“…Ямар ч үнээр хамаагүй” гэдэг нэг ухагдахуун байдаг. Хүссэндээ хүрэхийн тулд юуг ч хийнэ гэсэн үг.Манайх шиг буурай, улс төрийн байнгын тогтворгүй байдалтай улс оронд баттай оршин тогтнодог популистуудын араншин ийм юм л даа. Монгол Улс өнөөдөр популистуудынхаа гарын аяыг даахаа болиод байгаа гэхэд болно.

Учир нь эдгээр попудлистуудыг дэлхий нийтэд зөвхөн эрх мэдлийн төлөө аливаа асуудлыг ярьдаг, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөрөг нөлөөтэй хүмүүс гэдгийг тогтоочихсон. Ийм улстөрчид  улс төрийн интитуцийн гажуудал, хямрал, чадавхгүй байдлын үр дүнд нэмж төрсөөр байдаг гэдэг.

 

 

Монголд яг л энэ жаягаар явж байна. Тэр ч бүү хэл, ийм улстөрчид нь сүрэглэчихсэн. Поп таван гишүүн ч гэх шиг хамтлаг аятай нэртэй болчихсон хэдэн гишүүн энэ УИХ-д байж л байна. Дээрх онолоор Монголд болохгүй байгаа бүх сэдвийг, бусдын зовлонг барьж авч шоуддаг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын таван нөхөр байдаг юм.

 

 

Тэд гурван жил гаруй Монгол төрийг нооллоо. Хүссэн албан тушаалууддаа ч очлоо.

Тэдний нэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэж нэг романтик нөхөр одоо засаг төрийг оролцуулсан үлгэр зохиогоод болохоо болилоо. Энэ этгээд хоёр жил гаруй “поп”-доод хэдхэн сарын өмнө дээрх албан тушаалд очсон. Яг нарийн тооцвол УИХ-ын гишүүн болоод 3.6 жил, ЗГХЭГ-ын даргаар ажиллаад 11 сар болж байгаа юм.

Тэгтэл өнөөдөр Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан гэчихсэн зурагтаар яриад сууж байх юм. Бүр Үндэсний телевизээр шүү.

Тэр хөтөлбөрөө өөрөө ойлгож байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ярихгүй сэдэв алга. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр нь судалгаа, тоо баримт ч харагдсангүй. Зүгээр л төсөөлөл. Судалгаа энэ тэр байхгүй. Дээхнийн хүүхдийн зуслан дээр үдэш нь цуглаад ярьдаг байсан “болсон явдал” шиг л юм ярих аж.

 

Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд, эсвэл солиороод байгаа шиг Монгол Улсыг 2050 он хүртэл 30 жилийн өмнөөс байтугай гурван жилээр төлөвлөхөд ч хүнд цаг үеийг бид туулж байна. Дээрээс нь дөрвөн жилийн цикльтэй улс төрийн сонгуультай улс 30 жилийг яаж харах нь сонин шүү.  Маш муу юм гэвэл монголчууд жил бүр бондуудын өр гэж хэдэн сая ам.долларын өр төлнө. Тэдгээрийг төлөх гол хэрэгсэл болох зэс, нүүрсний үнэ ямар байхыг хэн мэдээд байгаа юм бэ. Л.Оюун-Эрдэнэ лав мэдэхгүй. Монгол Улсын 30 жилийн төлөвлөгөө гэдэг энэ залууд арай томдох бус уу. Засгийн том албан тушаалд хэдэн сар суухаар мэлмий нь нээгдээд, мэдлэг нь нэмэгдээд, хараа нь алсраад явчихдаггүй л юм бол ийм популизмыг эрүүл ухаантай хүн лав ярихгүй шүү.

Энэ этгээдийн ярьсан өөр бусад зүйлсийг энд дурдаад ч хэрэггүй. Ёстой цаг, цаасны гарз болно.

 

 

Хамгийн марзан нь Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн амралтын өдрүүд болохоор л Эмээлт, Нарантуул захууд, гэрийн хорооллоор гүйчихдэг. Тэнд сэм сэм уулзалт зохион байгуулж, 2050 он хүртэлх хөтөлбөрийг “босгож” авсан байгаа юм. Тэгэхдээ юу ч гэж ярьдаг юм, бүү мэд. Нээлттэй, ил хэлэлцүүлэг нэг ч болоогүйг бүгд мэднэ.

 

 

Ийм л учраас Монголын төр энэ мэтийн романтизм үнэртүүлсэн популист нөхдүүдээс салах ёстой. Хүн хэрэгтэй газраа байх ёстой. Мөрөөддөг газраа очоод романтизмыг хөгжүүлэх хэрэгтэй.

Уг нь романтизм гэдэг чинь урлаг байхгүй юу. XIX зууны эхэнд уран зураг, хөгжимд хүчтэй орж ирсэн. Энэ чиглэл тэр үед Францын хөрөнгөтний хувьсгалаас үүссэн гэдэг юм. Тэр хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуус тайтгарахын тулд энэ урсгалыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байсан гэдэг.

Тэгвэл өнөөдөр яг л энэ хэвээрээ хоёр зуун жилийн дараа Монголын улс төрд ороод ирчихсэн байна. Харамсалтай юм.

Хамгийн гол нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ романтик жаалын сонгууль харсан популизмыг УИХ хэлэлцэж Монгол төрийг баллах вий дээ. Ер нь тэгээд их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Бас иймэрхүү хүнд эрх мэдэл өгөх нь галзуу хүнд илд бариулсантай адил гэдэг билээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин