Түрүүч нь №002(6368) дугаарт

Улсын мөрдөн байцаах газрын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

-Таныг Мөрдөн байцаах газрыг удирдаж байх үед ЦЕГ-ыг Б.Пүрэв генерал толгойлж байсан байх аа. Бас л алдартай генералуудын нэг дээ. Б.Пүрэв генералын ажиллах арга барил ямар байв. Та хоёр гар нийлж ажиллах шаардлага зүй ёсных байсан биз?

-Б.Пүрэв генерал бид хоёр эрх зүйн мэргэжлийн хувьд нэг сургуулийн хоёр төгсөгч. Өндөр бооловсролтой эрдэмтэн хүн. Олон янзын алба хашсан. Засгийн газарт ажиллаж байсан, аймгийн дарга ч хийж явсан. Харин цагдаад бол цаг үеэ олж дарга болсон хүн. НАХЯ тарах үед Монголын цагдаа цаашдаа яах ёстой вэ гэдэг түүхэн цаг үед үнэхээр сэтгэж, бодлоготой ажилласан.

Ер нь их сэргэлэн хүн шүү дээ. Мөрдөн байцаах байгууллага тусдаа байх ёстой юм байна гэдэг асуудлыг би өмнөх дарга нарт тавьж байсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайд өргөн барьсан бичигт Б.Пүрэв генерал гарын үсэг зурсан. Хэрэг бүртгэх байгууллагын нөлөөнд мөрдөн байцаах байгууллага байгаа нь зохисгүй гэдгийг ойлгож, энэ олон газар тархай бутархай байгаа мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэх нь зөв гэсэн байр суурьтай байсан хэрэг.

Мөрдөн байцаах байгууллагын хэлтсийн дарга, түүнээс дээших албан тушаалтныг Б.Пүрэв генерал томилдог байсан. Тэр томилгоонуудад их хариуцлагатай ханддаг. Энэ ажлын онцлогт тохирсон хүнийг томилж ажиллуулах бодлоготой байсан.

 -Б.Пүрэв генералын нэгэн ярилцлагад “Би их азтай хүн, дөрвөн сайхан орлогчтой” гэж дурссан байдаг. Та тэр орлогчдынх нь нэг байх аа?

-Б.Пүрэв генералын үед ЦЕГ-ын дарга дөрвөн орлогчтой байсан. Л.Гаравсүрэн хурандаа нэгдүгээр орлогч нь, Ц.Жамьянсэнгээ, Ч.Амарболд бид гурав бусад орлогч нь байсан. Бид дөрөв аль болохоор ажлаа бие дааж хариуцах бодолтой ажилладаг байсан.

Б.Пүрэв генерал Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрх зүйн зохистой орчин бүрдүүлэх, хэвийн ажиллах боломжоор хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд анхаарч их зүйл амжуулсан. Монголын цагдааг олон улсын жишигт нийцүүлж шинэчилсэн түүхэн удирдагч. Цаг үеэ олж цагдаад томилогдсон сайн дарга.

-Цагдаагийн байгууллагын одоогийн үйл ажиллагаанд та ямар санал, шүүмжтэй явдаг вэ?

-Цагдаа, Онцгой байдлын байгууллага хоёр үүргээ боломжийн гүйцэтгэж байна. Онцгой байдлын байгууллагад хүнд бэрхшээл их тулгарч байна. Сайхан залуус амжилттай давж байна. Олон хүний амь аварч байна. Цас, зуд, гал гээд юм л бол Онцгой байдлынхан явна. Сайхан ч хамт олон байх шиг байна. Цагдаагийн байгууллага ч амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж байгаа. Удирдлагаасаа эхлээд цагдаагийн хамт олон сайхан зүтгэж байна. Гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт ахисан нь онож зохиосон олон ажил, их хөдөлмөрийн үр дүн мөн. Үйлдэгдсэн ноцтой хэргүүд үндсэндээ илэрч байна. Цагдаагийн ажиллах нөхцөл ч дээшилж байгаа.

-Монголын цагдаа, мөрдөнгийн түүхэн дэх “асс” хурандаа нарыг нэрлэ гэвэл таны өмнөх үе, бас таны үеийнхэн бий. Хошууч генерал С.Бүдрагчаа, хурандаа Ц.Жамьянсэнгээ, Д.Базаргүр гээд л. Тэдэнтэй ойр дотно нөхөрлөж явсан сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Намайг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхад генерал С.Бүдрагчаа гуай нэг сэдэв өгч “Би ийм сэдвээр илтгэл тавина, чи бэлтгэ” гэсэн. Ноцолдсоор байгаад уг илтгэлийг хийгээд өглөө. Хэд хоногийн дараа надад илтгэлээ өгөөд “Чи нэг унш даа” гэлээ. Энэ илтгэлээс би их зүйл сурсан даа.

Бас нэг өдөр генерал С.Бүдрагчаа гуай намайг дуудаад “Эрхүүд монгол хүн олон иргэнийг хутга, сүх хэрэглэн дээрэмдсэн хэргүүд гарч. Эдгээр хэргийг үйлдсэн этгээдийг илрүүл” гэсэн үүрэг өгч, томилолтоор явуулав. Би энэ үүргийг долоо хоногийн дотор биелүүлсэн. Ингэж л хүнээ сургадаг сайн удирдагч байсан даа.

-Мөрдөн байцаагчид заяамал, төрмөл байдаг гэлцдэг. Таныхаар тийм хүмүүс хэн, хэн байв?

-Төрмөл авьяастай хүн бол Монгол Улсын гавьяат хуульч С.Дамдин. Гучаад жил зөвхөн мөрдөн байцаах ажил хийсэн хүн. Энэ хүнээс өөрөөс нь ургачихсан юм шиг тийм нандин чанар бүгд байдаг. С.Дамдингийн сэтгэл, хандлага, шийдэл нь зөв. Төрмөл авьяастай ажилтан бол Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн, С.Дамдин нар юм шүү дээ. Мөн ч онцгой доо.

Заяамал гэдэг нь Ё.Бадамдорж. Бас гавьяат хуульч. Мөрдөн байцаагч, Чухал хэргийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр мөрдөн байцаах хариуцлагатай ажилтай хувь заяагаараа холбогдсон нэгэн. Гавьяат хуульч Ё.Бадамдорж ажилдаа зохицож өөрийгөө бүтээж чадсан хүн. Хүнд хандах талаасаа их онцлогтой. Хуульд захирагдаж, бөхөрч чаддаг хүн. Энэ ажлын төлөө заяачихсан хүн нэг л өөр дөө. Түүнийг харж чадах бэлгийн нүд байх ёстой.

-Та Д.Мөрөн хурандааг бас мундаг мөрдөгч байсан гэж боддог хэрэг үү?

-Д.Мөрөн тийм шүү дээ. Төрмөл. Ноцтой хэрэг танилцуулж байхад сонсоод суугаад л байна. Маргааш нь юмуу, нөгөөдөр нь хэрэгтнийг бариад ороод ирнэ. Онцгой шүү. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын дарга болсон. Тэгэхэд жил орчим хамт ажилласан. Долоо хоноод юм танилцуулах гээд ороход өсчихсөн, хараа нь тэлчихсэн, бодол нь цэгцэрчихсэн байдаг сан. Ялангуяа хэрэг илрүүлэхдээ ээ дээ мундаг. Мэдээж манай Ц.Жамьянсэнгээ гэх мэт сайхан мөрдөгчид байсаан. Ц.Жамьянсэнгээ бол гайхалтай сэтгэнэ. Мөн ч олон ноцтой хэрэг илрүүлсэн дээ.

-Тэр хүний гараар дамжаагүй хүн амины хэрэг байдаггүй гэлцдэг. Тийм үү?

-Их олон ноцтой хэрэг илрүүлсэн. Төрмөл ч гэмээр их сонин хүн. Олон жил илрээгүй байсан, ноцтой хүн амины хэргүүд Ц.Жамьянсэнгээгийн гараар дамжаагүй нь бараг байхгүй. Биднээс урд Ц.Жамьянсэнгээ гавьяат хуульч болох байсан. Цагдаад гавьяат үйлс бүтээчихсэн хүн. Их сайхан сэтгэнэ. Жижиг юмнаас том сэжүүрт хүрнэ. Ард түмэн Ц.Жамъянсэнгээг мэддэг байсан даа. Хүү нь Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд шүү дээ. Сайхан хүү бий.

-Хурандаа таныг Улсын мөрдөнд ирэхээс өмнө Хан-Уулын цагдааг хөл дээр нь босгосон гэлцэх юм билээ?

-Би чинь олон байгууллагад ажиллаагүй. Боловсон хүчинд байсан, сургуульд явж ирээд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт төлөөлөгчөөр ажилласан. Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын орлогч даргаар ажилласан даа. Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллахдаа би нутаг дэвсгэрийнхээ иргэд, албан байгууллага, хамт олонд гурван зүйлийг амалсан. Нэгдүгээрт, Нийтийн эзэмшлийн газраар хэвийн бус согтуу хүн явуулахгүй, иргэн та амар тайван, айдасгүй байж болно. Хоёрдугаарт, албан байгууллага маш олонтой, хоёр том нэгдэлтэй байсан үе. Албан байгууллагуудын удирдлагуудад хандаж “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон болоход хамтарч ажиллая. Бид тусална” гэж амласан. Гуравдугаарт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд хүчээ нэгтгэе, таны дэмжлэг бидэнд хэрэгтэй байна гэж ардын нөхөрлөлийн гишүүдээ уриалсан. Энэ гурван амлалтаа биелүүлсэн.

-Тэгээд хойшоо сургуульд явсан. Очсон сургуульдаа Монголоос ганцаараа улаан дипломтой төгсөж, сургуулийн хүндэт самбарт нэрээ мөнхөлсөн түүхийг тань сонсож байсан?

-Бидний сургуульд очдог 1971 онд монгол хэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Л.С.Уткина гэдэг монгол хэлтэй багш сургуулийн дотоод байдлыг танилцуулсан юм. Сургуулийн хичээлийн байрны хоёрдугаар давхарт их гоё цагаан гантиган ханан дээр ухаж сийлээд алтадсан хэдэн хүний нэр харууллаа. “Энэ сургуульд монголчууд сурч эхлээд 28 дахь төсгөлтөө хийсэн. Гэтэл Монголоос нэг ч хүний нэр энэ ханан дээр бичигдээгүй” гэж хэлсэн. Би “Болдоггүй юм байх даа. Ер нь зүтгээд үзье” гэж бодсон. Нойр хоолгүй зүтгэсэн, ханан дээрээ нэрээ үлдээсэн. Дараа нь ДЯЯ-ны Удирдах ажилтан бэлтгэх Академид сурч дахин онц төгссөн. Надад байгаа өмч энэ дээ.

-Та чинь Ховд нутгийн гаралтай байх аа?

-Миний овог бол олхонуд. Өэлүн эхийн овог. Дорнод аймгийн Халхгол хавиар нутаглаж байсан. Дайн дажин гэж нүүдэллэж явсаар Ховдын Дарвид очиж суурьшсан. Манай олхонуд овгийнхон Өүлэн эхээр их бахархана аа. Манайхан их ажилсаг. Зөвхөн Сутайн олхонудаас төр, нийгмийн зүтгэлтэн 10 гаруй, баатар найм, Төрийн соёрхолт гурав, ардын цолтон гурав, шинжлэх ухааны академич тав, шинжлэх ухааны доктор 20, доктор 90 орчим, гавьяат цолтон 52, Олимпийн медальтан, дэлхийн аварга гурав, генерал цолтон хоёр, хурандаа 50 орчим төрөөд байна. Эдний дунд миний удмынхан олон бий.

-Нийгэмд буурахгүй байгаа гэмт хэргийн нөхцөлийг яаж таслан зогсоох вэ. Архидалт, хүчирхийлэл, дээр нь авлигын хэрэг гээд л нэг л хүнд талдаа болоод явчихлаа?

-Нөхцөлийн хувьд гэвэл ядуурал өнөөдөр 28.9 хувьтай. Ядуурлын ирмэг дээр 950 мянган хүн байна. Энэ бол албан ёсны статистик тоо. Айл болгонд эдийн засагтай холбоотой тулгарч байгаа бэрхшээл бий. Энэ бол гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн нэлээд том суурь нөхцөл. Нөгөө талаар ажилгүйдэл их байна. Өрх болгон шахуу ажилгүй хүнтэй. Хэрэгцээ байнга өсөж байна. Ажилтай ч гэсэн авч байгаа хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй. Нэг өрхөд ажил хийж байгаа ганц хүн нэг саяас доош төгрөгийн орлоготой бол амьдрах аргагүй болчихлоо. Цалин хөлс амьдралд хүрэлцэхгүйгээс болж залуучууд хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болж байна. Энэ бол сайн зүйл биш. Нэг зөвлөгөөний үеэр Буянгийн Жаргалсайхан ярина лээ. “Ажил хийх хүнгүй болчихлоо. Цалин аваад л яваад өгнө” гэж. Эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулалтад оролцох хүн ховордвол байдал хүндэрнэ.

Дээр нь инфляци. Улаанбаатарт 10 хувь, орон нутагт найман хувьтай байгаа. Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй, хэрэглээ бараа үйлчилгээний зардал 7.6 хувь болж нэмэгдсэн. Хүмүүсийн амьдралд хүндээр тусч байна. Тэтгэвэрт байгаа бүх иргэн дундаас доош амьдралтай. Бас ханшийн уналт их, согтуурал буурахгүй байна.

-Үнэхээр энэ бүхэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байна. Сүүлийн үед хар тамхины аюул ч нөмөрлөө. Урлагийн залуус хар тамхи хэрэглээд шил дараалан баригддаг болж. Таны үед хар тамхины хэрэг ямар байсан бэ?

-Дээр үед хар тамхины асуудал орон нутгийн цөөхөн хятад иргэний хүрээнд байсан. Хэрэглэдэг хүн цөөнтэй. Тэд нь цагдаагийн хатуу хяналтад байдаг. Сүүлийн үед задарсан. Юун зөөгч орон байтугай, хэрэглэгч болж үндэснийхээ баярыг хар тамхитай хийдэг боллоо. Урлагаа хар тамхитай хутгаж байна.

Согтуурал монголчуудын хувьд хэдэн зуун дамжиж байгаа. Их Монголын үед согтуурал их байсан. Манжийн үед согтуурал нэмэгдсэн, социалист Монголын үед архи ууж байсан. Гэхдээ тэмцэл ямар нэг хэмжээгээр байсан. Либерал Монголын үед согтуурал их хэвээрээ. Хоногт 40, 50 гаруй согтуу жолооч журамлагдаж байна. Дээр дооргүй архидаж байна. Энэ бол эмгэнэл.

Дараагийн асуудал бол гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл. Энэ бас их сонин түүхтэй. Их Монголын үед гэр бүлдээ үнэнч, ёс журамтай, эр эмийн үүрэг хариуцлага тод байсан. Манжийн Монголын үед эр эмийн уламжлалт харилцаа алдагдсан, эр эмийн явдал задгай болж бутач хүүхэд олширсон. Социалист Монголын үед төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэх, ёс журамтай байдлыг хэвшүүлэх бодлоготой байсан. Өнөө үед гэр бүлийн тогтвортой, ёс журамтай байдлыг хэвшүүлэх бодлогогүй явна. Гэр бүл судлаач Т.Намжил доктор саяхан нэгэн хурал дээр хэлээдэх нь лээ. “Есөн янзын гэр бүлтэй боллоо” гэж.

Гэр бүлийн хүчирхийллийн гол суурь нь гэр бүлийн эдийн засгийн амьдралтай холбоотой. Олон хүүхэд өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна.

Монгол Улс их олон хуультай. Хуулийн биелэлт хангалтгүйгээс “Хуульгүй амьдарч болно” гэсэн сэтгэлгээ нийгэмд бий болчихлоо. Ийм үед гэмт хэрэг илрүүлнэ, зохицуулна гэдэг хүнд. Энэ бол цагдаагийн ажлын хүндрэл. Дээр нь авлига. Авлига бол үндсэндээ газар авлаа. Баригдвал хохь гээд л аваад байна. Их хатуу, тууштай тэмцэл хэрэгтэй.

-Их сайн судалжээ. Танаас асуухгүй өнгөрч болохгүй нэг сэдэв бий. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн аймшигт аллага, Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөлтийн талаар. Та энэ хэргийн анхны ажлын хэсэг дэх хурандаа нарын нэг байсан бил үү?

-Тийм ээ, би ажиллаж байсан.

-Анхны ажлын хэсэгт хэн, хэн орсон байдаг юм бэ?

-Анхны ажлын хэсэг хэрэг үйлдэгдээд хэд хоносны дараа байгуулагдсан. Аюулаас хамгаалах, цагдаагаас тус бүр 10 гаруй хүнтэй, нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан. Ажлын хэсэг томилоод ажил нь эхэлсний хойно намайг ахал гэсэн шийдвэр гарсан. Би энэ ажлын хэсгийг 10 орчим сар ахалж ажилласан. Манай ажлын хэсэг өдөр шөнөгүй зүтгэж ажилласан. Улс төрийн сэдэлтэй хэрэг байх магадлалтай учир тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсгийг өөрчилсөн.

Би С.Зориг алагдсан хэрэгтэй холбоотой олон удаа ярилцлага өгсөн. Ажлаас чөлөөлөгдөөд удаж байна. Энэ хэрэг дээр ажилласан байдал, гурван иргэнд ял оноосон, тэр нь үндэслэлтэй эсэх талаар надад мэдэх зүйл алга. Иргэнтэй адил мэдээлэлтэй л явна.

-Гэсэн ч нэг зүйл асууя. Одоо ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын зураг та нарын ажиллаж байх үеийн ам зурагтай таардаг уу?

-Ийм гурван хүн энэ аллагыг үйлдсэн байна гээд дүрс харуулахад бидний гаргасан анхны зурагтай төстэй байгаагүй. Тэр үед би Б.Булганы анхны мэдүүлгүүд худлаа байсан юм болов уу гэж бодсон. Энэ аллагын захиалагч нь хэн байв гэдэг бодол төрсөн. Гэтэл захиалагчаа зарлаагүй өдий хүрлээ. Хууль зүйн сайд ч “Захиалагчаа зарла” гэдэг асуудал тавьсан. Олон нийтийн хүлээлт ч тийм байна.

-Мэдээж. Одоо энэ хэрэгтэй холбоотой эрүү шүүлтийн хэрэг үргэлжилж байна. ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын хүмүүсийг ял авсан хүмүүст эрүү шүүлт тулгасан байж болзошгүй гэж шалгаж байгаа. Та мөрдөн байцаах байгууллагад олон жил ажилласан, өмнөх үүх түүхийг ч мэдэх хүн. Манай хууль хүчний байгууллагад эрүү шүүлт байдаг уу. Энэ хэргийг та юу гэж харж байна?

-Нэгдүгээрт, үнэхээр эрүү шүүлт байж магадгүй. Гуч, дөчөөд оны үеийн хэрэг шалгах ажиллагаанд эрүү шүүлт зонхилж байсан. Шалгагдаж байгаа хүнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэх асуудал хамгийн гол ажил байсан. Өөрөө хэрэг хүлээж байвал бусад нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэсэн зарчим үйлчилж байсан. Вишинскийн онол гэж тэр л дээ. Түүнээс улбаатай хүч хэрэглэдэг, зоддог, нүддэг, өндөр сандал дээр суулгадаг, өлсгөдөг, зовоодог бүх юм тэр онолтой холбоотой. Одоо ч гарахыг үгүйсгэхгүй. Их л сайн хянаж байхгүй бол. Хоёрт, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар “Гүйцэтгэх ажлын арга хэмжээ байсан юм” гэж ярьдаг. Гүйцэтгэх ажлын арга хэмжээ хүний эрх зөрчих учиргүй. Хориотой. Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг зодож байгаа нь хүний эрх зөрчиж байгаа хэрэг. Ямартаа ч шүүх эхлээд Б.Хурц нарт холбогдох хэргийг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаараад дараагийн асуудал яригдана.

-Энэ хэрэг дээр улстөрчид тоглох сонирхол өндөр байдаг. Д.Батзанзандан гишүүн “Хэрэг хүлээвэл 500 сая төгрөг өгч гадаадад амьдруулна” гэж амласан гэсэн Ц.Амгаланбаатарын захидлын тухай ярьдаг. Энэ бодит байх боломжтой юу?

-Үүнийг шалгах шаардлагатай. Эрүүгийн зарим этгээд худлаа газар заах, “Тэр хэргийг би үйлдсэн" гэх нь цөөнгүй байдаг. Баахан тэнүүлж тэнүүлчихээд “Уучлаарай, худлаа хэлсэн” гэдэг. Тийм зүйл бишгүй дээ л гардаг. Бие биенээ гүтгэнэ. Тэр жил Налайхад дэлгүүр ухаад манаачийг нь алсан хэрэг гарсан. Намайг Хотын цагдаагийн газрын орлогч байх үед. Нэг өдөр гүйцэтгэх ажилтнууд “Дарга аа, энэ нөхөр өөртэй нь ял эдэлж байгаад суллагдсан этгээдтэй хамт үйлдсэн” гээд байна. Хэд хэдэн удаа байцаалаа, шалгамаар юм байна” гэв. Тэр хамт үйлдсэн байж болзошгүй хүн нь Толгойтын Баруун, Зүүн салаа руу байдаг гэлээ. Нэг өдөр ажил тарах дөхүүлээд жолоочтойгоо хамт нөгөө нөхрөө сураглаад явлаа. Үнэхээр Толгойтын Баруун бил үү Зүүнсалаанд амьдардаг юм байна. Гэрт нь орлоо. Саяхан хурим найр хийсэн гээд сайхан гэр босгожээ. Нөгөө залуутай уулзлаа. Ээж, аав нь уйлаад л “Яасан ийсэн энэ юу хийчихэв. Бид хоёр яасан үйлийн лайтай улс вэ” гэж байна. Би “Ноцтой юм байхгүй, тодруулах зүйл байна, гэхдээ энд зохимж муутай. Би аваад явъя битгий санаа зовоорой” гээд нөгөө залууг аваад явлаа. Авч ирээд байцаахаар огт мэдэхгүй гэж байна. Шалгалтаар уг хэргийг үйлдсэн хоригдол хамт ял эдэлж байсан нэгнээ өс санаж гүтгэсэн нь тогтоогдсон. Саатуулсан нөхрөө аваад гэрт нь буцаж очлоо. Ээж, аав, айл саахалтынхныг дагуулаад цуглуулж бодит байдлыг үнэнээр нь хэлээд уучлалт гуйсан.

-Ажлын хэсгийг олон удаа татан буулгаж, дахин байгуулж байсан. Тэр бүрийг янз бүрээр тайлбарладаг. Хэргийг илрүүлэхээс эмээж будлиантуулж байна гэх хардлага ч нийгэмд өрнөдөг байсан. Нэр бүхий хүмүүс ч ингэж мэдэгдэж байсан удаатай?

-Тийм зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг, улс төрийн хэргийг хоёр өөр байгууллага харьяалдаг. Улс төрийн зорилготой бол энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага нь тэр ажлыг хийх ёстой. Зориулсан хүч хэрэгсэл нь тэнд байдаг.

-Хэрэг гараад 20 гаруй жил болчихлоо. Энэ хэрэг илрээсэй гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Ер нь хаана нь манай мөрдөгчид алдчихсан юм бэ. Мэдээж алдаа, гажуудал орсноос л өдий хүртэл илрэхгүй байгаа биз дээ?

-Зарим хэрэг илрэхгүй уддаг тохиолдол байдаг. Ялангуяа зохион байгуулалттай үйлдэгдсэн хэргүүд. Гэхдээ илрэхгүй хэрэг гэж байхгүй. Ажлын хэсгийг сольж бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал байдаг. Энэ хэрэг дээр ажилласан ажлын хэсгийнхэн үйлдсэн этгээдийг илрүүлэхийн төлөө л зүтгэсэн.

-С.Зоригийг хөнөөсөн хэргээр өнгөрсөн бүх хугацаанд улс төрийн шоу хийж ирсэн. Сонгууль дөхөхөөр хэн нэгэн эрх дархтай хүн “Би энэ хэргийг илрүүлнэ” гэдэг. Д.Мөрөн хурандаа УИХ-ын сонгуулиар “Би энэ хэргийг илрүүлнэ” гээд гарч байсан удаатай. Гэвч одоог хүртэл илэрсэнгүй. Олон нийтийн бас нэг бухимддаг өнцөг энэ шүү дээ?

-Д.Мөрөн дарга энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэлтэй яваа хүний нэг. УИХ-ын гишүүн болоод энэ ажлаас хөндийрчихөөр юм хэлэх ч боломжгүй, өөрөөс нь хойших процессыг ч мэдэх аргагүй, адилхан иргэн болчихож байгаа юм. Д.Мөрөн хэрэг гарах үед ЦЕГын даргаар ажиллаж байсан. Удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч илрүүлэх шаардлага тавьж ажилласан.

-Захиалагчаас түрүүлээд гүйцэтгэгчдийг гурван шатны шүүхээр шүүгээд яллачихсан. Уг нь эхлээд захиалагчийг нь олоод дараа нь гүйцэтгэгчид хариуцлага хүлээх процесс явах ёстой биз. Үүнд Монголын ард түмэн маш их төөрөлдөж байна?

-Захиаллагат аллага байжээ гэвэл захиалагч заавал тодорхой болох зүйн хэрэг. Одоо захиалчихсан юм шиг байна, захиалгат аллага юм шиг байна гэсэн маягтай болоод явчихлаа. Үнэхээр захиалгат аллага бол захиалагч ил болж хариуцлага хүлээнэ.

-Уг нь танай ажлын хэсэг энэ хэргийг улс төрийн хэрэг гээд нотолчихсон байна шүү дээ. Нэг ёсондоо захиалагчтай гэсэн үг?

-Энэ хэрэг улс төрийн зорилготой үйлдэгдсэн байх магадлал илүү байдаг юм.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээр шүүчихсэн, буруутгаад ял өгчихсөн. Одоогийн нөхцөл байдлаар энэ хүмүүс эрх чөлөөтэй болж мэдэхээр харагдаад байгаа. Хэрэв тэгвэл Монголын гурван шатны шүүх юу болж таарах вэ. Анхан шат буруу шийдлээ гэхэд түүнийг давж заалдах шат нь, Дээд шүүх нь хянаж байгаа. Тэд бүгд л дуу нэгтэйгээр буруутай гээд яллачихсан. Хэрэг задарвал шүүх засаглалд итгэх арга байна уу?

-Шүүх бол нотлох баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргана. Шалгалтын үед хуулийн дагуу хэрэгт цугласан болон шүүх хурлын явцад бий болж байгаа нотлох баримтууд гэсэн үг. Одоо шүүхийн шийдвэр яаж гарахыг л харах үлдлээ.

-Б.Булган хохирогч уу, яллагдагч уу, гэрч үү?

-Б.Булганыг хохирогчоор байцааж байсан, сэжигтнээр ч шалгасан. Б.Булган оролцоотой юм байна гэж хэлэх нотлох баримт байдаггүй. Б.Булган С.Зоригтой танилцаад сайхан амьдрах юмсан гэсэн чин эрмэлзэлтэй байжээ гэж ойлгогддог. С.Зоригийг ажлаас гэртээ орж ирэнгүүт усанд оруулдаг, хөлийг нь угаагаад амраадаг, хувцсыг нь сайхан угааж индүүддэг, гэртээ хооллох хоолны цэс хүртэл зохиочихсон. Түүнийхээ дагуу хоол бэлтгэдэг байсан. Энэ бүхнээс харахад Б.Булган талийгаачтай үнэхээр сайхан амьдрах юмсан гэсэн сэтгэл байжээ гэх бодол төрдөг.

-Олон нийт үүнийг мэддэггүй шүү дээ. Энэ хэрэг илрэх үү?

-Илэрнэ, илэрнэ.

-Хэзээ...

-Хугацаа хэлэхэд хэцүү. Илэрнэ дээ. Хамгийн гол нь гол хүмүүс нь үхэж үрэгдэхгүй бол илэрнэ.

-Ярилцлага өндөрлөх дөхөж байна. Та “Сутай” дээд сургууль байгуулаад ажиллаж байсан. Одоо сургуулийн ажил хэр явж байна вэ?

-Өөрт хуримтлуулсан мэдлэг чадвар туршлага хандлагыг яаж хэн нэгэнд үлдээх ёстой билээ гэж ажлаа өгөнгүүтээ бодож эхэлсэн. Нутгийн залуутай хамтарч “Сутай” дээд сургуулийг байгуулаад 20 жил сургалтын үйл ажиллагаа явууллаа. Энэ хугацаанд бид тоо, мөнгө хөөцөлдөөгүй. Боломжийн цөөхөн иргэнийг элсүүлээд сургалтаа чанартай явуулах бодлого барьсан. Өнгөрсөн хугацаанд манай сургуулийг 1000 орчим хүн төгссөн байна. Тэдний 80 орчим хувь нь яг мэргэжлээрээ ажиллаж байна. Нягтлан бодогч, бизнесийн удирдлага, эрх зүй гэсэн мэргэжлүүдтэй. Цагдаад гэхэд түрүүч нь цагдаагийн дэд хурандаа болчихсон байна. Шүүгч, өмгөөлөгч, прокурор хэд хэдэн төгсөгч ажиллаж байна. Удирдах ажил эрхэлж байгаа төгсөгч нэлээд байгаа. Мэдлэгийнхээ хагас хугасыг хүүхдүүдэд өгсөн. Энэ хугацаанд манай сургуулиас гурван гавьяат, профессор нэг, дэд профессор хоёр төрсөн. Боловсролын тэргүүний ажилтан, шинжлэх ухааны тэргүүний ажилтан тус бүр нэг, нийслэлийн хүндэт иргэн хоёр болж ажил мэргэжлийн аваргаар 12 багш шалгарсан. Эрдэм шинжилгээний 40 гаруй бүтээл туурвисан, зохиогчийн эрхийн хоёр гэрчилгээтэй болсон.

Цаашид 21 дүгээр зуунд ажиллах дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх чанарыг сайруулах шаардлага өндөр байна. Энэ зуун үнэхээр хувьссан, технологийн шинэчлэл рүү шилжсэн, оюуны чадамж сорьсон бүтээл их шаардаж байна. Бэлтгэсэн боловсон хүчин зөвхөн Монголд бус дэлхийд гарч ажиллах боломж нээгдэж байна. Тиймээс дээд боловсролтой мэргэжилтэнг багшлах боловсон хүчин материаллаг бааз сайтай цөөхөн сургууль төрийн анхаарал төрийн дэмжлэг туслалцаа аваад бэлтгэх ёстой юм байна гэж ойлгоод сургуулийнхаа элсэлтийг энэ жил түр зогсоосон.

Б.ЭНХЗАЯА