Монгол эх орныхоо уудам сайхан нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2019 он монголчууд бидний хувьд эхлуүлсэн томоохон ажлуудын үр дүн гарсан, амжилт бүтээлээр арвин, ажил үйлсээр өөдрөг сайхан жил байлаа. Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл, өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж монголчууд бид гурван сая 300 мянгуулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой өсч 70 саяд хүрлээ. Монголчууд бид атар газар эзэмшсэн 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж, тариаланчид маань төмс, улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, “Хүнс экспортлогч орон” болох зорилтоо алхам алхмаар хэрэгжүүлсээр байна.

 

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь болж унаж байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрч, сүүлийн гурван жилд зургаа дахин нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 2016 онд нэг тэрбум америк доллар байсан бол 2019 онд дөрвөн тэрбум америк доллар болж, дөрөв дахин өслөө. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" гэж манай ард түмэн ярьдаг. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 7.5 их наяд төгрөгийн дотоод болон гадаад өр төлбөрийг төлж барагдууллаа.

 

 

Хэдийгээр бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж байгаа хэдий ч ард иргэдийнхээ нийгмийн халамж, цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж ирлээ. Цаашид ч бид бодлогын энэ арга хэмжээг  тууштай авч хэрэгжүүлэх болно. Улс орныхоо эдийн засгийг сэргээж, тогтвортой хөгжлийг хангахад бизнес  эрхлэгчид, хувийн хэвшлийнхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал байр суурь эзэлж байгааг баярын энэ өдөр цохон тэмдэглэхэд таатай байна.

Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил ярьсан Газрын тосны болон гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, автозам, хурдны болон төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2019 онд нефть боловсруулах үйлдвэрийн автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Улаанбаатар хотод шинэ нисэх онгоцны буудал, анхны хурдны зам, Налайхын зам, сонсголонгийн болон яармагийн гүүр, замын цагдаагийн гүүр болон улсын хэмжээний авто замуудыг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

 

Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах томоохон төслийн ажлыг амжилттай эхлүүллээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд 105 сургууль, 166 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулаад байна. Мөн сурагчдын дотуур байр, спорт заал, урлаг соёлын ордон, сургууль цэцэрлэгийн өргөтгөл гээд нийт 338 обьектыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Ирэх жил буюу 2020 онд 85 сургууль, 102 цэцэрлэгийг нэмж ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажлыг хийж байна.

Эдгээр ажлын үр дүнд улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байсан сургууль хоёр ээлжид шилжлээ. Цаашид хүүхэд бүр сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Сүүлийн 20-оод жил ард түмний маань амь нас, эрүүл мэнд, эдийн засагт хохирол учруулж ирсэн нийслэлийн агаарын бохирдлыг төр засаг, ард иргэдийнхээ хамтын хүчээр 40-50 хувиар бууруулж чадлаа. Бид нэг зорилгын төлөө сэтгэл гарган нэгдэж чадвал, хүндрэлтэй олон асуудлыг богино хугацаанд өөрчилж чадна гэсэн бат итгэлтэй боллоо. Ард иргэдийн маань урам зориг ч сэргэж байна.

 

 

Ирэх жил бид энэ амжилтаа улам бататгаж Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг шинээр барьж ашиглалтад оруулна. Үүний үр Дүнд Улаанбаатарын утааг дахин 10-20 хувиар бууруулах болно. Мөн олон жил байгаль дэлхийг сүйтгэж, хүн ардыг бухимдуулсан хууль бус, хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажлыг Засгийн газар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд хууль бус 184 лицензийг цуцалж, хариуцлага алдсан аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж байна. Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэж ажиллах болно.

 

 

Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол сүүлийн хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ амжилттай хэлэлцэн баталсан явдал байлаа. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага, парламентын засаглалыг улам бататгаж, төрийн тогтолцоог бэхжүүлж чадсан хэрэг юм.

 

Манай Улсын ард иргэд ээ,

 

Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсч байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2020 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно оо. Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа “Таван-толгой түлш”-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье

Ирж буй шинэ ондоо иргэн бүр аз жаргал инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Тун удахгүй эх орон маань дэлхийд нэрээ цуурайтуулсан хүчирхэг Монгол Улс болон хөгжинө гэдэгт Улсын Еренхий сайд би бат итгэлтэй байна.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ