“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.

МОНГОЛЫГ СТАНДАРТ БУСААР ХӨГЖҮҮЛЖ ИРЛЭЭ

 

-Миний хийж бүтээсэн, зорьж тэмүүлсэн ажилд маань 2019 онд ямар ахиц дэвшил гарав гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч эргэцүүлэн бодлоо. Ер нь үр бүтээлтэй, амжилттай сайхан жил болж өнгөрсөн байна. Өнгөрсөн цаг хугацаа хүн бүхэнд туршлага, сургамж болж үлддэг. Хамгийн сайхан нь амьдралын асар том ухаарал хайрладаг юм уу даа. 18, 28-тай үеэ бодоход 38, 39 хүрээд ирэхээрээ хүн үзэл санаа төдийгүй үйл хэрэг хүртэл өөрчлөгддөг юм байна. Аливаа асуудлыг өнгөцхөн харж өрмийг нь хамах биш, алсыг харж ултай хандахыг хичээдэг болдог юм байна.

 

 

Миний тухайд улсаа төлөөлөөд гадаад оронд хэдэн жил ажиллалаа. Дипломат албанд ажиллана гэдэг асар их үүрэг хариуцлага, үүнээс гадна нэр төрийн хэрэг. Хувь хүнийхээ тухайд гадаад бодлого тал дээр шинэ мэдлэг мэдээлэл авсан, туршлага суусан, эх орноо хөгжүүлэх гарц хайсан, хөгжлийн шийдлийг эрэлхийлсэн он жилүүд байлаа.

 

 

Монголдоо байхдаа “Аймгууд ингэж хөгжсөөсэй. Залуучуудын сэтгэхүй ийм байгаасай” гэж хардаг байлаа. Харин гадаадад эх орноо төлөөлөөд ажиллахаар маш их атаархал төрдөг юм байна. Хөгжлийн тал дээр шүү.  “Монгол орон минь суугаа орон шиг маань хөгжөөсэй” гэсэн бодол алхам тутамд бодогддог. Тийм ч учраас  “Энэ орноос авах ололт амжилт юу байна, давуу тал нь юу юм, Монголдоо нутагшуулчих, хэрэгжүүлэх боломжтой юу хаана байна” гээд л бүхнийг хөгжлийн хайгуулчин нүдээр хардаг юм билээ. Яагаад миний Монголын улстөрчид аливааг томоор харж болдоггүй юм бэ. Аялал жуулчлалыг тултал нь хөгжүүлэх боломж байна. Ажлын байрыг олноор бий болгох боломж байна. Экспортлогч орон болох боломж ч байна. Яагаад хөгжүүлэх гэж хичээж байгаа бүтээн байгуулалтууд нь цэгцтэй, зөв шийдэлтэй, стандартын шаардлагыг хангасан байж болдоггүй юм бэ. Ийм л олон гарц харсан, өөдрөг бодол өвөрлөж ирсэн дээ. Энэ олон “Яагаад?” гэсэн асуултын хариу, учиг зангилаа нь “Бидэнд, өөрсдөд маань байна. Монголчуудад байна” гэсэн дүгнэлттэй сууж байна.  АНУ, Англи, Япон, Солонгос, хөрш орнуудаас хэн нэгэн ирж биднийг ийм болгоогүй юм. Бид өөрсдөө хотоо төлөвлөдөг, барьдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэн нэгэн гадны бодлогоор баталдаггүй.  Манай иргэдийн сонгосон нийслэлийн удирдлагууд, тэдний томилсон албан тушаалтнууд л ажилладаг шүү дээ.  Улс орны хэмжээнд ч гэсэн асуудал ингэж л явдаг.  Ингээд харахаар манай иргэдийн сонгосон сонголтын л нүүр царай өнөөгийн Монгол Улс юм.  Бид өөрсдөө л эх орноо ийм болгосон. Ийм болгох хүмүүсийг сонгосон. Бидний сонголтын буруу шүү дээ. Уг нь гадны хөгжилтэй орныг хараад “Ийм болох юмсан” гэж бодох биш хөгжих боломж бололцоо байсан. Одоо ч бий.

 

Гэхдээ өнөөдөр бид “Хөгжиж байна” гээд яриад л байгаа. Хөгжил гэж юу юм бэ. Та бод доо. Зөвхөн замын асуудалтайгаа 30 жил боллоо шүү дээ. Зам хөгжсөн үү. Алтан шар зам дээрээ иргэд нь алтан амиа алдсаар л байна. Дайн байлдаантай оронд ч, тахал өвчин гарсан оронд ч нэг өдөр ингэж олноороо амиа алдахгүй байна. Монголд л гамшиг болж, энэ асуудалд дээр дооргүй дөжирчихсөн. Стандартын бус зам их. Гэтэл дэлхийд стандарт гэдэг зүйлийг ягштал барьж байна. Ядаж л интернэт ороод харах хэрэгтэй.  Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэлээд олон жилийн өмнө Америк явж ирээд “Тэнд ёстой стандарт л байдаг юм байна” дуу алдан ярьж байсныг бүгд сонссон байх.  Өнгөрсөн хугацаанд эрх барьсан нөхдүүд гадагшаа яваад бүгд л ингэж ярьж ирдэг. Ирээд хийж хэрэгжүүлсэн юм харамсалтай нь алга. Олон жил төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллалаа. Юу ч нэвтрүүлж чадаагүй. Тэгэхээр ард түмний нэр барьсан хоёр намын хэдэн нөхөд манай хөгжлийг нэг хэсэгтээ л гацаалаа. Ямар төртэй байна улс тийм л байдаг. Стандарт бус нөхдүүд Монголыг стандарт бусаар хөгжүүлж ирсэний гор нь энэ.  Ингэж л дүгнэхээр байна.

 

МАНАЙХ ШИГ ГҮНИЙ ЦЭВЭР УСАА 00-ДОО ТАТДАГ “ТЭНЭГ” БОДЛОГОТОЙ ОРОН БАЙХГҮЙ

 

-Амьдралын шаард­лагаар харийн нутагт хар ажил хийж байсан үе надад бий.  Үйлдвэрлэгч орон ямар байдаг юм бэ гэдгийг Солонгост ажиллаж байхдаа мэдэрсэн. Тэнд яаж ажлын байрыг нэмэгдүүлж байна. Яаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлож гаднаас их хэмжээний валют оруулж ирдэг юм бэ гээд бүгдийг харсан. Харин түүний дараа Хөх хотод консулаар очоод улс орнуудын харилцааны түвшинд туршлага хуримтлуулсан.  Манай урд хөрш Азид ямар байр суурьтай байна, Ази тив дэлхийд ямар онцлогтой хөгжиж байгаа юм.  Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалиа хамгаалах үйлсэд бид оролцож чадаж байна уу.  Өнөөдөр байгаль байхгүй бол дэлхий тэр чигээрээ байхгүй шүү дээ. Гэтэл монголчууд эх дэлхийгээ хайрлаж чадахгүй байна. Уг нь Монголоо хайрлана гэдэг чинь дэлхийгээ хайрлана гэсэн үг.  Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг алт ухаж байгаа нэртэйгээр усны нөөцийг нь үгүй хийгээд байгаа юм. Өнөөдөр манай улс шиг гүний цэвэр усаа 00-доо татдаг, барилга, уул уурхайдаа ашигладаг ийм тэнэг бодлоготой орон байхгүй. Техник технологи хөгжсөн үед энэ бол том тэнэглэл шүү. Өвөрмонгол гэхэд бохир усаа цэвэршүүлж саарал ус болгодог. Энэ саарал усаараа модоо тарьж байна, цэцэрлэгт хүрээлэндээ ашиглаж байна.  Бүүр дараагийн шатны хамгийн муу усаа уул уурхай, барилгадаа ашигладаг.  Гэтэл бид наад зах нь усаа хайрлах гамнах бодлого хэрэгжүүлж чадахгүй байна.  Дэлхий нийтээрээ өнөөдөр үүнийг ярьж байгаа шүү. Цэвэр усны хомсдолтой, гаднаас худалдаж авдаг орнууд ч  байна. Тэгсэн атлаа хөгжлөөрөө дээгүүрт багтаж байгаа нь бий. Тэгэхэд бидэнд бүх зүйл үнэгүй байдаг ч  хайрлаж, гамнаж, хөгжихөө ч мэдэхгүй байна. Ер нь хүн буруу явбал гэрээ нураадаг, төр буруу явбал эх орноо талладаг гэдэг үг л энэ цаг үед яг байгаа оноод байгаа юм.

 

НЭГДҮГЭЭР ЗОРИЛГО НАМ БИШ ЭХ ОРНЫ ЭРХ АШИГ БАЙХ ЁСТОЙ

 

-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан гэдэг нь үнэн. Гэтэл өнөөдөр нийгэмд талцал дэндүү их болчихож. Энэ талцал нь хүнийг “Би”-гээр өвчлүүлж байна.  Яагаад бид гэж ярьж болдоггүй юм.  Манай тогтолцоо бол ардчилсан эрх чөлөөт гээд л бидний жагсаж, тэмцэж байгаад л олж авсан тогтолцоо шүү дээ.  Ийм тогтолцоотой сайхан амьдарч хөгжиж байгаа орнууд олон байна.  Тэд хэзээ ч ингэж гүн гүнзгий талцдаггүй. Тэдний нэгдүгээр зорилго нь эх орон хөгжил дэвшил.  Харин манайхны нэгдүгээр зорилго нам, би болчихсон байна. Гол ялгаа нь энэ. Сонгууль боллоо, маргааш нь зөв зүйтэй шийдвэр гаргаад хөгжлийн төлөө яв гэж хэлмээр байдаг. Даанч манайханд ийм ухамсар алга. “Нам ялсан учраас би сайд, би дарга болно” гээд л өнөө маргаашаа бодож эхэлнэ. “Би” гэх сэтгэхүйн өвчнөөсөө салж чадаагүй байна. “Бид” гэж ард түмнээ, эх орноо томоор харах хэрэгтэй. Тэр цагт монгол хөгжинө.  Сүүлдээ зарим нэг улстөрчийн “Би”-гийн өвчин хүндэрч шизотой болж байна. Энэ нь нийгмийг дэндүү буруу тийш нь залдаг.   Судалгаагаар шизоприн өвчлөл нэлээд өндөр гарсан байна. Тэр нөхдүүд  хяналтаа алдчихсан юм чинь юу ч гэж ярьж мэднэ. Зарим нь ХIII зууны хаан суудалд заларчихсан явж байна. Нэг хэсэг  нь бөө мөргөл, хаан хатан гээд хэтэрхий их шашинлаг, цол хэргэмлэг болж байна. Уг нь бид нийгмийн урсгалаа дагаад энэ сэтгэхүйгээсээ салах ёстой юм. Бид өнөөдөр мэдлэг, оюун ухаан, шинжлэх ухаанд суурилсан, зөв зарчимч  монгол хүн байх хэрэгтэй.

 

НАМУУД ШИВЭГЧИНГҮҮДЭЭР ДҮҮРСЭН

 

-Би өмнө нь АН-ын гишүүн байсан.  100 ямаанд 60 ухна гэдэг шиг Монгол дэндүү олон нам байгаа нь үнэн. Уг нь намууд цус сэлбэж, салбар салбарын зөв хүмүүсийг дэмжээд, тэд намдаа орж ирээд эх орноо гэсэн амбицтай  ажиллаад эхэлбэл боломж бололцоо байна. Ийм хүмүүст хоёр нам хаалгаа нээх ёстой. Гэтэл  сүүлийн үед намууд би-гийн өвчин туссан, дарга нарын цүнх барьсан, долдой нараар дүүрлээ. Хуучин цагийнхаар бол шивэгчингүүд юм даа. Тэр шивэгчингүүд их аюултай, хорчин. Түүхэнд бол эх орноосоо урвасан гол хүмүүс нь байсан.  Гэтэл одоо намууд ийм л шивэгчин туслахууд олонтой болсон. Тэд нам нь эрх бариад эхлэхээр төрийн үйл ажиллагаанд хошуу амаараа оролцдог болсон байна. Наад зах нь аливаа намын лидер эрх мэдэлд хүрэхээрээ багаа зөв хүмүүсээр бүрдүүлж чаддаггүй.  Салбар салбарын мэргэжлийн, зарчимч хүмүүсийг хажуудаа авдаггүй. Уг нь бие биенээ танихгүй байсан ч мэргэжлийн, салбараа мэддэг хүмүүсийг урьж, эрх мэдлийг нь өгөөд үзэх хэрэгтэй. Гэтэл өөрийнхөө тойрон хүрээлсэн шивэгчингүүдэд эрх мэдлийг өгдөг. Тэднийгээ нам гэж хардаг, улс орны хөгжлийн бодлого баригч нар гээд бодчихдог. Тэгж явж байгаад зарим улстөрчид хана мөргөөд уначихаж байна. Гол алдаа нь ердөө л энэ юм.  Ийм гажуудал Монголын улстөрд  байна. Эрдэм мэдлэгтэй, зарчимч залуустаа боломж олгохгүй байна.  Тэд хэзээ ч даргад долигонож  очдоггүй л дээ.  Улс орны капитал болсон ийм хүмүүсээ дарга нар өөрсдөө урьж ажиллуулах хэрэгтэй. Нөгөө талаар эрдэм мэдлэгтэй салбараа мэддэг залуучууд маань ч амбицтай байх нь чухал байна.   Ингэж байж л төр шиг төр, нам шиг нам, улс шиг улс болж хөгжинө.

 

АРД ТҮМЭНД СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА

 

-Энэ хоёр намын босгыг хаасан хөшгийг дэрвэтэл салхи оруулмаар байна. Одоо 2020 онд сонгууль болно. Намуудын аль нь түрүүлж сэтгэнэ тэр нам ялна. Өөрөөр хэлбэл аль нам салбар салбартаа шилдэг нь болж хүлээн зөвшөөрөгдсөн, гэрээ засчихсан, үзэл баримтлалдаа үнэнч хүмүүсийг түлхүү оруулж ирнэ, тэр нам ялна гэсэн үг.   Түүнээс биш дахиад нөгөө цүнх баригч, урвагчид, ЖДҮ-чдээ оруулж ирэх юм бол навс ялагдана. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө цавчина, сэлэмдэнэ гэдгээрээ бол рейтинг өндөр байна. Яагаад гэхээр ард иргэд энэ буруу яваа хүмүүсийг улс төрөөс цавчаад сэлэмдээд явуулаасай гэж хараад байна. Гэтэл хөөж чадсан уу, үгүй. Тэгэхээр тэр мундаг нь өөрөө  өөртөө, нам дотроо  л юм. Ард түмэнд мундаг биш. Тийм л зарчимч шударга юм бол эх орноо хөгжүүлэхгүй яасан юм бэ. Түүнд боломж эрх мэдэл хангалттай байсан. Мөн энэ хоёр нам ард түмэнд үеийн үед сонголтгүй сонгуулийг тулгаж байна. Үнэхээр сонголтгүй, хэрэггүй хүмүүсийн нэр орж ирдэг. Тэгэхээр иргэд яаж сонголтоо хийж байна гэхээр “Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гээд мэддэгээ л дугуйлдаг. Ийм байж болохгүй л дээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн  нэг тойрогт  тэтгэвэрт гарах насан дээрээ байгаа өвгөн, нэг даргын цай зөөдөг туслахтай өрсөлдсөн тохиолдол бий. Энд ямар сонголт байгаа юм бэ. Энэ сонголт уу.   Тэгэхээр одоо намууд зөв хүмүүстэй боломж олгож, ард түмэнд сонголт хийх эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй байна.  Мөнгөөрөө биш үзэл баримтлалаараа өрсөлдмөөр байгаа юм.

 

БИД АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА

 

-Сонгууль ойртохоор ард түмэндээ хайр зарлаад бэлэг тараагаад зарим нь бүүр сугалаа сугалуулчихсан явж байна. Ямар эмгэнэл вэ. Сонгогчдоо сугалаа шиг үзээд, өөрийгөө ч өрөөлийг  ч доромжлоод байгаа байхгүй юу. Энэ асуудлыг бүр мөсөн болиулчих хэрэгтэй.  Түүнчлэн улс төрийг “Би” гэдэг нэг хүн хийчихдэггүй юм. Энэ өөрөө багийн тоглолт. Тэр Чингис хаан гээд өөрийгөө нэрлээд байгаа нөхрийг гаргачих л даа.  Улс орноо байтугай өөрийнхөө гэр орныг нь аятайхан засч чадаагүй, үнэн зөв нь мэдэгдэхгүй нэг нам яриад яваа нөхөр байна. Бас нэг дуучин бий. Энэ бүхэн гажуудал шүү. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Бид багаар ажилладаг, олон хүний үзэл бодлын дунд тулгуурлаж, зөв үзэл санаагаа хийж хэрэгжүүлдэг нийгэмд амьдарч байна. Тухайлбал бид бүхэн үндэсний баяраа хүндлээд үндэсний хувцсаа өмсдөг. Өмсөх цагтаа өмсөнө, тайлах цагтаа тайлна. Энэ бол бидний сонголт, бидний эрх чөлөө. Хүн бүрийг цаг ямагт дээлээ өмс гээд загнаад, зандраад байгаа юм уу, тушаагаад байгаа юм уу. Өөрөө л үргэлж дээлээ өмс л дөө. Монгол гэртээ амьдар л гээд байдаг. Гэрт амьдрах нь амьдраад байшинд амьдрах нь амьдраг л дээ. Энэ бол хувь хүний сонголт. Түүнийхээр бол бид бүгдээрээ Улаанбаатараас гараад ХIII зуундаа очоод эсгий гэртээ амьдраад морио унаад байлдаад л зодолдоод байж байх юм уу. Тулгандаа галаа түлээд, арагаа түшиж төрөөд амьдаръя л даа. Ингэж амьдрах уу.  Тэгэхээр улстөрд байгаа хүмүүс нь ядаж ийм шизотой юм ярьж болохгүй.

 

АЛТ УХСАНААРАА ХӨГЖДӨГ БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ АРАБААС ДЭЭШЭЭ ГАРЧИХСАН

 

-Гадаад бодлого маш их өргөн цар хүрээтэй.  Эв найрамдал, хүмүүнлэг, байгаль экологийн асуудал байна. Энэ бүх зүйл дээр бид гадаад бодлогоор дамжуулан гадны оронтой үзэл бодлоо нэгтгэж, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж байдаг. Гадаадад байгаа дипломатууд энэ бүгдэд гүүр болохоос гадна суугаа орондоо байгаа иргэддээ хүрч ажиллах үүрэг хүлээдэг.  Иргэдийнх нь эрх зөрчигдвөл дипломат аргаар иргэдээ өмгөөлж хамгаалах байр сууринд байдаг.   Харамсалтай нь манай дипломат албаны үйл ажиллагаа маш их доголдолтой байна. Энэ салбарт удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүсээс болж, томилгоо буруу явагдаж ирсэн. Мөн төр засгийн тэргүүнүүд нь гадаадаар аялж зугаалахыг л гадаад харилцаа гэж буруу харж ирсэн. Айлчлал олон хийснээр гадаад бодлого хэмжигддэггүй. Хойд  Солонгосыг хар л даа. Дэлхий нийт тэр чигээрээ л хойд руу анхаарч байна. Удирдагч нь зүгээр улс орондоо сууж байгаад л олон улсын анхаарлыг татаж чадаж байна. Тэгэхээр  тэнд давуу тал байгаа биз.  Манайд ч том давуу тал байна. Хоёр том гүрний  дунд дайн дажин, үймээн самуунгүй, амар жимэр амьдарч байна. Энэ хоёр гүрнийг даваад бидэн рүү терроризмууд орж ирж чадахгүй. Тэгэхэд  АНУ, Европод хүртэл дайн дажинтай л байна. Харин би энэ давуу байдлаа ашиглаад эвтэй найртай байж зүгээр л сайхан хөгжих хэрэгтэй. Харин уул уурхайгаараа тэгж  сайхан хөгжсөн орон дэлхий дээр бараг байхгүй дээ.

Африкийн хар л даа. Тэнд уул уурхай байна. Гэхдээ бусад  таван тивээсээ хамгийн хоцрогдмол байгаа нь үнэн.  Баялагаараа баяжихаар бол аль хэдийнэ хөгжсөн байх. Гэтэл Азид нэг ч уул уурхайгүй атлаа үсрэнгүй хөгжсөн орнууд Япон, Солонгосоос эхлээд олноороо байна. Алт ухснаараа Монгол улс маань хөгждөг бол аль хэдийнээ Арабыг орхиод дээшээ явчихсан. Гэтэл ухаад ухаад сүйдсэн байгаль л үлдэж байна. Уул уурхайг зөв хөгжүүлж, эдийн засгаа чадавхижуулах нь чухал болох нь үнэн хэдий ч зөв ашиглах хэрэгтэй. Норвеги шиг… Үүнийг хажуугаар аялал жуулчлалаа ч хөгжүүлье. Тэр Ордос шиг.

 

 

Чингис хааны хамгийн сүүлд амьсгал хураасан газар энэ юм гээд л.  Амьсгал хураахдаа ингэсэн гэж яриад л Өвөрмонголчууд жилд гурван сая жуулчин авч чадаж байна.  Гэтэл манай аймаг болгонд Чингис хаантай холбоотой түүхэн дурсгалт газрууд нь байдаг шүү дээ. Тэрийг хөгжүүлмээр байна. Бүтээн байгуулалт хэрэгтэй.

 

 

Бурханхалдун дээр очиход олон улсын стандартын дөрвөн урсгалтай зам байх хэрэгтэй. Тийшээ “Жуулчин оч” гээд л байдаг. Гэтэл осол авааргүй стандартын зам нь байдаггүй. Их даацын том машинтай жижиг жийп унасан жуулчид зөрөөд л айж байна. Ийм мэдээлэл аваад л стандартын бус монголын зам дээр амь насаа ч алдаж магадгүй гэж айгаад ирэхгүй байна шүү дээ. Тэгэхээр дэд бүтэц, бүтээн байгуулалт, эргээд эдийн засгийн үр өгөөж чухал манай улсад чухал байгаа юм.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин