I сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ   болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутган АТГ-ынхан өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр баривчлан, шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Бум-Эрдэнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан билээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэсэн гэж үзээд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, торгох ялыг нь хэвээр үлдээсэн юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлалтай, Г.Бум-Эрдэнэ, А.Уянга, А.Баянмөнх, Г.Мөнхбаяр, Ч.Мөнхбат, М.Бат-Эрдэнэ, О.Оюунтунгалаг нарт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч Г.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч М.Бат-Эрдэнэ, О.Оюунтунгалаг, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүх  2020 оны 01-р сарын 08-ны өдөр 09:00 цагт хэлэлцэхээр боллоо.