Хуульч, арбитрч Т.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хөгжил өндөр улсуудад хуулийг батлахаас өмнө нөлөөллийн үнэлгээ тогтоодог, аль нэг салбарт сөрөг нөлөөтэй гэвэл эргэж хардаг жишиг тогтсон гэв үү?

-Тийм жишиг бий. МҮХАҮТ-аас “Өглөөний бизнес цай” гэсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд бид хууль тогтоомжийн үр нөлөөний судалгааний чиглэлээр олон улсын эксперт урьж бизнес уулзалт хийсэн юм. Чарльз Хэнри Монтин гэдэг хүн. Уулзалтын зорилго сая таны асуусан зүйл байсан л даа. Хууль тогтоомжийг гарахаас өмнө төсөл байхад нь үр нөлөөг нь судалдаг. Эдийн засаг, хүний эрх зэрэг олон талаас нь судалж үздэг үр нөлөөний олон улсын аргачлал бий.

-Аргачлал нь улс орон бүрд адилхан байдаг уу?

-Үгүй. Улс бүр өөрийн гэсэн загваруудтай. Эдгээр аргачлалыг хэрэглэж хуулийн үр нөлөөг урьдчилж судалдаг юм. Эдийн засаг талаасаа ямар үр нөлөөтэйг нарийн судална. Компаниудад яаж тусах вэ, бизнесүүдэд ямар нөлөөтэй байх вэ гээд олон талаас нь харна. Эцсийн үр дүнд маш чанартай хууль гардаг.

-Нөлөөллийн үнэлгээг хийхэд олон чиглэлийн эксперт оролцох уу?

-Тэгнэ. Олон талын оролцогчдыг хамруулдаг.

-Хуулийг батлагдахаас нь өмнө ямар үр нөлөө үзүүлэх талаар судалдаг ямар нэгэн зохицуулалт манайд бий юү?

-Манай улсын хувьд Хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. 2015онд батлагдсан юм. Хууль хоол хийхтэй адилхан. Ямар ч хоолыг тохирсон хэмжээний давсаар амтлах гэх мэтээр жорыг нь тааруулдаг даа. Хууль ч ялгаагүй, тодорхой аргачлалаар хийгдэх ёстой. Тэгж байж чанартай, хэрэгжих боломжтой, гарах үр нөлөө нь урьдчилж тооцоологдсон хууль батлагддаг. Бизнесийн хүрээнд гээд ярихад ямар нэгэн татвар нэмж, хасахад эдийн засаг, аж ахуйн нэгжид яаж нөлөөлөх вэ гэдэг маш том асуулт бий. Сөргөөр нөлөөлөх нь үү, эерэгээр тусах нь уу гэдгийг харах ёстой. Ийм шүүлтүүрээр орж байж хэрэгтэй хууль мөн үү, биш үү гэдэг нь харагдана. Хууль тогтоомжийн тухай хуулийг ярьдаг нь учиртай. Бид 2015 онд энэ хуулийг батлахдаа ямар ч байсан эхлэлээ тавьсан. Олон улсын жишигтэй хөл нийлүүлэх гэж үзэж байна. Гэхдээ дөнгөж эхний үе шатандаа яваа.

-Тэгэхээр хуулиа чанартай болгох аргачлалыг ямар ч байсан хэрэглээд эхэлчихжээ дээ?

-Энэ аргачлалыг ашиглаж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аргачлалд суралцаж байна.

-Хуулийн төслүүдэд сая хэлсэн аргачлалуудыг ашиглаж үзсэн үү?

-Ганц хоёр хуулийн төсөлд ашиглаж үзэж байгаа.Манай хууль боловсруулагч, санаачлагчид хууль боловсруулахдаа энэ аргачлалыг хэрэглэж үзсэн ч тийм сайн үр дүнд хүрээгүй гэж салбарын яамныхан ярьж байсан. Энэ чиглэлээр мэргэшсэн, сургалтад хамрагдсан хүн харьцангуй цөөн юм байна. Ийм шалтгаанаар төдийлөн сайн хийж чадахгүй яваа юм билээ. Яг энэ чиглэлээр хүмүүсээ мэргэшүүлээд, холбогдох яамд нь иж бүрэн сайн хийгээд сурчихвал хуулийн чанар, үр нөлөө маш сайжирна.

-MҮХАҮТдээр болсон бизнес уулзалтад олон улсын эксперт юу ярьж байна вэ, ямар туршлагатай, аль улсын иргэн бэ?

-Тэр хүн Дэлхийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Европын холбоо гээд маш олон байгууллагад ажилласан туршлагатай Франц улсын иргэн.Эрх зүйн реформын олон улсын ахлах зөвлөх хүн л дээ. Францын Хууль зүйн яаманд хууль боловсруулах чиглэлээр олон жил ажилласан нарийн мэргэшсэн эксперт. Энэ хүн олон улсын практикийг түлхүү ярьсан. Ямар улс ямархуу моделиор явдгийг сонирхуулсан. Англи Төв Европоос арай өөр, эдийн засгийн үр нөлөөг нь судалсан тал нь илүү гэх мэтээр тодорхой жишээтэйгээр тайлбарласан юм. Ер нь энэ аргачлалыг улс бүр өөрийн онцлогтоо тохируулж хөгжүүлж яваа.

-Таны яриад байгаа үнэлгээг хуулийг батлахын өмнө төсөл байхад нь хийчихээр ямар үр дүн гардаг бол?

-Хийдэл маш их багасдаг. Эдийн засгийн үр ашгийг нь тооцож байж хууль гаргаж байгаа учраас олон эрсдэлээс сэргийлчихэж байна.

-Манайд эсрэгээрээ урьдчилж нөлөөллийг нь судлахгүйгээр хуулиа баталчихдаг, өнөө хууль нь эргээд эдийн засгаа хорлоод яваа гэдэгтээ та санал нийлэх үү?

-Ер нь манайд тэгдэг л дээ. Хуулийг учир дутагдалтай, үр нөлөөг нь судлахгүйгэээр баталчихдаг. Ингэж батлагдсан хуулиас болж бизнесийн, харилцагчдын эрх ашиг хохирдог. Тэдний саналыг сонсож чаддаггүй нь том шалтгаан болдог.

-Эдийн засагт нөлөөлөхөөр хууль батлахдаа бизнесийнхний саналыг сонсдоггүй гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог шүү?

-Санал нэг байна. Таны хэлсэн шиг шүүмжлэл их сонсогддог. Зүй нь олон нийтийн оролцоог хангаж, саналыг нь авч, үр нөлөө нь яаж тусахыг тооцсоны үндсэн дээр хуулиа батлах ёстой. Энэ ажилд Сангийн яам, хөгжлийн агентлаг нь оролцох ёстой юм байна л даа. Түүнээс биш зөвхөн хуульчдын ажил биш.

-Хуулийн үр нөлөөний судалгаа олон нийтэд ил байдаг уу, эсвэл тодорхой хүрээнд судалж дүгнэлтээ гаргаад явчихдаг юм болов уу?

-Үр нөлөөний судалгаа нь олон нийтэд ил байх ёстой. Иргэд түүнийг нь сонирхож “Энэ хууль батлагдвал үр нөлөө нь бидэнд ингэж тусах нь ээ. Бидний өдөр тутмын амьдралд ийм төлбөрүүд нэмэгдэх юм байна” гэх мэт ойлголт, багцаа авдаг. Ингэж харсан иргэд өнөө хуулийн төсөлд дуу хоолойгоо оруулахыг бодно. Энэ мэт харилцан хамтын ажиллагаа хууль боловсруулах процессийн хүрээнд явагдах ёстой. Бизнес уулзалтад оролцсон эксперт энэ хүрээнд зөвлөгөө өгсөн.

-Гол зөвлөгөө нь юу байв?

-“Бизнесийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж хууль боловсруулах ажиллагаанд хүчтэй оролцох шаардлагатай. Энэ бүтэц нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байж болох юм” гэсэн зөвлөгөө өгсөн. Бизнесийн үйл ажиллагаатай холбогдох хууль гаргах гэж байвал уг хуулийн төсөлд урьдчилсан байдлаар үр нөлөөний судалгаа хийх гарц бий. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ эдийн засаг, үр ашиг талаас нь судалж, урьдчилаад хараат бус дүгнэлт гаргадаг, үр нөлөөнийх нь үнэлгээг хийдэг болох шаардлага бий. Тэр дүгнэлт, үнэлгээгээ УИХ-ын гишүүдэд өгч байх ёстой юм байна л даа. Гишүүд өнөө хараат бус дүгнэлтийг нь харж байж хуулийн хэлэлцүүлгээ хийдэг байвал чанартай, сайн хуулиуд гарахад асуудалгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааг бодлогын төвшинд аргачлалынх нь хүрээнд сайжруулах гэх мэт шаардлагууд байгаа.

-Яг ямар улсуудад хуулийн нөлөөллийг батлагдахаас нь өмнө судалж тооцдог юм бол. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд хэр нэвтрүүлсэн байдаг вэ?

-Европын орнууд бүгдээрээ нэвтрүүлчихсэн. Хойд хөрш ч нэвтрүүлсэн. Ер нь хууль боловсруулах үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд асар нарийн процесстойгоор хөгжиж байна. Тэгэхээр зөвхөн хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй улсууд гэж ялгаж харах арга байхгүй. Хөгжиж буй орнууд олноороо хэрэгжүүлж яваа. Батлагдсан хууль маш олон салбарт нөлөөлдөг. Дүнжингарав худалдааны төвд худалдаа хийж суугаа бизнес эрхлэгчээс эхлээд таксинд явдаг жолоочид хүртэл шууд болон шууд бусаар нөлөөлнө. Тэр утгаараа хуулийн үр нөлөө асар их. Түүнийг нь урьдчилж харж тооцоолж, үр нөлөөг нь байгаль орчин, хүний эрх, эдийн засаг талаас нь харж дүгнэлт гаргах нь олон талын ашиг тустай. Жишээ нь, МҮХАҮТ хараат бус дүгнэлт гаргахдаа “Энэ хууль бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй” гэчихвэл тухайн хуулийг эргэж хардаг жишиг тогтох шаардлага үүсчихсэн. Хувийн хэвшлийг хууль тогтоох байгууллагатай холбож өгдөг энэ чухал процесс манайд хэрэгжихгүй гэх үндэс байхгүй. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

-Та бид хоёрын ярьж суугаа асуудал одоогийн байдлаар Хууль зүйн яаман дээр илүү төвлөрч байна уу?

-Тэгж байгаа. Түрүүн хэлсэнчлэн энэ асуудлыг цаашид Сангийн яам, хөгжлийн агентлаг, бизнесийнхний нэгдэл болох МҮХАҮТ илүү бодитой оролцоотой ажиллах шаардлага бий. Ийм бололцоог хангаж өгөх хэрэгтэй.

-Чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоо ч өндөр байх бололтой, тийм үү?

-Яг үнэн. Төрийн бус байгууллагуудын оролцоо их чухал. Бас нэг зүйлийг дахин онцлоход энэ чиглэлээр мэргэших шаардлагатай байна. Нөгөө талаас гаргаж өгөх тоон мэдээлэл нь бодитой байх ёстой. Худлаа мэдээлэл дээр суурилаад, буруу дүгнэлт гаргавал хууль эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлээд явчих эрсдэлтэй.

-Урт нэртэй хууль, 68 хувийн татварын хууль гэх мэт эдийн засагт үзүүлэх нөлөөг нь тооцолгүй баталсан хуулиудаасаа буцах тохиолдол УИХ-д цөөнгүй гардаг. Хууль гарснаар ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг хардаг болчихвол энэ байдал өөрчлөгдөх л юм байна гэж ойлголоо?

-Тэгнэ. Таны хэлдэг үнэн л дээ. Нэг хууль батлаад хагас жилийн дотор буцаагаад өөрчилсөн жишээ бий. Эсвэл ямар нэгэн баярыг далимдуулаад сэмхэн хууль баталдаг жишиг анзаарагддаг. Иргэдэд мэдэгдэхгүйгээр, элдэв эсэргүүцэлтэй нүүр тулахгүйгээр хууль батлах маяг руу орчихсон байна. Ингэж батлагдсан хуулиуд эдийн засагт асар сөрөг үр дагавар авчирдаг. Гарсан сөрөг үр дагаврыг нь нарийн тооцож чаддаггүй асуудал бас бий. Нэгэнт батлагдсаных нь дараа бухимдаж сошиалаар шуугьдаг хандлага ажиглагддаг. Судалгаа хийж үр нөлөөг нь бодитой тодорхойлсон, гаргалгаатай, бодлого нь үндэслэлтэй байвал хэрэгжихэд ч дөхөмтэй, иргэд ч буруугаар ойлгохгүй. Тухайн хуулийг баталсан гишүүд шүүмжлэлд өртөхгүй. Гэх мэтийн олон талын ач холбогдолтой.