Бид ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш долоон удаагийн сонгууль явуулжээ. Товчхондоо, УИХ-ын, нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг долоон удаа зохион байгуулсан гэсэн үг.

Ингэхдээ сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилж ирсэн муу жишиг тогтоожээ. Манайхаас өөр хуулиа дуртай үедээ ингэж өөрчилдөг улс орон байхгүй гэвэл үнэнээс хэт хол зөрөхгүй биз. Эрх баригч нам өөрсдөдөө ашигтай байдлаар боловсруулсан төслөө хүчээр тулгадаг нөхцөл байдал дундаас бид сайн, муу олон туршлага хуримтлуулжээ. Энэ удаа ч өмнө нь явж ирсэн жишгээс гажсангүй. Шинэ оны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулиа хууль тогтоох байгууллага өөрчлөөдөхлөө. Одоо тойрог зурах том ажилд тэд ханцуй шамлан ороод буй.  


Үе үеийн сонгууль явуулах хуулийг боловсруулахдаа Монголын ард түмэнд аль нь ашигтай вэ гэдгээр бус, тухайн үед эрх барьж буй нам дахин яаж сонгогдох вэ гэдэгт анхаарал хандуулснаас өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг уруудаж, тойргийн сэтгэлгээнд дулдуйдан хөрөнгө оруулалт хуваарилах явцуу байдал бий болжээ. Үр дүнд нь монголчуудын өмнө тулгамдаж буй ажилгүйдэл, ядуурал арилсангүй, хүрээгээ тэлсээр байна. 
Нийгмийн амьдрал ийм байхад хууль тогтоох байгууллага өөрсдөө дахин сонгогдох хуулиа чамбайруулна, засна, шинээр боловсруулна, тусад нь салгана гэх улиг болсон өнөөх л асуудлуудаа сонгуулийн жил ойртох тусам ярьсаар, хэлсээр энэ цаг үетэй золгов. Одоо хууль тогтоох байгууллагад хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой хоёр хуулийн төсөл бий. Тодруулбал, өмнө нь УИХ-ын сонгууль, мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулсан байв. Харин 2015 онд эрх барьж байсан Ардчилсан нам бүх сонгуулийг нэг хуулиар явуулдаг болгосныг одоо дахин гурав салгаж байна. Нэг хуулиар гурван өөр сонгуулийг явуулах ямар ч боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд бодит амьдрал дээр батлагдсан гэх тайлбарыг эрх баригчид хэлж буй юм.
Энэ талаар уг хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан УИХ-ын сонгууль,  Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай. Ялангуяа сонгууль зохион байгуулах бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж байгаа. Үүнээс үүдэж Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэр дэвшигчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болж байна” гэлээ.

ДАЛД СУРТАЛЧИЛГАА ХИЙХГҮЙ

Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг намрын чуулган завсарлахаас өмнө батлах аж. 
Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо ойлгомжтой байдаг. Тодруулбал, улс нэг тойрог байна гэсэн маш тодорхой тогтолцоогоор явуулна. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим хязгаарлалт хийж өгчээ. Ялангуяа, мөнгөний оролцоо, сонгох, сонгогдох эрхэд халдах хөндлөнгийн нөлөөллийг багасгах чиглэлд төсөл боловсруулагчид ихээхэн анхаарч байгаа аж. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар “Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалж, сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэдэг учраас энэ удаад өмнөх сонгуулиар гарч байсан алдаа, оноог нэгтгэж дүгнэсэн хууль гаргана” гэв.
Сонгууль болохоос зургаан сарын өмнө сурталчилгааг хязгаарладаг. Соёл, урлаг болон янз бүрийн төлбөрт үйлчилгээ, төрийн бус байгууллагаар дамжуулж сонгуулийн далд сурталчилгаа хийхийг хориглохоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Ялангуяа, нийгмийг турхирсан, буруу мэдээлэл өгч түүндээ түшиглэсэн популизм хийх, мөнгө амлахыг хязгаарлахаар төсөл боловсруулагчид ажиллаж байгаа аж.
Мөн парламентад суудалтай улс төрийн хүчин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байхаар хуульчлах юм байна. Үүний зэрэгцээ төсөлд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудын чиг үүрэг, түүнд холбогдон гарах зардал, зохион байгуулалтыг нарийвчлан тусгажээ. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, эсэх асуудлыг харьяалан шийдвэрлэх байгууллага, гомдол маргаан хянан шийдэх журмыг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулах аж. 

“ЦАРЦАА”-НЫ АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн  ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж буй. 
Нэр дэвшигч аймаг, сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа мөртлөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэмжээний амлалт өгч, иргэдийг хуурч, мэхэлж гарч ирдэг тохиолдол бишгүй. Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудал аль ч шатны сонгуулийн үед гардаг. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Тухайн тойрогт байгаа сонгуульд санал өгөх насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийж, 2000, 3000 “царцаа” нүүж байсан тохиолдол бий. Энэ шилжилт хөдөлгөөнүүдийг цэгцэлж байгаа. Зөвхөн албан томилолт болон эрүүл мэндийн шалтгаанаар шилжилт хөдөлгөөнийг хийх байдлаар шийдэж байна” гэсэн юм.

Төсөлд:

-Дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор,  нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор товлон зарлах

-Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 байхаар тогтоох,

-Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх,

-Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх,

-Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх,

-Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь нийтэд ил тод, нээлттэй, мэдээлэл авах боломжтой байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн дээрх хуулиудад нэргүй хаягнаас хуурамч мэдээлэл тараах, хүн гүтгэх зэргийг хязгаарлах, хянах асуудлыг тусгаж өгөх аж. Харин сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс өөрсдийн албан ёсны нүүр хуудастай байх, түүгээрээ мэдээллээ түгээх шаардлагыг тавьж байгаа юм. 
Сонгуулийн хуулиудыг яаж ч өөрчилж болно. Ард түмэн сонгуульд саналаа өгснөөр төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан барих эрхээ эдэлж, шийдвэр гаргах процесст оролцож байна гэж боддог. Гэтэл энэ зарчим өнгөрсөн 28 жилд хангагдаж чадсангүй. Тэгэхээр ийм зарчим хангагддаг, дөрвөн жил төр барилцах эрхээ баталгаажуулж, хараар дүүргэж будсан нь талаар болохгүй байх итгэл үнэмшлийг улстөрчид сонгогчдод өгдөг, бодитоор харуулдаг л болмоор байна.