Өмнөх парламентын дахин сонгогдож амжаагүй гишүүдийн хэд нь өнөөдөр хуулийн байгууллагын үүдийг элээж яваа бол.

 Юу гэх гээд байна вэ гэвэл манай хууль тогтоох байгууллага ямархуу ёс зүйтэй, улсын эрх ашгийг уландаа гишгэсэн хүмүүсээр дүүрчихсэн байсныг бид тэр тооноос харж болно. Түүний нэг жишээ болох УИХ-ын гишүүн асан Д.Дондогтой холбоотой хэрэг дахин дуулиан дагуулж эхэллээ. Нэлээд хэдэн жилийн өмнөөс л УИХ-ын гишүүн Д.Дондог зохион байгуулалттайгаар их хэмжээний мөнгө залилж гэнэ гэх мэдээлэл хэвлэлүүдээр урсаж харин Д.Дондог нь өөрөө “Би гэмгүй хүн, миний буруугүйг мөнгө төгрөг, улстөр орчихгүй л бол шүүх тогтооно” хэмээн ярьсаар ирсэн. Тухайн үед гишүүний бүрэн эрх гээч түүний хувьд бамбай болж байсан бол одоо цаг өөр болжээ.

Түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж эхэллээ. Өмнө нь түүнд хэрэг үүсгэн шалгахад тээг болж байсан гишүүний бүрэн эрх зэрэг үндэслэлүүд нэгэнт байхгүй болсон тул Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газраас өнгөрсөн долдугаар сард түүний хэргийг сэргээн шалгаж улмаар түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, ялын дүгнэлт үйлдэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх болсон байна.

Түүнийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй. Хэргийн материалыг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэг анх 2006 оноос эхлэлтэй. Найман жилийн өмнө гэсэн үг. "Меритон" ХХК барилга барихаар хотын төвд газар хайж л дээ. Тэгээд газар олж өгөөч ээ гэж "Сум бар" ХХК-ийн захирал А.Батбилэг, орлогч С.Батцэнгэл нарт хандсан байна. Тэр хоёр газар олж өгнө хэмээн "Меритон" ХХК-иас урьдчилгаа маягаар 900 мянган ам.доллар авсан гэнэ. Хүний мөнгийг авсан ч газраа олж өгч шийдвэрлэж чадаагүй хэцүүхэн байх үедээ УИХ-ын гишүүний туслах Д.Сайнбаяртай ярилцаж А зэрэглэлийн бүсэд газар олж өгөх арга чарга байна уу гэж асууж л дээ. Д.Сайнбаяр энэ тухай гишүүн Д.Дондогт хэлэхэд "Надад мөнгө яаралтай шаардлагатай байна. Наад газрын асуудлыг чинь жич шийдэж өгч болно. Би ганцхан сонгуулиар ялж гарах хэрэгтэй байна" гэжээ. Ингээд "Меритон" ХХК "Сум бар" ХХК-ийн нөхдүүдээр дамжуулан Д.Дондог гишүүн, түүний туслахтай холбогдсон тул үнэн эсэхийг тодруулахаар УИХ-ын гишүүн Д.Дондог руу утсаар шууд ярьсан байдаг юм. Энэ явдлыг УИХ-ын гишүүн Д.Дондог болохоор түүний туслах байсан Д.Сайнбаяр түүний нэрийг зээлдэж мөнгө төгрөг авсан гэдэг.

"Меритон" ХХК-ийнхан Д.Дондог гишүүнтэй утсаар ярихдаа гар утсаа чанга яригч дээр тавьж байгаад бичлэг хийж хадгалж авч үлдсэн юм билээ. Утсаар тэдний ярилцсан яриагаар бол сонгуулийн ажилд оролцоход надад мөнгө хэрэгтэй байна. Газрын асуудлыг чинь сонгогдсоныхоо дараа шийдвэрлэхэд дөхөмтэй болно. Хотын захиргаатай ярья гэх зэргээр өөр хоорондоо тохироо хийсэн. "Меритон" ХХК-ийнхан үүнд итгэсний дараагаар "Сум бар" ХХК-ийн захирал А.Батбилэг, Д.Сайнбаяр нарын гурван талын гэрээ байгуулж гарын үсэг зурж сая гаруй ам.доллар өгчээ. Энэ мөнгөнөөс 300 мянган ам.доллар мөн 400 сая төгрөгийг Д.Сайнбаяр авч УИХ-ын гишүүн Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан байдаг. Үлдсэн 200 гаруй мянган ам.долларыг А.Батбилэг авч өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдсан юм.

Ямартай ч цагдаа нар энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж дуусаад Прокурорт шилжүүлжээ. Гол нь Дондог нь буруутай Дорж нь буруутай юу нэг их сонин биш. Эндээс юу ажиглагдаж байна вэ гэвэл манай улстөрчид ямар гээчийн ажил хийж гийгүүлж явдаг нь энэ мэт жишээгээр тодхон харагдана.