Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 20-ны өдөр хойт эцэг нь хоёр настай хүүг шөнөжин зодож улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Уг хэргийн хохирогчид нь арьс, яс нь бэхжиж амжаагүй, хэл, хөлд бүрэн ороогүй хоёр ойтой болон ой гурван сартай хүүхдүүд байлаа.

Дөнгөж л тэнтэр тунтар алхаж мөөмнөөс өөр амттан мэдэхгүй, тоглоомноос өөр сонин сайхантай танилцаж амжаагүй хоёр настай хүү М.С хойт эцгийн харгис зодуур, удаан хугацаанд үргэлжилсэн яргалалыг даалгүй өнгөрөгч бямба гарагийн үүрээр амьсгал хураачихлаа. Талийгаачийн дүү болох нэг ой гурван сартай хүүгийн бие өдгөө тун хүнд  сэхээнд байна. Монгол Улсын бяцхан иргэд хүчирхийлэл, тамлалын дунд хорвоогоос буцчихаад байхад монгол төрийн түшээд шөнө өдөргүй баяр ёслолын арга хэмжээнд уригдан сонгуулийн сурталчилгаа, пиарын ажлаа эхлүүлээд завгүй цэнгэж байна. Ёстой л хундага тавихгүй тулгаж таваг тавихгүй хооллоцгоож байна. Томчуудыг  ийн доргин өндөр зэрэглэлийн тансаг ресторанд халуун вино шимж шилдгийн тавцанд зогсоцгоож байх мөчид бүлтгэр үрс минь амь тэмцэн тарчилж, сэтгэлдээ төсөөлж байгаагүй өвдөлт дунд аврал эрэн уйлцгааж байжээ. Харгис эцгийн хатуу гар дор хашгиран хараал, зүхлийн аль болох нь үл мэдэгдэх агсамнал дунд учрыг нь ойлгохгүй ч ухаант хүний зөнгөөр дагжин чичирч ээрэн уйлцгааж,  дэмий л хөл дээрээ зогсох гэж газар түшин өндийцгөөж байсан даа гэж бодох бүрт амьсгал давчидна. Хайрлах, энэрэхийн өчүүхэн ч сэтгэлгүй эрийн ухаангүй үйлдэл ямар харгис, хэрцгий, балмад байсныг бяцарч няцарсан бяцхан элгээрээ нотлоод хоёрхон настай нялх үр хүний хорвоог орхилоо. Алдхан биед нь хуруу дарам бүтэн газаргүй болтлоо хөхөрсөн байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Ивий халаг гэж.

Хажуугаар нь салхи татуулан зөрөх төдийд л ойчиж мэдэх турьхан үрсийг газартай савж өшигчиж, ийш тийш шидлэн алгадаж, нуруу, гэдэс, нүүр рүү нь балбаж ээрэн уйлах бүрт улам бүр хүч шавхан яргалж байсан Б.Хүлгэн нь дөнгөж 23-хан настай ч хулгай, дээрэм, залилан, хүчингийн хэргээр 2013, 2015, 2017, 2018 онд ял шийтгүүлж өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр үндсэн ялаас зургаан сар 28 хоногийн тэнсэн суллагдсан этгээд аж. Нийт зургаан удаа онц гэмт хэрэг үйлдсэний улмаас шоронд хүмүүжиж байсан тэрбээр хүүхэд байхаасаа л элдэв танхайн хэрэгт орооцолддог байжээ. 

ТӨРИЙН ТҮШЭЭ ЭЭЖҮҮДИЙН НҮД СОХОР, ЧИХ ДҮЛИЙ, СЭТГЭЛ ХАРАНХУЙ БАЙНА

Нялх үрсийн эрх, амьдрах орчны баталгаа, амь насны үнэ цэнийг нэхэх бүрт нүд нь сохор, чих нь дүлий, сэтгэл нь харанхуй мэт авирладаг 13 эмэгтэй гишүүн энэ парламентад сууж байна. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн бүхэнд ил гаран тодорч хулгайлах, хумслах, ах дүү, хамаатан садан, ураг төрлөө улс төрд шургуулах л туйлын хүсэлтэй. Тэд дөрвөн жил парламентад монгол ээжүүдийг төлөөлөн суухдаа хүүхдийн эрх ашиг, амь нас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа руу чиглэсэн нэг ч дорвитой ажил ярьсангүй, санаачлан хэрэгжүүлсэнгүй ээ. Хойт эцгийнхээ гарт онц хэрцгийгээр амиа алдсан хоёр настай хүү, биеийнх нь байдал хүнд ч амьдрахаар тэмцэж буй ой гурван сартай хүүг ер хайхарсангүй. Ус балгасан мэт таг дуугүй. Хот хөдөөгүй живчихээд байгаа архины татварыг нэмье гэж хэн нь ч дуугарсангүй, амаа үдүүлжээ. Хойт эцэгтэй хүүхдүүдээ тоолъё гэж хэн нь ч ярьсангүй. Олон удаагийн давтан үйлдлээр ял эдэлсэн ялтнуудаа сулласан бол эргээд хаана, юу хийж, хэнтэй амьдарч, хэдэн хүүхдийн хажууд ямар байдалтай байгааг нь хянадаг байх тухай бодлогын яам, сайд руу нь хэн нь ч захидал хаягласангүй. Бяцхан иргэн нь амь насаа алдчихаад байхад хэн нь ч эх хүний халуун сэтгэлээр асуудалд хандаж, амьд үлдсэн дүүг нь эргэж очсонгүй. Ой гуравхан сартай бяцхан хүүгийн эрүүл мэнд, ирээдүйд, амьдрах орчинд, эм тарианы төлбөрт хэн ч санаа зовсонгүй. Эхийн сэтгэлгүй 13 ээжийг бид дэмжиж хууль санаачил, бодлого ярь, бидний төлөө дуугар хэмээн сонгочихсон байна. ЖДҮХС, ХЭДС-гаас хулгайлсан бүхнээ сонгуулийн сурталчилгаандаа цацаж, дахин УИХ-ын бүрэн эрхт гишүүн болохоор санаархан сонгуульт ажлаа хэдийн эхлүүлсэн тэд энд тэнд шинэ жилийн арга хэмжээ ивээн тэтгэж, гарын бэлэг нэртэй хөгийн хөгийн өргөл барьц тараагаад тун ч завгүй. Тойргоо услаж сонгогчдодоо таалагдахын тулд тэд инээдэг багаа өмсчихөөд хундагатай ширээний ард гоё гоё дүр бүтээчихсэн зогсоцгоож байна. Олон нийтэд таалагдах элдэв хууль санаачлаад эхэлсний нэг нь НӨАТ-ын арван хувийг буцаах тухай. Үрс чинь элгээ бяцартал зодуулж амиа алдсаар байхад “НӨАТ-ын арван хувийг сонгогчдодоо олгомоор байна” хэмээн попорч тодорч буй тэд ичиг ичиг. Ой дөнгөж л гарч яваа бяцхан үр амандаа гуурстай тарчилж байхад хадгаламжаа хэдэн тэрбумаар нь зузаатгасан төрийн түшээ ээжүүд загас шиг дуугүй байгааг харах юутай гунигтай вэ. 

Ц.НЯМДОРЖ САЙД АА, ШОРОНД ЯЛ ЭДЭЛСЭН ЭРЧҮҮДЭЭ ЭРГЭЭД ХЯНАДАГ БАЙЯ

Хойт эцэгтээ дөнгөлүүлээд бидний дундаас явчихсан хоёрхон настай үрийн үхэл бидэнд Монголын хуулийн орчин шал түүхий байгааг санууллаа. М.С хүү бол өнгөрсөн хугацаанд хойт эцгийнхээ гарт зодуулж нас барсан мянга мянган хүүхдийн төлөөлөл. Бид бяцхан иргэдийнхээ амь насыг золиослон байж хуулийн орчноо сайжруулах ёстой бол өнөөдөр үүнийг хийх ёстой. Юу гэвээс, Хууль зүйн сайд аа, шоронд ял эдлээд гарсан эрчүүдээ хаана, юу хийж байгааг, хэн гэгчтэй хамтан амьдарч нийгэмшиж буйг, хажууд нь хэчнээн насны хэдэн хүүхэд эрсдэлтэй бүлэгт багтчихсан амьдарч байгааг хянадаг байя. Ийм хүмүүсийн арьсан дор чип суулгая. Чипийг нь тухайлсан харъя, дүүрэг, сум, багийнх нь цагдаагийн хэлтэс хянадаг байя. Зүрхнийх нь пульс, дуу хоолойнх нь үелзэл долгион өндөрсөх бүрт цагдаагийн байгууллагад дохио, мэдээ ирдэг болгоё. Техник төхөөрөмж хөгжиж ухаалаг болсоор байгаа энэ нийгэмд зэрлэг, балмад этгээдүүдийн үйлдлийг хянадаг тусгай төхөөрөмж байх л ёстой. Хэрэв ингэж чадвал бяцхан иргэнээ аюулаас бага ч болов хамгаалж урьдчилан сэргийлэх боломжтой болох болов уу хэмээн бодно. Энэ бол эрчүүд нь хэт зэрлэгшиж буй нийгэмд зайлшгүй хэрэгжиж нэвтрэх, зохион бүтээж болох техникийн загвар байх ёстой. Мөн Ц.Нямдорж сайдад хандая. Шоронгоос суллагдаж нийгэмшиж чадахгүй энэ мэт авир ааш нь нэгэнт засрахаа больсон этгээдүүдээ таних тэмдэгтэй болгоё. Яг л малдаа тамга, эм тавьдаг шиг. Энэ мэт арга хэмжээ авахгүй бол зүснийхээ ард балмад авираа нуусан араатан шиг эрчүүд хүүхдүүдээр минь туг тахьсаар байх нь ээ. 
М.С хүүгийн адил хойт эцгийн гарт тарчилж буй хүүхдүүдээ тоолъё. Тэднийгээ тусгаарлая. Магадгүй яг одоо Монгол орны хаа нэгтээ хоёр настай талийгаач хүү шиг зодуур мэдэрч тусламж эрэн ээрэн уйлж буй хүүхэд зуу зуугаараа байхыг үгүйсгэх аргагүй. Бид тэднийгээ алдсаныхаа ард халаглан, гурав хоног ам амандаа яриад мартах бус хууль эрх зүйн орчиндоо ч, бодит амьдрал дээр ч өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Монголын төр бяцхан үрсээ хамгаалахгүй л бол энэ мэт яргачдын гарт элэг, зүрхээ бяц цохиулаад дуусах нь ээ. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин