Улаанбаатарчууд нэг үеэ бодвол утаанаасаа салчих гээд үзэж тарж байна. Гэхдээ хамгийн хүнд ачааг ард иргэд нуруундаа үүрч буйг эрх мэдэлтнүүд анзаарахгүй байна. 

Сайжруулсан түлшийг нийтээрээ хэрэглэнэ хэмээн түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон. Идэр ес эхлээд хэсэгтээ л иргэд яах аа мэдэхгүй гал алдаж зутарлаа. Энэхүү зутрал өнөөдрийг хүртэл арилахгүй байсаар байгаа нь харамсалтай. Шахмал түлшний үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллаж байгаа гэж буй ч борлуулах цэгүүд нь түлшгүй. байгаа юм.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дахь сайжруулсан түлш борлуулах 359 цэгт хийсэн шалгалтаар зарим хэсэгт нь хангамж хүрэлцээгүй байгаа аж. Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүрэгт түлшний хангамж хүрэлцээтэй байжээ. Харин Баянзүрх, Сонгинохайрханд шахмал түлш борлуулах 30-40 цэг нүүрсгүй, өдөртөө дуусдаг 50-60 цэг байгааг тогтоов.

Энэ талаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэд шахмал түлш хэрэглэж сурсан байна. Харин иргэдийн захиалсан түлш хугацаандаа ирдэггүй, өдөртөө дуусдаг, зарим цэгт түлш байдаггүй талаар гомдол ирүүлсэн. Түүнчлэн иргэд шахмал түлшний угаарын хийд хордох дуудлага багассан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн төвд угаарын хийд хордсон найман дуудлага ирсэн. Дуудлага өгсөн иргэдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгсөн. Насанд хүрсэн нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

Түлшний олдоц муугаас айлууд гал алдаж, даарч бээрсэн хүүхдүүд гэртээ өнжиж байна. Хүүхдүүдээ дааруулахгүйн тулд түүхий нүүрсний эрэлд гарч, хууль зөрчиж байгаа юм. Уг нь шахмал түлшний олдцоо нэмэгдүүлээд нэг айлд ноогдох 6 шуудайн тоог нэмвэл асуудал цэгцрэх гээд л буй бололтой.