түүний хэлсэн компанид бэлэн мөнгө гаргаж өгчээ. Ийн тэрбээр Д.Энхтайваны урьдчилан төлөвлөсөн зохиомол хэрэгт унасан бөгөөд А.Е.Новожиловыг “өөрийн эзэн” В.И.Арменыхаа нууц даалгаврыг биелүүлсэн мэтээр гүтгэн дээрх хэрэгтээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшигч В.И.Арменыг мөн л зохиомлоор холбогдуулан, байж болох бүхий л аргаар монголоос шахаж эхэлсэн байна.

Тэрбээр Арменийг “Монгол Улсын хилээр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа” гэх зэргээр гүтгэн, нэгэнт хамтран ажиллах боломжгүй болгожээ. Тэр ч бүү хэл байнгын амьсгалын аппараттай унтдаг В.Арменийг Монголд хилсээр бариулж, шоронд хориулж байгаад хувийг нь авна гэж ч ярьдаг байж. Тиймээс аргагүй байдалд орсон Армен Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компаниа “Оюуны Ундраа” ХХК-д холбогдох хууль журмын дагуу зарчихаад нутаг буцсан байна.

Д.Энхтайван энэ үеэс В.Арменийг Монгол Улсын хилээр оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа мэтээр ээлжит гүтгэлгээ эхлүүлсэн.

Гэсэн ч үүний дараахан өнөөх олон улсад зартай, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх В.И.Армен Монголд ирэн, өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэгт холбоогүй, оргон зайлаагүй, хил гааль дээр хориг тавиагүй, хохирсон болохоос хийсэн хэрэг байхгүй, интерполоор эрэн сурвалжлагдаагүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Д.Энхжаргал, Д.Энхтайван нарыг “Цагаан захтай луйварчин” болохыг нь баримт нотолгоотойгоор дэлгэчихээд буцсан юм.

Д.Энхтайван нар яагаад гэр бүлийн эзэмшлийн 49 хувиа бүгдийг Төрийн өмчийн хорооны газрын дарга, төрийн албан хаагч Ц.Нанзаддоржид бэлэглэх болов

Анхнаасаа л Д.Энхтайван, Д.Энхжаргал нар В.Арменд зохиомол хэрэг үүсгэн Монголоос хөөж явуулчихаад, түүний банкин дахь эзэмшлийн 51 хувийг үнэгүйгээр өөрсдийн болгох зорилготой байсан нь бас нэгэн хөдлөшгүй баримтаар нотлогддог. Д.Энхтайван нар өөрсдийн эзэмшилд байсан 49 хувь буюу 3 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан, тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийн 100 хувийн эзэмшлийн “Хамтдаа чигээрээ” гэх компанид хууль бусаар шилжүүлэх нууц гэрээг хийн, дүрмийн сандаа өөрчлөлт оруулах хүсэлтээ 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Банкны 51 хувийг эзэмшигч В.Армен байсаар байхад тэд өөрсдөдөө нэг хувь ч үлдээхгүйгээр, банкны бүхэл бүтэн 49 хувийг яагаад Ц.Нанзаддоржид бэлэглэсэн нь ч ойлгомжтой байдаг. Тэд В.Арменыг хөөж явуулчихаад түүний хувийг нь дээрэмдэж, үнэгүй авах явуургүй төлөвлөгөөндөө хэт итгэсэндээ ийн Ц.Нанзаддоржид 49 хувиа бэлэглэж, өөрсдөө 51 хувьтай үлдэнэ гэж тооцжээ. Харамсалтай нь хүн алахаас буцахааргүй төлөвлөсөн тэдний уг ажил нь эхнээсээ бүтэлгүйтэж эхэлжээ.

Хамгийн сонирхолтой нь “Хамтдаа чигээрээ ХХК” нь дээрх бэлэглэлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2009 оны долдугаар сарын 23-нд байгуулагдаж, улсын бүртгэлд нэг сая төгрөгийн дүрмийн сантайгаар бүртгэгдсэн. Тиймээс ийн байгуулагдмагцаа Д.Энхтайван нараас Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг бэлгэнд авсан нь ч анхаарал татдаг. Түүгээрээ Д.Энхтайван Ц.Нанзаддорж нарын хооронд асар хээл хахуулийн томоохон асуудал нуугдаж байгааг илчилдэг.

Учир нь 1996 оны сонгуулийн дараа буюу АН анх удаа засгийн эрхэнд гарсан, ах Д.Энхтайван УИХ-ын гишүүн болсон ч сүүлд намаасаа хөөгдсөнөөр ороо бусгаа цагийн, үүлэн чөлөөнд тохиосон түүний улстөрчийн жүжиг хоромхон зуур төгсгөл болсон хэрэг. Түүний дүү Д.Энхжаргал нь Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал болж, эрх мэдэл, албан тушаалдаа бялуурч байх үедээ ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой үгсэн Төрийн өмчийн банкийг өөрсдийн болгон хувиргаж өгсөнийх нь “төлөөс” байжээ.

Түүний төлөөсийг 49 хувиараа барагдуулсан ч В.Армений 51 хувийг үнэгүй эзэмшинэ гэдэгтээ Д.Энхжаргал, Д.Энхтайван нар үнэнхүү итгэсэн тул Ц.Нанзаддортой байгуулах гэрээ хэлэлцээрийг хийх, нэр дээр нь компани байгуулж өгөх, Монголбанкинд хандах зэрэг бүхий л бичиг баримтыг ганц л өдрийн дотор үйлдсэн байна. Ийнхүү Ч.Нанзаддоржид 49 хувиа бэлэглэх үйлдэл нь Новожиловт зохиомол хэрэг үүсгэсний дараа болсон байдаг.

Гэсэн ч тухайн үед Ц.Нанзаддорж төрийн жинхэнэ албан хаагч тул бэлэг авч болохгүй гэх хариуг Монголбанк тэдэнд өгч, дээрх бэлэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Тодруулбал Монголбанк үүнийг нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/207 тоот албан бичгээрээ: Төрийн албаны тухай хуулийн 15.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хэсгийн 9 дэх заалтад “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх...” гэж, 10 дахь заалтад “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон гишүүн байх” гэж тус тус заасны дагуу энэхүү бэлэглэл хууль зөрчиж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Ийн мордохын хазгай гэгчээр анхнаасаа л бусдын хөрөнгийг завших гэсэн Д.Энхтайван нарын Төрийн өмчид хууль бусаар эзэн суусан, “бэлэглэл”-ийнхээ цаана нуусан гэмт үйлдлүүдээ халхлан хаацайлахын тулд бусдыг ор үндэсгүйгээр гүтгэн “Оюуны Ундраа” ХХК-ийн охин компани болох Инфрастракчер ХХК “мөнгө угаасан, бэлэглэл нэрээр хөрөнгө зувчуулсан” мэтээр хаа таарсан газраа хэрээ адил гуаглах болжээ.

Гэвч Д.Энхтайван, Д.Энхжаргал нарын бүлэг этгээдийн бэлэглэл, мөнгө угаасан хэрэг, луйврын гэмт үйлдэл нь үүгээр дуусаагүй учир тэр бүхнийг нь цаашид баримт нотолгоотойгоор дэлгэн тавих болно. Тэдний эдгээр хууль бус үйлдэлд Монголбанк ч оролцсон байдаг тул Монголбанкны удирдлага болон тэдний хамтарсан луйврын хэргийг ч мөн цаашид дэлгэх цаг нэгэнт болжээ.

Үүнийг Хууль хяналтынхан зохих ёсоор шалгаж, үнэн мөнийг тогтооно гэдэгт гүнээ итгэнэм.

Р.Төгс

Эх сурвалж: