Увс, Баян-Өлгий, Ховд аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид олон жил ажилласан мэргэшсэн гэж хэлж болох жолооч нар хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд хандан орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Ховд аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Цаст тээлийн зам” компанийн захирал Д.Баасандорж, хуулийн зөвлөх Д.Баатарбал, жолооч Л.Нямсүрэн, Г.Цэнд-Аюуш, Э.Ганхуяг, Н.Батхишиг, Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Аман авто транс” компанийн захирал Н.Серик, “Аумин” ХХК-ний захирал Д.Дауыржан, Увс аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Боршоо Хүдэн” компанийн захирал Д.Бямбадорж, жолооч Г.Мэндбаяр, Д.Майдар, Б.Давааням нарын 30 гаруй жолооч оролцсон.

Ховд-Улаанбаатарын чиглэлд 10, 13 цаг, Увс-Улаанбаатарын чиглэлд 11,15 цаг, Баян-Өлгий-Улаанбаатарын чиглэлд 13 цагаас өдөр бүхэн “Ач буян”, Ховд тээвэр, “Цэнгэл транс”, “Газрын од”, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компаниуд хот хоорондын нийтийн тээвэрт БНСУ-д үйлдвэрлэгдсэн 45 хүний суудал бүхий зорчигч тээврийн автобусаар үйлчилгээ үзүүлдэг байна. Хүн амын өсөлт, засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан суудал ашиглалтын хувь Ховд 80, Увс 78, Баян-Өлгий 76 хувьтай байна гэсэн Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан судалгаа байна. Тиймээс эдгээр аймгуудын хот хоорондын нийтийн тээврийн цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага бий болсон. Ингэснээр олон жил хот хоорондын тээвэрт явж байгаа туршлагатай жолооч нар нэгдэн орон нутгийн компани байгуулан зорчигч тээврийн салбарт стандартын шаардлага хангасан автобусаар үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах хүсэлтээ дээрх аймгуудын удирдлагуудад хандан гаргаад байгаа юм байна. Гэтэл уг салбарт монополь эрхээ тогтоосон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг “Газрын Од”, “Ач буян” болон орон нутгийн “Цэнгэл транс”, “Түмэнд нээлттэй хязгаарынхан”, “Ховд Тээвэр” гэсэн компаниуд нэмэлт цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт бүхий шинээр байгуулагдсан компаниуд эсэргүүцэн “орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нь аж ахуйн нэгжид ямар ашиг байдаггүй”, “давтамж нэмэгдүүлэх ямар ч шаардлагагүй”, “огт туршлагагүй шинэ компани” гэсэн гүтгэлгийн мэдээллийг олон нийтэд түгээсэн хэмээн жолооч нар онцолж байлаа. Тиймээс олон жил ажилласан, туршлагатай орон нутгийн жолооч нарт боломж олгох, орон нутагт ажлын байр бий болгохоор Ховд аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Цаст тээлийн зам”, Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Аман авто транс”, “Аумин” компани, Увс аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Боршоо Хүдэн” компаниуд нэгдээд байгаа бөгөөд нийтдээ 54 жолоочийн эрх ашиг, ажлын байр, гэр бүлийн асуудал яригдаж байгаа тул Улаанбаатар хотод зорьж ирэн сэтгүүлчидтэй уулзаж байгаа юм гэж байлаа. Хуралд оролцсон жолооч нар “Бид боломжгүй зүйлийг шахаж шаардаагүй, өнөөдрийн байдлаар өдөр бүхэн Ховд-Улаанбаатарын чиглэлд үндсэн хоёр, Увс-Улаанбаатарын чиглэлд үндсэн хоёр, Баян-Өлгий-Улаанбаатарын чиглэлд үндсэн нэг автобус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Энэ нь зорчигчдын хувьд хангалтгүй байгаа тул нэмэлтээр цаг оруулж өгөх хүсэлтийг орон нутгийнхаа удирдлагуудад тавьсан байна. Орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг судалж үзээд илүү цаг буюу нэмэлтээр аймаг тус бүрд гарч байгаа тэр цагийг орон нутгийн жолооч нарт өгөх боломжтой гэж үзэн дэмжсэн байна. Гэтэл одоо явж байгаа хуучин компаниуд шахалт үзүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Шинээр тээвэрлэлт хийх гэж байгаа дээрх компаниуд нь бүгд орон нутагтаа бүртгэлтэй, татвараа төлдөг, жолооч нар нь орон нутагтаа амьдардаг тул Аймаг орон нутгийн зүгээс байнгын ажлын нэмэгдүүлэх, орон нутгийн зорчигчдод цагийн сонголт нэмэгдэх, орон нутагт татвар, нийгмийн даатгалаа төлөх зэрэг олон ач талын холбогдолтой гэж үзэж байгаагаа жолооч нар хэлж байв.